Япон иргэдийн 86 хувь нь цаазын ялыг дэмждэг
2012.09.28

Япон иргэдийн 86 хувь нь цаазын ялыг дэмждэг

Япон улс АНУ-ын адил цаазын ялыг хэвээр үлдээсэн цөөн хэдэн хөгжингүй орны нэг юм. Тус улс 2000-2009 онд 112 хүнд цаазын ял оноосноос 46-г нь гүй­цэт­гэжээ. Цаазын ялт­нууд дунд­жаар зургаан жил эцсийн өд­рөө хүлээдэг бөгөөд тэд­нийг дүүжилж хороодог байна.


Японы Засгийн газар 2010 онд цаазын ялтнуудын шорон ямар байдгийг анх удаа сэтгүүлчдэдээ үзүүлжээ. Тус улсад ийм хорих газар долоо байдаг ч байршлыг нь нууцалдаг. Тэр бүү хэл сэтгүүлчдэд ийм хорих ангийг танилцуулахаар авч явахдаа ч автобусны цонхыг битүү хаасан байжээ.

Японд онц хэрцгий аргаар хүний амь нас хохироосон хүнд л ялын дээд хэмжээ оноодог. Онц хэрцгий гэдгийг тодорхойлох 10 шалгуур байдаг аж. Тухайлбал, амиа алд­сан этгээдийн төрөл төрөгсөд маш их шаналж байна уу, аллагаас болж ний­гэм даяар цочирдсон уу гэдгийг харгалзан үздэг байна.

Японы шүүхийнхэн ялын тогтоолын 99 хувь нь үнэн хэмээн бахархдаг. Тус улсад цаазын ялыг цуцалсан дөрөвхөн тохиолдол гарчээ. Саяхан 63 настай нэг этгээд дөр­вөн настай охиныг хө­нөө­сөн хэргээр 17 жил камерт суу­гаад, буруугүй болох нь бат­лагдан, сул­лагдсан бай­на.

Цаазын ялтнуудыг ка­мерт удаан байлгах нь Японы нэг систем юм. Энэ хуга­цаанд гэмт хэрэгт дахиад шинэ нөхцөл гарч ирж, ял сонссон хүнийг цагаатгаж болно. Дунджаар цаазын ял сонссоноос гүйцэтгэх өдрийг хүртэл таван жил 11 сарын хугацаа зарцуулдаг аж. Энэ хугацаанд цаазын ялтан 2х5 метрийн хэмжээтэй камерт суудаг бөгөөд зурагт үзэх, радио сонсох, компьютер ашиглахыг хориглодог. Харин өөрийн сонголтоор гурван ном унших эрхтэй. Түүнчлэн өөрөө өөртэйгөө го-даам, шатар тоглож болно. Хоригдлыг сайн ажиглах үүднээс хоногийн 24 цагийн турш гэрлийг нь асаалттай байлгадаг.

Ялтнууд зуны цагт гурван удаа, өвөлд хоёр удаа 30 минутын хугацаатай салхилж болно. Мөн өдөр бүр 15 минутын хугацаатай шүршүүрт орох эрхтэй аж. Хоригдлуудын хоол хүнс нь өдөрт ердөө 1500 ккал илчлэгтэй. Ийм тарчигхан хоол хүнстэй учир ажил хийхээс өөр аргагүй. Үүнийг ч шоронгийн удирдлагууд нь дэмждэг. Тэд хайрцаг нааж, жижиг деталь цуглуулах гэх мэт ажил хийж, сард 4000-5000 иен (ойролцоогоор 50-60 ам.доллар) авдаг байна. Энэ мөнгөөрөө нэмэлт хоол хүнс авч болно.

Цаазын ялтнуудад ял гүйцэтгэх тухай хагас цагийн өмнө мэдэгддэг. Хүсвэл тэдэн дээр Буддын болон синтийн гэгээнтэн ирж болно. Харин Христийн шүтлэгтэй бол тусгай өрөөн дэх модон загалмайд залбирдаг.

Ялтныг цаазлах өрөөний таазан дээр дэгээ байрлуулж, шаланд нь тагтай хавхалга хийсэн байдаг аж. Харин хажуу талын өрөөнд гурван хамгаалагч сууж, тэнд байрлуулсан гурван товчлуур дээр зэрэг дарж, хавхалгыг нээнэ. Товчлуураас зөвхөн нэг л ажилладаг бөгөөд хамгаалагчдын аль нь ч дүүжлэх ял гүйцэтгэснээ мэдэлгүй өнгөрдөг байна. Үүнээс 20 минутын дараа эмч ирж, нас барсан эсэхийг шалгана. Цаазлуулагсдын төрөл төрөгсөд цогцсыг нь авч, оршуулах эрхтэй. Харин гур­ван хамгаалагч тус бүр 20 мянган иен буюу 230-350 ам.долларын шагнал авдаг гэнэ.

Япончууд цаазын ялыг хэвээр үлдээхийг дэмждэг. Энэ арга хэмжээг 1999 онд тус улсын хүн амын 79 хувь нь дэмжиж байсан бол 2009 онд 86 хувь болж өсчээ. Харин цаазын ялыг хүн амын зургаан хувь нь л эсэргүүцдэг аж. Дэлхийн хүний эрхийг хамгаалах олон байгууллага Японы Засгийн газарт цаазын ялаа халахыг уриалдаг ч тус улсын засаг захиргаа өөрсдийн гэсэн соёлын хэм хэмжээтэй хэмээн тайлбарладаг байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.