Дэлхийн зэр зэвсгийн худалдааны гэрээг 190 орон хэлэлцэж байна
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн «Ийм гэрээ байгуулах шаардлага аль хэдийнээ үүссэн. Зохицуулалтгүй, эсвэл муу зохицуулалттай зэр зэвсгийн наймаа нь бүс нутгуудын зөрчил, мөргөлдөөний «гал дээр тос нэмдэг». Түүнчлэн эдгээр нутагт байдал тогтворгүйтэн, алан хядагчид, гэмт бүлэглэлүүд байр сууриа бэхжүүлж байна» хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр хуралдаанд оролцогч орнуудад хандан «Дэлхийн зэр зэвсэг, сум, дарины наймааны зохицуулалт нь гадил савласан усныхаас ч сул байна. Засгийн газрууд хатуу чанд, үр дүнтэй гэрээ байгуулах хэрэгтэй. Энэ нь хүний эрхийг хамгаалахад тустай төдийгүй зэвсэгт хүчирхийлэл, мөргөлдөөний улмаас өдөр бүр, ямар ч учир утгагүйгээр амиа алдах, тахир дутуу болохыг дуусгавар болгох юм» хэмээжээ.
Зэвсгийн худалдаагаар дэлхийд хоёрт жагсдаг ОХУ энэ төслийг дэмжиж байгаа. Гэхдээ Сири зэрэг улстай хийдэг зэвсэг, техникийн наймаанд нь саад тотгор учрахаас эмээж байна. ОХУ иймээс зэвсгийн ил наймаатай тэмцэхийн оронд хууль бусаар зарахыг эсэргүүцэхийг уриалж, улмаар тоо хэмжээг нь багасгахыг санал болгожээ.
Зэр зэвсэг худалдаалах олон улсын гэрээнд долоодугаар сарын 24-нд гарын үсэг зурах юм байна. Үүнийг НҮБ-ын түүхэн дэх чухал санаачилгын нэг гэж улс орнууд үзэж байгаа аж. Анх энэ санааг 2006 оны 10 дугаар сард гаргажээ. Тухайн үед НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаан дээр 153 орны саналаар хуулийн төсөл боловсруулахаар болсон. Гэхдээ ОХУ, Хятад, Энэтхэг, Пакистан, Венесуэл уг санаачилгыг дэмжээгүй юм.
Өнөөдөр дэлхий даяар 300 гаруй хэлэлцээрээр зэр зэвсгийн нийлүүлэлтийг зохицуулж байгаа ч үнэн хэрэгтээ улс орон бүр өөр өөрийн дүрэмтэй. Иймээс НҮБ-ын одоо тавьж буй зэвсгийн худалдааны хязгаарлалт нь зөвлөх төдий үүрэгтэй юм байна.