Х.Тэмүүжин: ”Цагдаагийн удирдлагад өөрчлөлт орно”
2012.08.28

Х.Тэмүүжин: ”Цагдаагийн удирдлагад өөрчлөлт орно”

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Сайдын ажил аваад цөөнгүй хоног өнгөрлөө. Энэ хооронд ямар ажил амжуулав, танай яам дээр ямар өөрчлөлт хийгдэж байна?

-Ямар ч байсан яамныхантайгаа, тэр дундаа энэ дөрвөн жилд хууль зүйн салбарын уураг тархи болж ажиллах ёстой Бодлогын газрынхантайгаа нэг бүрчлэн уулзаж ярилцлаа. Ямар туршлагатай, юу хийдэг, тус газрын талаар ямар ойлголт, төсөөлөлтөй явдаг тухай нь ярилцсан. Эхлээд яамны ажилтай танилцах гэхээсээ илүүтэй энэ яам дээр ямар бодлого ирж байгаа талаар шинэчлэлтийн бодлогоо танилцуулсан. Яагаад Ардчилсан нам, Шинэчлэлийн Засгийн газар Хууль зүй, дотоод хэргийн яамыг Хууль зүйн яам болгож өөрчилсөн талаар тодорхой тайлбаруудыг өгсөн.

-Яагаад өөрчилсөн юм бэ?

-Хууль зүйн яам гэхээсээ илүү Засгийн газрын хуулийн хэлтэс болоод хувирчихсан, бусад яамдын хуулийн төслийг боловсруулдаг, тэр төслүүд дээр нь санаа оноогоо хэлдэгээс биш хууль зүйн салбарт ямар бодлого байх ёстой, ямар өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй вэ гэдгийг тэр болгон бодож боловсруулж амждаггүй, техник ажилдаа дарагдчихсан тийм л бүтэц байсан шүү дээ. Тийм учраас нэн түрүүнд ямар ч байсан Засгийн газар, тэр дундаа бусад яамдууд өөрсдийнхөө хуулийн хэлтсийг байгуулна. Яам болгон өөрсдийнхөө бодлогыг боловсруулж байгаа. Тэр бодлогоо УИХ-аар оруулна. Бодлогын баримт бичиг нэг бол хууль, нэг бол УИХ-ын тогтоол, төсөл хөтөлөр хэлбэрээр гардаг. Тийм учраас яам болгон өөрийнхөө бодлогыг бичиж чадахуйц хуулийн багтай байх ёстой. Хууль зүйн яам харин бусад яамдаас гарч байгаа тэр хууль, бодлогын баримт бичгүүд ерөнхийдөө хүний эрхийг дордуулахгүй дээшлүүлэх чиглэлээр ямар түвшинд байна, хууль зүйн салбарын бодлоготой зөрчилдөж байна уу, хууль эрх зүйн хэлбэрийн шаардлагуудыг хангаж байна уу гэдэг гурван зүйл дээр хяналт тавина. Үг хэллэг, системчлэл нь зөв байна уу, нийтлэг илэрхийлэгдэж байгаа хуулийн дүрэм журмуудад захирагдаж байна уу, өөр бусад хууль тогтоомж, тэр дундаа Үндсэн хууль болон гол органик хуулиудтай зөрчилдөх бодлого ороод ирэх вий гэдэг дээр урьдчилсан хяналт тавина гэсэн үг. Хууль зүйн яам ийм байдлаар ажиллах ёстой болохоос биш бусад салбарын ажлыг өмнөөс нь хийж өгдөг газар биш.

