2010.01.18

Нийслэлдээ арьс шир боловсруулах үйлдвэртэй улс манайхаас өөр байхгүй

УИХ-ын ээлжит нэгдсэн чуулганы өнгөрөгч баасан гаригийн хуралдаанаар Д.Дондог гишүүний "Туул гол болон бусад гол усны бохирдол, экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа асуудлаар авч буй арга хэмжээ, түүний үр дүн, цаашид хийх ажил"-ын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тавьсан асуулгын хариуг сонсов.

Түүнчлэн салбарын сайд Л.Гансүх УИХ-ын гишүүн Д.Энхбатын "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар" тавьсан асуулгад хариулт өгсөн юм.

Хуралдааны эхэнд Л.Гансүх сайд Туул голын усны бохирдлын одоогийн төлөв байдлыг Байгаль орчны шинжилгээний төв лабораторийн шинжилгээний дүнд үндэслэн гаргасан дүгнэлтийн талаар танилцуулав. Мөн Туул гол болон бусад гол, усны бохирдлыг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хангахаар хийж буй ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гишүүдэд дуулгалаа.

Туул голын чанарын олон жилийн судалгааны дүнгээс үзэхэд, усны төвшин Сонгиноос доош ч Тавантолгойн гүүр, Хаданхясаа, Алтан булаг орчмоор "маш бохир" ангилалд хамрагдаж буй нь тогтоогджээ. Мөн 2004 онд энэ төрлийн ангилалд багтах цэг хоёроор нэмэгдэж Алтанбулаг сум хүртэл "маш бохир"-т хамрагдан голын усны бохирдол эрс ихэссэн нь мэдэгдэж байна. Тэр ч бүү хэл, эрдэс азот, эрдэс фосфор болон органик бодисоор бохирдон тэдгээрийн жилийн дундаж агууламж нь усны чанарын стандартаас 3-30 дахин давах болсон. Түүнчлэн Улаанбаатар хотоос 130 километрт орших Лүнгийн гүүрний орчим өмнө нь бага бохирдолтойд ангилагддаг байсан бол 2007 онд хийсэн судалгаагаар IV зэрэг буюу "бохирдолтой" гэж гарчээ.

Харин Нийслэлд арьс, шир боловсруулах үйл ажиллагаа явуулдаг 26 аж ахуйн нэгж байдаг аж. Энэ үйлдвэрүүд жилд дунджаар 8-10 мянган метр куб химийн хортой бохир ус ялгаруулдаг боловч манай улсад үүнийг гүйцэд цэвэрлэх үйлдвэр байдаггүй байна.

Энэ өдрийн хуралдааны гол агуулга нь сүүлийн жилүүдэд Туулын ус ихээр бохирдож буйтай холбогдуулан холбогдох яамнаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар салбар хариуцсан  сайд  мэдээлэл хийсэн явдал юм.

Үүнд:
-Туул-Сонгины цогцолборыг ойрын хугацаанд барьж ашиглалтад оруулснаар Төв цэвэрлэх байгууламжаас зайлуулах усыг уг цогцолборт бүрэн цэвэршүүлж хотын ногоон байгууламжийн усалгаанд ашиглах, үйлдвэр-ахуйн хэрэглээнд эргэлтийн ус ашиглах,
-Газрын доорхи усны хяналт-шинжилгээний улсын сүлжээг шинээр байгуулах,
-Томоохон хот суурингийн цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж, солих, өргөтгөл шинэчлэлтийг хийх, сэргээн засварлах,
-Нийслэлийн ЗДТГ-тай хамтран арьс ширний үйлдвэрүүдийн бохир ус цэвэрлэх "Харгиа" ХК-ны цэвэрлэх байгууламжийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж тус цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийх зэрэг асуудлыг тус тус шийдвэрлэх ажээ.

Асуулгатай холбогдуулан С.Бямбацогт, Д.Энхбат, Д.Бал-дан-Очир нарын гишүүд усны бодлогын асуудал олон газарт харьяалагдаж байна. Газрын гадаргын болон гүний усны судалгаа, менежментийг нэг газарт төвлөрүүлэх хэрэгтэй. Хотын төлөвлөлт энэ чигээрээ явсан тохиолдолд туул голын бохирдол байсаар байх болно. Улсынхаа нийслэлд арьс шир боловсруулах үйлдвэртэй улс манайхаас өөр байхгүй. Агаар, хөрс, ус бохирдуулж байгаа аж ахуйн нэгжийг хотоос гаргах шаардлагатай. Үүний цаана нийгмийн эрх ашиг хөндөгдөж байгаа ч нийт оршин суугчдын эрх ашгийг нэн түрүүнд тавих хэрэгтэй гэдгийг салбарын сайд тодрууллаа.

Түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зөвшөөрөл авсан 391 иргэн, аж ахуйн нэгж байдаг гэнэ.

Эдгээрээс газар ашиглах гэрээ байгуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээгүй, газар ашиглалтын зориулалтаа өөрчилж орон сууц, хаус барьсан, газар ашиглалтын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй зэрэг зөрчил цөөнгүй байдаг аж. Харин газар ашиглалтын зөрчлийг шийдвэрлэхэд, тулгарч буй гол хүндрэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газрын төлбөрөө төлөөгүй, зориулалт өөрчилсөн, ашиглахаар авсан газраа ашиглаагүй олон жил болсон зэрэг үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцлах тухай заалт байхгүй. Иймд БОАЖЯ уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл бэлтгэж Засгийн газарт өргөн мэдүүлэхэд бэлэн болоод буйг Л.Гансүх сайд энэ үеэр гишүүдэд дуулгасан. Мөн тус яамнаас өнгөрөгч онд 2083 байгууллага аж ахуйн нэгж, иргэдийг хамарсан 386 удаа шалгалт явуулж төсөвт /улсын орлого, нөхөн төлбөр, торгууль/ 30.930.5 төгрөгийн орлого оруулжээ.

Засгийн газрын мэдээлэл сонсох энэ өдрийн цагийн бас нэг чих дэлдийлгэм мэдээлэл бол Байгаль орчны өмнөх сайд нар дархан газарт олон зөвшөөрөл олгож байжээ. Тухайлбал, сайд асан У.Барсболд гурав, Б.Эрдэнэбаатар 52, Л.Шийлэгдамба 56 зөвшөөрлийг Богд уулын хамгаалалттай бүсээс иргэд, компанид олгосон байна. Энэ тухай тоо баримтыг эрхэм гишүүн З.Энхболд дурьдсан юм. Түүнчлэн компаниуд аялал, жуулчлал хөгжүүлнэ гэж авсан газартаа орон сууц барьж, Туул голын бургасыг хядаж буйг гишүүд шүүмжилж байв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.