Хатан зоригт ОХИД
Түүхийн бүхий л цаг хугацааны эрчлээнд хатад, бүсгүйчүүлийн дүр бий. Гоо үзэсгэлэн, уран нарийн ухаанаар улс цэргээ захирсан нь байхад хөө хуяг хөдрөөд, аргамаг хүлгийн нуруун дээр сэлэм барьж тулалдаж байсан хатан зоригт бүсгүйчүүлийн тухай өгүүлэх домог мэт түүх олон. Энэ түүх өнөө ч үргэлжилсээр. Тэр дундаа арван хэдхэн насандаа хүн төрөлхтний дуу хоолой болж, энх тайван, эрх чөлөөний төлөө амь нас, гоо үзэсгэлэнгээ зольж бурангуй ёс, харгис дэглэм, дайн байлдааны зүг дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан эрэлхэг охид ч өнөөдөр та бидний дунд амьдарч байна.
Ийм охидын тухай гайхамшигт түүхийн хуудсыг сөхвөл хамгийн эхэндХирошима хотын Садако Сасакигийн тухай дурсагддаг. Энэ охины тухай дуулаагүй улс, сонсоогүй хүн гэж бараг үгүй дээ. Хоёр настай байхад нь төрөлх хот нь атомын бөмбөгдөлтөд өртөхөд охин амьд гарсан ч цацраг идэвхит бодист хордсоны улмаас цусны хорт хавдартай болжээ. Садаког 11 настай байхад эмч нар ар гэрийнхэнд нь түүнд ганцхан жилийн нас үлдсэнийг дуулгасан гэдэг. Охин япончуудын ярилцдаг мянган цаасан тогоруу хийвэл өвчин шаналал, гай түүтгэрээс ангижирдаг хэмээх домогт итгэж энэ мөчөөс эхлэн уусан эмийнхээ цаасаар тогоруу хийж эхэлжээ. Харамсалтай нь охины бие өдөр ирэх бүр муудсаар зуны адаг сард өөд болж, мянган шувуугаа хийж амжаагүй юм. Түүний орны дэргэд байсан цаасан хайрцагт 644 цагаан тогоруу байсан гэдэг. Энэхүү өр өвтгөм явдал хүн төрөлхтний чихэнд хүрч дэлхийн өнцөг булан бүрээс хүүхдүүд Садакогийн хийж амжаагүй цаасан шувууг гүйцээж мянга болгохын тулд Хирошима хот руу өөрсдийн хийсэн шувуугаа илгээсэн байдаг. Охиныг өнгөрсний дараа тус хотод орон орны хүүхдүүдийн илгээсэн зуун мянга гаруй цаасан тогоруу цугларсан гэдэг. Хүүхдүүдийн энэ нэгдэл улс орнуудын тухайн үеийн удирдагчдад нөлөөлж цөмийн зэвсгийн асуудалд нарийн хандаж, дахиж ийм эмгэнэлтэй явдлыг давтаж болохгүйг сануулсан юм.
Саманта Смит бол 1982 оны арваннэгдүгээр сард ЗХУ-ын удирдагч Юрий Андроповт АНУ, ЗХУ-ыг нөхөрсөг, сайхан харилцаатай байхыг хүссэн захидал бичсэн охин. Түүний захидал ЗХУ-ын "Правда" сонинд хэвлэгдсэн нь хүйтэн дайны үед хоёр орны харилцааг аядуу, намжмал болгоход маш их хувь нэмэр оруулсныг түүхчид онцолдог. Ю.Андропов таван сарын дараа охины захидалд хариу ирүүлсэн байдаг. Энэ мөчөөс Саманта сайн санааны хөдөлгөөнүүдэд оройлон оролцож, Японд хүртэл очиж энх тайваны үйлст гар бие оролцсон нийгмийн идэвхитэй сурагч байжээ. Охиныг олон сая хүн дэмжиж түүнийг "Энх тайвны элч" хэмээн хүлээн зөвшөөрч "Энхийн цагаан тагтаа" хэмээдэг байсан юм. Харин энхийн элч болсон Саманта охин 1980 онд 13 настайдаа ослоор өөд болсон. ОХУ, АНУ-ын иргэд Самантагийн Ю.Андроповт бичсэн захидлын талаар одоо ч дурсацгааж, охины өөд болсон өдрийг тохиолдуулан Америкийн сайн санааны байгууллагынхан буяны ажил хийдэг уламжлалтай.
Дайны үед хөтөлж байсан өдрийн тэмдэглэлээрээ алдаршсан еврей охин Анна Фрэнк. Германы Франкфурт хотод мэндэлсэн тэрээр багаасаа л өдрийн тэмдэглэл хөтөлдөг байж. Дайны үед хорих лагерьт байхдаа тэмдэглэлээ хөтөлдөг байсан юм. Гэрийнхэн нь түүний энэ сонирхлыг дэмжиж хэцүү цаг үе байсан ч охиндоо дэвтэр, харандаа олж өгдөг байв. Түүний дайны үед хөтөлсөн тэмдэглэлд фашистууд еврейчүүдийг олон мянгаар нь устгаж, тамалж, хүүхэд багачуул өнчрөн хоцорсон үйл явдлыг ямар ч хачир нэмэлгүй бодитоор буулгасан нь хожмоо түүхийн ховор баримт болж, "Балчир охины тэмдэглэл" нэртэйгээр ном болон хэвлэгдэж байсан аж.