Хоёрдугаарт, энэ салбарт өөрт нь эрх зүйн том шинэтгэл үгүйлэгдэж байгаа. Шүүх хуулийн байгууллагуудын арга ажиллагаа, зохион байгуулалт, боловсон хүчний гээд олон шинэтгэл үгүйлэгдэж байна. “Хуулийн хууль” буюу хуулийг хэрхэн яаж бичих ёстой, ямар дүрэм журам, хэллэг, нэр томьео, ойлголтууд байх ёстой вэ гэдэг тэр хуулиудаа боловсруулах хэрэгцээ шаардлага байна. Харин яамдуудтай холбоотой ямар үүрэг хүлээх вэ гэвэл хуулийг хэрхэн бичих вэ гэдэг аргачлалыг нь боловсруулж өгнө, тэр чиглэлийн сургалтуудыг зохион байгуулна, яамдууд дээр байгаа хуулийн хэлтсүүдийг чадавхижуулахад дэмжлэг үзүүлнэ. Түүнээс биш өмнөөс нь ажлыг нь хийхгүй. Энэ бол бидний хувьд хамгийн том шинэтгэл. Ингэж байж бид яг энэ салбар дээрээ бодлогоо тодорхойлох нөөцөө, цаг хугацаагаа сул гаргаж авч байгаа.

-Боловсролын яамаар орсон, ихэнх нь залуучууд ажилладаг юм билээ. Танайх ч гэсэн залуучууд голдуу юм байна. Тэгэхээр тэдний олж авсан боловсрол, чадвар юу юм, яагаад энэ сэдвийг огт хөндөж байгаагүй юм бол?

-Тэдэнд чадвар байхгүй гэхээсээ илүү тэдний хийх ёстой ажлыг нь л хийлгээгүй байхгүй юу. Мэргэжил, ур чадварын хувьд мундаг гэж хэлэхгүй ч хангалттай. Гэтэл тэнд байгаа боловсон хүчнүүдийн бүх цаг, нөөцийг бусад яамдуудын хуулийг боловсруулах, унших ажилд шахаад явж ирсэн. Энэ яам ямар бодлого бодох ёстой вэ гэдэг үндсэн ажлыг нь гаргаж тавиагүй. Хууль зүйн яамны Бодлогын газар гэдэг өөрөө салбарынхаа бодлогыг тодорхойлж байх ёстой уураг тархи нь. Тийм учраас нэн даруй яамныхаа бүтцэд хийх ёстой өөрчлөлт бол Эрх зүйн шинэтгэлийн бодлогын газартай болно. Эрх зүйн шинэтгэлийн бодлогын газар нь шүүх хуулийн байгууллагын шинэтгэл, иргэний үндсэн эрхийг хангах, баталгаажуулах, хүний эрхийг хамгаалах эрх зүйн шинэтгэл, хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсыг дэмжих, хуулийн дэд бүтцийг байгуулах шинэтгэл, дотоод хэргийн бодлогын шинэтгэл гэсэн дөрвөн том чиглэлийг дотроо авч явна. Тэр дундаа дотоод хэргийн бодлого дээр Бодлогын газар дотроо хэлтэс байгуулж тусад нь гаргаж авч явна. Ингэж байж бид хууль зүйн салбарын уураг тархиныхаа үүргийг биелүүлэх ёстой. Дээр нь Хууль зүйн нэгдсэн бодлогын газар гэж дахиад тусдаа газар байгуулж тэнд харин бусад яамдаас гаргаж байгаа бодлого Хууль зүйн яамны гаргаж буй бодлоготой нийцэж байна уу гэдэг дээр хяналт тавьдаг, “виз”-ийг нь өгдөг болно.

-Шинэтгэлийн энэ бодлогыг хүлээж авч байгаа салбарынхны “реакци” ямар байна?

-Мэдээж хэрэг хуучин арга барилдаа дадчихсан, үүнээс өөрийг би хийж чадахгүй байх гэсэн итгэлгүй хэсэг байна. Нөгөө талаас “би арай л өөр ажил хийх ёстой. Энэ миний бодож төсөөлж байсан ажил биш байна” гэсэн бодлоо арван хэдэн жил дотроо тээгээд явчихсан хүмүүс ч байна. Тэд Хууль зүйн яам ийм шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлнэ, энэ салбарт шаардагдаж байгаа бодлогыг бодож олох, боловсруулах, УИХ-аар оруулж батлуулах ажлыг хийнэ гэхээр нүд нь сэргээд ирж байна. Миний их сургууль төгссөн мэргэжил, гадаад дотоод явж сурсан мэдлэг одоо л хэрэг болох нь гээд. Өмнө нь бол тэр мэдлэг хэрэглэгддэггүй, цоожтой авдар дотор л байсан байхгүй юу. Тиймээс өөрийгөө сорих шинэ нөхцөл, боломж гарч байна гэсэн урамтай, хүсэл эрмэлзэлтэй хэсэг бас байна.

