Сайд бизнес эрхэлэгч, хөрөнгө оруулагчдад хандан захидал илгээжээ
2009.12.24

Сайд бизнес эрхэлэгч, хөрөнгө оруулагчдад хандан захидал илгээжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх байгальд ээлтэй, нөөцөд хэмнэлттэй арга технологиор бизнесийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийг уриалсан захидлыг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт хандаж илгээв.

Тэрбээр захидалдаа, дэлхийн хүн амын өсөлт, үйлдвэрлэлийн салбарын үсрэнгүй хөгжил, эдийн засгийн огцом өсөлт, эрчим хүчний улам бүр өсөн нэмэгдэж буй хэрэглээ, хүний үйл ажиллагаа, хүчин зүйлийн нөлөөгөөр хүлэмжийн хий нэмэгдэж, энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг нөхцөлдүүлж, дэлхий дахиныг орших уу, эс орших уу гэсэн асуудлын зааг дээр авчраад байгааг дурдаад манай монголчуудын хувьд үл мэдэгдэх юм шиг уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөө бүхэл бүтэн дэлхий ертөнц, хүн төрөлхтний ирээдүйн хувь заяаг үндсээр нь шийдэхэд ойрхон байгаад сэтгэл зовнин энэхүү захидлыг та бүхэнд илгээж байна.

Хүний буруутай үйл ажиллагааны улмаас сүүлийн 30 гаруйхан жилийн дотор 700 шахам гол горхи, 1500 шахам булаг шанд, 1200 нуур цөөрөм, 60 шахам рашаан ширгэж үгүй болсон.

Мөн Орхон, Туул, Онон, Хэрлэн, Онги, Байдраг, Завхан зэрэг олон гол мөрний ус бохирдож, урсац нь тасалдан амь тасрахад бэлэн болоод байна.

Дэлхий дахин дан цэвэр технологийн үйлдвэрлэлийг дэмжих стратегаа өөрчилж “Нөөцөд хэмнэлттэй цэвэр технологийн үйлдвэрлэл” эрхлэх стратеги рүү шилжиж байна. Та бүхний ухамсартай, зохистой, зөв хэрэглээний үр дүнд усны болоод эрчим хүчний зарцуулалт хэмнэлттэй болж, үйлдвэрлэлтээс үүсч байгаа нүүрс хүчлийн хий, бусад хог хаягдал багасаж, байгаль орчинд үзүүлэх дарамт хөнгөрч, дэлхийн дулаарлыг бууруулахад хувь нэмэр оруулах болно.

Та бүхний бодлого, үйл ажиллагаагаар дамжиж хэрэгжих “Нөөцөд хэмнэлттэй, үр ашигтай, цэвэр үйлдвэрлэл”-ийн үр дүнд бидний үр хүүхэд, тэдний ирээдүй хойч үе эцэг, өвгөдөөс заяасан энэ сайхан газар нутаг, байгаль дэлхийдээ үрийн үүрд сэтгэл хангалуун, ая тухтай, элбэг хангалуун амьдран суух монголчууд бидний өнө холын хүсэл, мөрөөдөл биелэх билээ хэмээн өгүүлсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.