"Би эгч нараа алдсан. Тэд миний нүдэн дээр амьсгал хураасан. Тэр мөчөөс л би дахиж уйлахгүй гэж өөртөө амласан юм. Тэр амлалтдаа хүрч тэмдэглэлээ ном болгоод уншихдаа уйлаагүй" гэж Анна номоо гаргасныхаа дараа ярьсан байдаг юм. Аннагийн өдрийн тэмдэглэл одоо ч алдартай хэвээр.
2010 оны наймдугаар сард "Time" сэтгүүлийн нүүрэнд гарсан Биби Айша гэх 18 настай афган бүсгүй лалынхны харгис ёс заншил, араншинг эсэргүүцэгч. Талибаны удирдагч гэх хэрцгий нөхрийнхөө дарамтнаас зугтсаныхаа төлөө хамар чихээ огтлуулсан нэгэн.
Айшаг 12 настайд нь гэрийнхэн нь Талибаны удирдагч гэх эрд эхнэр болгон өгчээ. Нөхрийнхөө морин жүчээнд хоёр жил амьдарсан тэрээр өдөр бүр хадмуудынхаа зодуурыг амсдаг байж. Босч чадахаа байтлаа зодуулчихаад олон хоног ухаангүй хэвтдэг байжээ. Түүнд амьд гарахын тулд оргохоос өөр арга байсангүй. Афганистанд нөхрөөсөө зугтсан тохиолдолд гэмт хэрэг хэмээн үзэж, гурван жил хүртэл хугацаагаар хорьдог. Түүнийг Кандагарын эмэгтэйчүүдийн шоронд хагас жил суулгажээ. Ялаа эдэлж дууссаных нь дараа шүүхийнхэн Айшаг аавд нь хүлээлгэн өгсөн ч эцэг нь түүнийг нөхөрт нь чирч аваачжээ.
Нөхөр нь нутгийнхаа шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж байна хэмээн Айшаг ууланд аваачиж хамар, чихийг нь огтлоод хаячихсан байна. Ууланд үхлүүт байсан түүнийг америк цэргүүд олсноор доромжлол, айдас хүүдсээр дүүрэн эх нутгаа орхиж Америкт ирсэн юм. Тэрээр Америкт ирэнгүүтээ "Time" сэтгүүлд ярилцлага өгч хамаргүй болсон зургаа тавиулж, Афганистан эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигддөгийг илэн далангүй ярьсан нь шуугиан тарьж олон улс, НҮБ-ынхны анхаарлыг афган бүсгүйчүүд рүү хандуулж чадсан юм. Афганистанд охид, бүсгүйчүүдийн 90 гаруй хувь нь хүчирхийлэлд өртөж, амь насаа алдах нь элбэг.
Айша одоо Америкт сурч амьдарч байгаа бөгөөд гоо сайхны мэс засалд орж хамар, чихтэй болсон юм. Тэрээр хүчирхийлэлтэй амьдралд тарчилж буй бүсгүйчүүдийн төлөө дуу хоолойгоо хүргэсээр байна.
Ийм охидын сүүлийн том жишээ бол Малала хэмээх 14 настай пакистан охин болоод байгаа билээ. Тэрээр охид, бүсгүйчүүдийн эрх ашгийг бүдүүлгээр зөрчдөг лалын шашны үзлийг шүүмжилсэнийхээ төлөө хэт даврагсдад буудуулан толгой, нуруундаа хүнд шарх авсан юм. Сум охины амин тус газарт тусаагүй ч маш их цус алдаж, амь насаа алдахын ирмэгт эмнэлэгт хүргэгдэн амьд үлдсэн. 12 настайгаасаа шашны үзлийг эсэргүүцэж, охид хөвгүүдийн адил сурах орчин нөхцөлөөр хангагдаж, нийгмийн аль ч шатанд эн тэнцүү эрх эдлэх ёстой хэмээн сурталчилдаг байсан юм. Малалагийн энэхүү тэмцэл хэт даврагсдад буудуулснаар төгсгөл болсонгүй. Түүний цогтой тэмцлийг дэлхий нийт харж, дэмжиж лалын шашны асуудалд анхаарал хандуулаад байна. Малала Юсафзей охин "Галт зэвсгээр биеэ зэрэмдэглүүлсэн ч сэтгэлийн минь гал бадарсаар. Би бол зөвхөн би биш. Би бол нийт пакистан охид, эмэгтэйчүүдийн төлөөлөл. Олон мянган охид над шиг бодолтой ч ил гаргадаггүй" хэмээн эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа ярьжээ. Охины бие дээрдэж байгаа ч төрөлх нутагтаа цаашид амьдрах нь ээдрээтэй болох учир түүнийг олон улсын сайн санааны байгууллагынхан АНУ-д авчирч дунд сургуульд оруулах талаар хөөцөлдөж байгаа юм.
Түүхийг зөвхөн баатар эрс юм уу, хэн нэгэн удирдагч өөрчилдөггүй юм. Охид ч өөрчилж болдгийг дээр дурдсан түүхүүдээс харж болно. Түүхийг өөрчилжээ гэж хэлэх нь арай ахадсан санагдаж байвал түүхэнд нөлөөлсөн гэж хэлбэл дөхөж очих болов уу.
Жаахан охин хэрнээ дайсагналцаж буй улсынхаа удирдагч руу захидал бичсэн зоригт Саманта, үхэхээ мэдсэн ч сайн сайханд итгэж тэмүүлсэн Садако, хорих лагерьт өлсч цанган зовж байсан ч тэмдэглэл хөтөлсөн Анна, өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн шашны булингарт заншил, хатуу дэг ёсыг эсэргүүцсэнийхээ төлөө биеэ зэрэмдэглүүлсэн Малала, Айша шиг ийм охидоороо хүн төрөлхтөн бахархаж, хатан зоригтнууд минь хэмээн хайрладаг юм.