-Танхимын тэргүүн сайд нартаа өдөрт 12-14 цаг ажиллах үүрэг өгсөн. Танай яамныхан энэ ачааллыг дааж ажиллаж чадах уу?

-Сая Би бодлогын газрынхантайгаа уулзсан. Эхний хоёр жил маш олон бодлогын баримт бичгийг боловсруулж гаргана. Сүүлийн хоёр жил тэр бүх баримт бичгийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын нүсэр ажил руу орно. Тийм учраас өмнө ажиллаж байсан хэв маягаар ажиллахад хэцүү болно, ачаалалтай ажиллах нь байна шүү гэдгийг хэлсэн. Тэгэхэд “Бусад яамны хуулийн хэлтсүүд чадавхижаагүй учраас бид өмнө нь ч бас ачаалалтай ажилладаг байсан. Гэхдээ яг ийм үндсэн зорилгоо хэрэгжүүлэхээсээ илүүтэй бусдын хийх ёстой ажлыг өмнөөс нь хийдэг байсан. Тийм учраас бид энэ ачааллыг даван туулна. Ар гэрийнхэнтэйгээ ойлголцож чадна” гэж байна. Тэгэхээр бидэнд ажлын 12 цаг ч бас багадаж л байна.

-Өргөдлөө өгье гэсэн хүмүүс байна уу?

-Одоохондоо алга. Гэхдээ ерөнхийдөө тийм ойлголттой хүмүүс бол байна. Урьд нь хэтэрхий улс төрждөг, эсвэл бидний хэрэгжүүлэх гэж байгаа бодлогын эсрэг зогсч байсан хүмүүсийн хувьд дотроо зөрчилдөөн үүсчихсэн, “би эндээ үлдвэл эдэнд саад болно, гараад явчихвал хариуцлага үүрээд ажиллах гэж байгаа хүмүүс нь ажлаа хийгээд явахад төвөг саад бага учруулах юм уу” гэж бодох хэсэг ч байгаа л байх. Мэдээж хэрэг шинэтгэлийн бодлоготой үнэхээр үзэл бодол таарахгүй хүмүүс байвал хөдөлгөхөөс өөр аргагүй. Ажил хийхгүй хүмүүсийг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгээд байх шаардлагагүй.

-Сая УИХ-ын бүтцийг батлахдаа Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулсан. Мөрдөн шалгах түр хороо яасан бэ?

-УИХ-ын хууль тогтоомжтой хамт яригдах байх. Хамгийн чухал нь авлигын болон ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиуд гарчихсан. Урьд нь бол сайд нарыг юугаар хэмжиж, хянаж чадахаа мэдэхгүй байсан бол одоо бодитой хяналт бий болчихсон. Гарч байгаа шийдвэр болгон дээр нь ашиг сонирхлын зөрчлийн хяналтыг хэрэгжүүлж болно, эргэлдэж байгаа мөнгө болгон дээр авлигын хяналтыг хэрэгжүүлж болно. Тийм учраас цөөнхөд үнэхээр араа шүд, бүх юм нь байна. Хэрвээ ажил хийе гэвэл. Сая томилгоон дээр хүртэл харагдлаа шүү дээ. Маш олон амбицтай хүмүүс байсан. Гэхдээ аль нэг салбарт бизнес эрхэлдэг бол тэр салбартаа хэзээ ч томилогдохгүй шүү гэдэг шаардлагыг Ерөнхийлөгч ч тавилаа, Ерөнхий сайд ч тавилаа. “Би ийм юмны сайд болмоор байна” гээд өөр өөрийнхөө бизнес хийдэг салбар луу харах хүмүүс олон л байсан. Гэвч сонирхлын зөрчлийн хууль нь гарчихсан учраас ядахдаа л салбаруудыг нь зөрүүлсэн, зарим хүмүүст бол “Уучлаарай, та Засгийн газарт орох боломжгүй” гэж хэлсэн шүү дээ.

