2012.09.20

Ирэх сарын 1-нээс хүүхдэд архи, тамхи худалдаалбал тусгай зөвшөөрлийг нь цуцална

Согтууруулах ундаа үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах, худалдах, түүгээр үйлчлэх ажилд 18 нас хүрээгүй хүн авч ажиллуулах, 21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно гэсэн заалт Архидан согтуурахтай тэмцэх тухай Монгол Улсын хуульд бий. Харамсалтай нь хэрэгждэггүй.

Ерөнхий сайдын захирамжаар “архи, тамхины зохисгүй хэрэглээг хязгаарлах, насанд хүрээгүй хүнд архи, тамхи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон хуулийн заалтын биелэлтийг хангуулах болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт ор уулах талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгуулсан.

Тус ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Энэ хурлаар 21 насанд хүрээгүй хүүхдэд архи худалдаалсан дэлгүүр, үйлчилгээний газрын тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг ирэх сарын 1-ээс авахаар болжээ.

Ингэхдээ энэ хугацаанаас өмнө  ийм зөвшөөрөл бүхий үйлчилгээ эрхэлдэг хүмүүстэй уулзаж анхааруулах нь зөв гэж шийдвэрлэсэн байна. Мөн 21 нас хүрээгүй буюу архи хэрэглэдэггүй залууст зориулсан бүжгийн хэд хэдэн клуб байгуулах санал энэ үеэр мөн гарсан бөгөөд албан бус судалгаагаар оюутнуудын 80 хувь нь архи дарс хэрэглэдэггүй клубийг дэмждэг гэсэн мэдээллийг албаны хүмүүс хэлж байлаа.

Нийслэлийн хэмжээнд архи худалдаалдаг 2664 дэлгүүр, түүгээр үйлчилдэг мөн 2000 орчим үйлчилгээний газар байдаг ажээ.  Эдгээрээр үйлчлүүлж эрүүлжүүлэгдсэн хүүхдийн тоо жилээс жилд өссөн үзүүлэлттэй байгаа юм.   

Тухайлбал, эрүүлжүүлэгдсэн 18 нас хүртлэх хүүхдийн тоо 2006 онд 175, 2007 онд 231, 2008 онд 264, 2009 онд 288, 2010 онд 956, 2011 онд 1416 болж тасралтгүй өссөн. Архи хэрэглэж эхлэх нас залуужих тусам архинд донтох эмгэг нэмэгддэг гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг нь олон хүнийг эмзэглүүлж байгаа юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.