Extreme feminizm буюу улстөрч хүүхнүүд
2012.09.28

Extreme feminizm буюу улстөрч хүүхнүүд

Эрхэм хатагтай нарын зарим нь жендер гэдгийг албан тушаалтай андуураад байгаа бололтой. Одоогийн УИХ-д есөн эмэгтэй гишүүн сонгогдож, зөвлөл байгуулан хатагтай Л.Эрдэнэчимэгийг даргаараа тавьсан билээ. Монголд 1921 оны ардын хувьсгал эмэгтэйчүүдийн тэгш эрхийг тунхагласан. Харин 1990 онд ардчилсан хувьсгал жендерийн асуудлыг босгож ирсэн. Манай улсын хүн амын талаас илүүг эмэгтэйчүүд эзэлж, их, дээд сургуулийн оюутнуудын 70 гаруй хувийг охид эзэлж байна. Эцэг эхчүүд “бүсгүй юм, энийгээ л сургууль соёлын мөр хөөлгөе” хэмээн чармайж, хөдөөний охид малынхаа буянаар дипломтой болж байна. Боловсрол, эрүүл мэндийн байгууллага гээд тэр чигээрээ хүүхнүүд дүүрсэн салбарыг тоочвол Монгол Улсад бүсгүйчүүдийн орон зай багадсангүй. Эмэгтэйчүүдийн төлөө үйлчилдэг эмнэлэг, төрийн бус байгууллагыг тоочвол олон, баяр ёслол ч бас цөөдөөгүй.

2013 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх Жендерийн тэгш байдлын тухай хуулиас өрсөж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ивээн тэтгэлгээр “Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний үр дүнтэй механизм” хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр Засгийн газрын гишүүд, дэд сайд нарын 20 хувьд эмэгтэйчүүдийн хүйсийн тэгш байдал заавал хангагдсан байх ёстой гэсэн асуудлыг хөнджээ. Мөн парламентын дотор ч эмэгтэйчүүдийн эзлэх хувь 15 хувьд хүрээгүй, орон нутгийн сонгуулиар 30-40 хувьд гарч ирэх ёстой гэв. Уг нь тэдний сонгуульд нэр дэвших, ялах боломж нь 100 хувь нээлттэй байгаа, харин гарч ирэх ёстой гэдэг нь юу л бол.

 

Эрхэм хатагтай Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа нараас эхлээд ямар нэг томилгоо яригдвал эмэгтэйчүүдээс оруулах ёстой гэж шахдаг болж. Жендерээр халхавчилсан иймэрхүү атаа жөтөөнөөс болж, хор найруулж сурсан хуучцуул, хов зөөж гаршсан хүүхнүүд хоёртоо шахагдсан боловсрол мэдлэгтэй, ашиг сонирхлын зөрчилд автаагүй залуус ард нь хоцорч байна. УИХ-ын гишүүдээс сайдаар томилохыг эхэндээ эсэргүүцэж байсан Ц.Оюунгэрэл Соёл, спорт, аялал жуулчлалын сайд болох сургаар амаа жимийсэн. З.Баянсэлэнгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар сонгоход “Шударга ёс” эвслийн саналыг хүндэтгээд дуугараагүй. Барилга хот байгуулалтын  дэд сайдаар Г.Байгальмаа, Боловсрол,шинжлэх ухааны  дэд сайдаар Б.Ургамалцэцэгийг шууд томилсон. Мөн яамдын төрийн нарийн бичгийн болон газар, хэлтсийн дарга нарын томилгоон дотор ч хүүхнүүд бишгүй багтжээ. Үүнийг дурдсанаар эмэгтэйчүүдийн мэдлэг чадвар, ур ухааныг дорд тавих гэсэнгүй, харин жендерээр далайлгаж улс төрийн хүрээний хэдхэн хүүхнүүд зөвхөн өөрсдийн бөндгөрөө уралдуулан эрчүүдийн албан тушаал, эрх мэдлийн наймаанд ташуур өгөөд байна хэмээн сануулах гэсэн билээ.

 

Хааны ордны нууц хатдын банзлын хуниасанд явдаг гэсэн үг бий. Вьетнам, БНСУ зэрэг улс гадаадын иргэн  нөхөртэй эмэгтэй хүн төр, засгийн өндөр албан тушаал хашихыг хориглосон хуультай ажээ. Энэ бол дорно дахины нэг онцлог байж болох юм. Чингис хаан арга, билгийн ёсондоо “Нэг сэтгэлт эм хэмээвээс эм бус эр. Хоёр сэтгэлт эм хэмээвээс эм бус албин чөтгөр” гэж төрийн хэрэгт заагладаг байсан ч эх оронч эмэгтэйчүүдийг “хатгах дайсанд халхавч болсон охид минь” хэмээн үнэлсэн байдаг.

 

Аль XIII зуунд их хааны эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй тэнцүүлж асан энэ эрхэм бодлогыг өдгөө extreme feminizm ба radical femist  нэрийн дор туйлшруулах хандлага улстөрч хүүхнүүдийн дунд илт цухалзах болов. Жендер гэдэг нь хүйсийн адил тэгш харилцааны тухай ойлголт болохоос бус албан тушаал, эрх мэдлийг эрчүүдтэй эн тэнцүү хуваалцана гэсэн үг хараахан биш билээ. Магадгүй энэ нь манай эмэгтэйчүүдийн нийтлэг дуу хоолой мөн юм болов уу.

 

Монголд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо жил дараалан өссөөр өнгөрсөн оны эцэст 81386-д хүрсэн, 4,3 мянган бүтэн өнчин хүүхэд байгаа нь анхаарал татах учиртай. Мөн ид хөдөлмөрийн насны эрүүл саруул эрчүүдээ БНСУ зэрэг оронд ажиллах хүчээр илгээж, уул уурхай, барилгын салбарт гадаадын хар ажилчдыг ихээр оруулж ирсэн нь түгшүүрийн харанга дэлдэж байгаа юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.