-Сайд нар үнэхээр сонирхлын зөрчлийн хуулийг уншиж судалдаг юм уу гэж эргэлзэхээр л байсан шүү дээ?

-Томилгооны өмнө манай сайд нар АТГ-т хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаж өгсөн шүү дээ. Гэр бүл, хамаатан садны бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалттай холбоотой. Тэр мэдүүлгийг бичихэд л бүтэн мэдлэг, боловсрол авч байгаа байхгүй юу. Зарим нь бүр “Энэ хуулийг өөрчлөх юмсан” ч гэж байсан. Үгүй ээ, уучлаарай. Бид шинэ орчин, шинэ нөхцөлд ажиллаж сурах ёстой. Тодорхой хэмжээнд бизнестэй, аж ахуйн нэгжүүдтэй хүмүүс бүгдээрээ нэг зүйлийг хатуу ойлгосон. Өөрөө ашгийг нь хүртдэг бизнесийн салбар, үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргахад өөрөө оролцохгүй гэдгээ бүгд мэдэж байгаа.

-Тэгвэл өөрийнхөө хариуцаж байгаа салбарт ямар шаардлага тавьж байна. Хуулийн байгууллагууд хамгийн их авлигад өртөмхий нэртэй шүү дээ?


-Манай салбарт хэрвээ авлига, ашиг сонирхлын зөрчилтэй бүтэц, бүрэлдэхүүн, хэн нэгэн албан тушаалтан байгаа бол намайг энэ салбарыг толгойлж байгаа хугацаанд тэр хүмүүс энэ салбараас холдоно. Тэр хариуцлагын тухай би хангалттай тайлбарлаж байна, яг энэ ажлаа хийж чадах бүтцээ яаман дээрээ үүсгэж байна. Хяналт хэрэгжилттэй холбоотой, бодлого тодорхойлохтой холбоотой бүтцүүдээ сайжруулж байна. Үүнтэй холбоотой томилгоонуудыг хийж эхэлнэ. Үнэхээр олон нийтийн итгэлийг алдчихсан, ажлаа хийж чаддаггүй, асуудал нь байнга хөндөгддөг албан тушаалтнуудыг ажлаас нь гаргахаас өөр арга алга.

-Цагдаагийн удирдлагаас эхлэх үү?

-Цагдаагийн удирдлагад ч хөдөлгөөн орно, шүүхийн шийдвэр гүйцэтгэлд ч, иргэний харьяатын газарт ч хөдөлгөөн орно.

-Цагдаагийн удирдлагууд үүнийг яаж хүлээж авч байна. Сонгуулийн өмнө Ерөнхийлөгч “Хөрөнгөжсөн хурандаа нарыг цагдаагаас зайлуулна” гээд хэлчихсэн, одоо сайд нь солигдчихоор айдас хүйдэстэй л байгаа байх даа?

-Хууль зөрчсөн, бусармаг үйлдэлтэй хүмүүс байгаа бол айдас хүйдэс, болгоомжлол төрөх нь зүйн хэрэг. Цагдаагийн байгууллагад олон жил ажиллаад хувийнх нь бизнес цэцэглэчихсэн хурандаа нар байгаа бол Ерөнхийлөгийн хэлсэн тэр саналыг тавихаас өөр аргагүй. Та бол бизнест авьяастай юм байна, авьяастай зүйлээ хий. Таны нөгөө талд асуудал хөндөгдөөд байна. Тэр бол нийтийн эрх ашиг, иргэдийн эрх, эрх чөлөө, энэ нийгмийн суурь болж байгаа шударга ёсны асуудал. Энэ ажил чинь явахгүй байгаа учраас та явуулдаг ажлаа хийгээд, хувийн амьдралаа дээшлүүлээд амьдарсан нь дээр гэдэг саналаа хэлнэ. Үнэхээр хууль бусаар, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэдэг нь гомдол болон нотлох баримтаар гарч ирвэл тэр нь шүүхийн байгууллагаараа шалгагдаад явдаг үүд хаалгыг нь нээж өгнө. Цагдаа учраас, манай салбарынх учраас гэж хамгаалдаг улс төрийн өмгөөлөл хамгаалал бол байхгүй. Харин албан үүргээ шударгаар гүйцэтгэсэн, үүнийхээ төлөө ялгаварлагдаж байгаа хүмүүст бол улс төрийн өмгөөлөл, хамгаалал үзүүлнэ. Цагдаад 7000 гаруй бие бүрэлдэхүүн байна шүү дээ. Албан үүргээ гүйцэтгэж байгаа жирийн цагдаа нарынхаа ажил хийх эрх зүйн орчинг нь сайжруулна, нийгмийн нөхцөл байдлыг нь дээшлүүлэхийн төлөө зүтгэнэ. Дээр нь иргэдээс хүндлэл хүлээдэг цагдаагийн албатай болохын төлөө ямар ч байсан зүтгэнэ. 

-Лу.Гантөмөр сайд жишээ нь ярьж байна лээ. Зуун багш бэлтгээд тэр багш нар нь хөдөө орон нутагт очиж багш нараа сургана, багш нарыг газар дээр нь сургана гэж. Тэгвэл цагдаагийн байгууллагын хувьд энэ ажил яаж явах вэ?

-Манайд жишээ нь хэрэг маргааныг шүүн хэлэлцдэг, асуудлаа нотолдог арга барил нь дэндүү хоцрогдчихсон. Үүнээсээ болоод хүний эрхийн маш бүдүүлэг зөрчил гардаг, эрүүдэн шүүдэг, иргэдийн амьдралаар тоглодог, зарим тохиолдолд энэ механизмаа ашиглаад өш хонзонгоо авдаг ч гэдэг юм уу. Тийм учраас бид өөрчлөлтийг маш ул суурьтай хийх ёстой. Нэгдүгээрт хуулиар хийнэ, тодорхой хэмжээний зардлыг нь тавьж өгөөд арга барилыг нь өөрчилнө, шинэ соёл бий болгоно. Гэхдээ хамгийн чухал нэг зүйл бол манлайллын асуудал. Сайдаасаа авахуулаад, яамны түшмэлүүд, цагдаагийн дарга нараасаа эхлээд зөв зүйлийн манлайлал байх ёстой. Дарга нь яагаад идэж болдог, бид яагаад болдоггүй юм гэсэн барьцсан, буруу зүйлийг нь даган дуурайсан хууль бус, албан бус тогтолцоог л задалж өгөх ёстой. Тэгээд зөв манлайллыг үзүүлж байгаа тэр хүмүүсийг албан тушаалд тавьдаг, олон хүний нүдэн дээр гаргаж ирдэг байх ёстой. Тэгж байж бид ганц цагдаа дотор биш хуулийн байгууллагуудад байгаа хандлагыг өөрчилнө. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд мэдээж боловсон хүчин хэрэгтэй. Боловсон хүчнээ дотоодод бэлтгэхээсээ гадна өөр бусад орны хүмүүнлэг ардчилсан, иргэнээ хүндэтгэж чаддаг, гэхдээ үйл ажиллагаагаа чанартай хийж чаддаг байгууллагууд яаж ажилладаг юм бэ гэдгийг харуулах ёстой.

-Цагдаагийн академиар орж үзсэн үү?

-Энэ долоо хоногт орно. Одоо төлөвлөж байгаагаар бол Дотоод хэргийн их сургуулийг задална, арга барилыг нь өөрчилнө. Нэг уутанд энэ олон төрлийн мэргэжлийг холбож цугт нь хийсэн ийм бүдүүлэг байдал, хуучин арга барилаар асуудлыг шийдэж чадахгүй. Тиймээс бид дотоод хэргийн чиг үүргээ огт өөр түвшинд хэрэгжүүлнэ гэдгээ хэлчихсэн. Зөвхөн цагдаа, хуулийн байгууллагын ажилтнуудыг бэлтгэдэг “дотоод хэрэг” гэдэг гарчгийг хэрэглэж болохгүй. Мөрдөгчдийг тусад нь, иргэнд үйлчилдэг хэв журмын цагдааг тусад нь бэлтгэнэ. Энэ хоёр чинь тэс өөр хоёр мэргэжил, тоног төхөөрөмжүүд нь ч өөр. Би цагдаа дээр очоод эхний шаардлагаа тавьж байгаа. Хэв журам хариуцсан чиг үүргийг би орон нутагт нь өгнө, орон нутагтай зөвшилцөж томилдог болно. Мэргэжлийн удирдлагаар дээрээс нь хангадаг, хууль эрх зүй болон  стандартуудыг дээрээс нь тавьж өгдөг, хариуцлагаа үүрээд үйл ажиллагаа явуулах эрх нь орон нутагтайгаа хамааралтай байх ёстой. Ийм байгууллагын ажилладаг байшин савны архитектур хүртэл өөр байна. Иргэд чинь орж гардаг, хянадаг, иргэддээ үйлчилдэг, бүх бүтэц чинь иргэншсэн байна. Мөрдөх алба бол эрүүгийн хэргийг шалгадаг, мөрддөг учраас ийм алба бол босоо бүтэцтэй, өөр байна. Аюулгүй байдал, олон юмнаас шалтгаалаад дуртай хүн орж гардаггүй, тусдаа бүтэцтэй байна. Ийм ялгаатай чиг үүрэгтэй учраас байшин савны чинь зориулалт, багтаамж, тэнд дотор хэрэгжиж байгаа чиг үүрэг, хандлагууд өөр байна шүү гэдгийг хэлж байгаа. Энэ бүхэнтэйгээ таарсан боловсон хүчин бэлтгэж чадаж байна уу гэхээр Дотоод хэргийн их сургууль руу орохоос өөр аргагүй болж байна.

-Удахгүй төсвийн тодотголыг УИХ-аар оруулна. Танай яам жишээ нь төсвийн тодотголоор ямар өөрчлөлт оруулах вэ?

-Одоогоор төсөвтэй холбоотой судалгаануудыг хийж байна. Эхний ээлжинд өөрийнхөө төсвийг харахаас гадна манайд бидний хяналт, бодлого чиглэлтэй давхцаж байгаа эсэх нь үл мэдэгдэх  гаднын техникийн туслалцаанууд маш их явлаа шүү дээ. Төсөл хөтөлбөрүүд маш их хэрэгжиж байна. Заримтай нь танилцаад харахаар ТББ-ын хийх ёстой ажлыг яам хийгээд явчихсан л байдаг, бизнесийн байгууллагын хийж болох ажлыг ч яам хийж л байдаг. Угаасаа манай бодлоготой зөрчилдөх ажлыг хүртэл “төсөл” нэрийн дор хийж л байдаг. Тэрнээс нь мөнгө орж ирдэг, түүн дээр нь хэдэн хүн амьдардаг, тэгээд Монгол Улс өрөнд орж, баахан тусламж дэмжлэг авсан нэртэй хоцордог, бодит үр дүн гардаггүй. Энэ бүгдийгээ ч гэсэн цэгцэлж харах ёстой. Жишээ нь, Улаанбаатар хотыг арван хэдэн сая доллараар камержуулсан төслийг харах хэрэгтэй болж байна, дахиад хоёр дахь шат нь үргэлжилнэ гэж байна. Тэрбум гаруйхан төгрөгөөр Баянгол дүүргийг камерийн хяналтад оруулж болж байхад 13-14 сая доллараар Улаанбаатарыг яагаад камерийн хяналтад оруулж болоогүй вэ? Гурван тал нь сохор, нэг тал руугаа л хардаг камер тавьчихаад түүнийгээ замын хяналт гэж хэлж болохгүй шүү дээ. Гэхмэтчилэн өмнө нь хийсэн ажлуудаа эргэн харах ёстой. Энэ туршлага, алдаан дээрээ суралцаад дараагийн ажлуудаа бодох шаардлагатай болж байна. Төсвийн тодотгол дээр мөнгө нэмж тавихаасаа илүү гарын салаагаар урсаад байгаа энэ мөнгийг яаж илүү үр ашигтай болгох вэ гэдгийг харах ёстой. Дараа нь шаардлагатай бол хөрөнгө мөнгөө нэмэх тухай ярина.

-Төрийн албаны зөвлөлийг татан буулгана гэж танай намын мөрийн хөтөлбөрт орсон. Энэ ажил хэзээ хийгдэх вэ? Одоо жишээ нь яамдын боловсон хүчний шинэчлэл ярихаар ТАЗ дээр очоод гацдаг шүү дээ?

-Урт хугацаанд ардчилал төлөвшсөн орнуудад бол мэргэшсэн боловсон хүчин гэдэг маш үнэтэй капитал. Яагаад гэвэл ардчиллын үнэт зүйл угаасаа тогтчихсон, ардчиллын зарчмууд хэвшчихсэн, иргэнд үйлчлэх, нийтийн эрх ашгийн төлөө явах ёстой гэсэн ёсзүй төлөвшчихсөн байдаг. Дээр нь хэрэгжүүлэх гэж байгаа чиг үүрэг дээрээ  олон жилийн туршлагаараа зөв практик тогтоочихсон байдаг. Ийм боловсон хүчин бол хамгийн үнэ цэнэтэй капитал. Гэхдээ урт хугацаанд ардчилал тогтсон улс орнуудын хувьд шүү дээ. Манайх шиг шилжилт хийж байгаа улс орны хувьд, тэр дундаа авлига, сонирхлын зөрчилтэй, арга барил нь буруу, иргэндээ үйлчилдэггүй ийм бүтэцтэй, тэр нь бараг уламжлал болчихсон шилжилтийн үеийн нийгэмд олон жил ажилласан боловсон хүчин гэдэг өөрөө “энэ хүн чинь солигдох ёстой юм байна шүү” гэдэг дохиог өгч, эргэлзээ төрүүлж байдаг. Яагаад гэвэл энэ хүмүүсийг авлигын тогтолцоо, танил талын холбоо  тэр хүнийг тойроод байж байдаг, иргэнд халгаатай арга барил тэр хүний үйл ажиллагаанд шингэчихсэн байдаг. Нөгөөтэйгүүр шинэтгэх ёстой хандлага, шинэчлэлийн бодлогыг олж харах нүд нь алга болчихсон, одоо байгаа байдлаа хадгалж үлдэхийн төлөө хамаг юмаа зориулахад бэлэн болчихсон байдаг. Ийм боловсон хүчинтэй байгаа нөхцөлд боловсон хүний шинэчлэл гэдэг хууль тогтоомжийн шинэтгэлээс ч хэцүү бөгөөд нэн даруй хийх ёстой ажид. Одоо байгаа ТАЗ-ийн бүтцийг харахаар урт хугацаанд сайн боловсон хүчнээ хадгалж авахад зориулагдсан бүтцийг муу боловсон хүчинтэй авлигажсан тогтолцоонд хийчихээд, тэднийгээ төрийн албанд насаар нь хадах цоож л болох гэж байна. Үүнийг өөрчлөх ёстой гэж Ардчилсан нам харсан.

-Яаж өөрчлөх юм?

-Чиг үүргийг нь өөрчлөх ёстой. Боловсон хүчний томилгоо болон бодлогыг ЗГХЭГ буюу нөгөө шинэтгэл хийх гэж байгаа тэр бүтэц рүүгээ татаж оруулж ирэх ёстой. ТАЗ бол ёс зүйн хяналт тавьдаг, ерөнхийдөө тухайн боловсон хүчин төрийн байгууллагад тэнцэх үү үгүй юу гэдэг шалгалтыг зохион байгуулдаг тэр чиглэл рүүгээ явна. Тэр шалгуураар гараад ирсэн боловсон хүчинтэй шинэчлэл хийх гэж байгаа Засгийн газар өөрөө ярилцлага хийгээд, манай бодлого, шинэчлэлийг хэн илүү тууштай явуулж, шинэ соёлыг хэн илүү тусгаж авах вэ гэдгээр нь сонголтоо хийх ёстой. Түүнээс биш ТАЗ “энэ хүнийг ав” гэж тулгалт хийдэг байгууллага биш. Дараа нь нөгөө нөхөр нь алдаа гаргахаар хариуцах эзэнгүй. ТАЗ лав хэзээ ч хариуцлага хүлээхгүй, нөгөө асуудлыг үүрч яваа сайд нь болохоор “Энэ хүнийг би томилоогүй, надтай хамаагүй” гэж өөрөөсөө зайлуулж чаддаггүй. Шударга биш байгаа биз дээ. Тэгэхээр одоо хариуцлагын ойлгомжтой, тодорхой, шударга тогтолцоог бий болгох ёстой.

-Шинэ Засгийн газар 600 гаруй төрийн албан хаагчийг цомхотгож, ажил үүргийн давхардлыг арилгана гэсэн. Гэтэл Үйлдвэрчний эвлэл үүнийг нь эсэргүүцээд байгаа. Тэд татвар төлөгчдийн талд байх ёстой биш үү?

-Манай Үйлдвэрчний эвлэл “үйлдвэрчний эвлэл” гэдэг соёлоороо бүрдэж чадаагүй учраас ингэж байгаа юм. Үйлдвэрчний эвлэл бол баялаг бүтээгчид, тэр зах зээл дээр хөдөлмөр эрхлэгчдийг эрх ашгийг хамгаалах ёстойгоос биш тэднийг мөлжөөд, тэдэнд үйлчилгээ үзүүлж чадахгүй данхайгаад зогсч байгаа төрийн албан хаагчдыг өмөөрдөг байгууллага биш. Харин ч эсэргээрээ шинэчлэлийн бодлоготой хөл нийлүүлээд “Яагаад энэ төрийн албан хаагчид иргэдийн эрх ашгийг хохироогоод байна, иргэдэд үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа юм” гэж шаардаад зогсч байх ёстой юм. Гэхдээ энэ бол тэр байгууллагын л асуудал. Нэг зүйлийг хэлэхэд 600 хүнийг цомхотгоно гэж бид зарлаагүй. 600 хүний чиг үүрэг давхацсан байна, энэ 600 хүний ажлын байрны тодорхойлолт болон гаргаж байгаа бүтээгдэхүүн нь нийтийн эрх ашиг, иргэдтэй холбоотой асуудал дээр үнэлэгдэхгүй байна л гэсэн. Хүнд суртал өөрөө өөрийгөө үйлдвэрлэдэг гэдэг зарчмаар ямар ч нийтийн эрх ашигт хамааралгүй, иргэдэд үр ашиггүй албан тушаалтнуудыг үйлдвэрлэчихсэн. Ийм байгаа бол үүнийг цомхтгоно. Гэхдээ зайлшгүй хийгдэх ёстой чиг үүргүүд дээр албан тушаал тавигдаагүй, хүний нөөц бий болгоогүй байвал тэдгээр хүмүүсийг шилжүүлнэ. Үнэхээр ур чадвартай сайн мэргэжилтэн байгаа бол шүү дээ. Төрийн албан хаагч гэдэг бол татвар төлөгчдийн төлсөн мөнгө, тэдний бий болгосон баялаг дээр ажиллаж байгаа учраас тэр хүмүүсийнхээ боломжоор л тоо нь хязгаарлагдана. Түүнээс биш “би баях ёстой” гэж цээжээ дэлддэг байж болохгүй. Харин “би байх ёстой” гэж цээжээ дэлдэх ёстой хүмүүс чинь иргэд, татвар төлөгчид, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид байхгүй юу. Тэдэнд үйлчлэхийн тулд даруухан, ажлаа мэддэг, ёс зүйтэй, тэднээс хавьгүй илүү хариуцлага хүлээдэг байх ёстой. Төрийн албыг нийтийн алба болгоно гэсний учир ч энэ.

-Асуухгүй өнгөрч болохгүй нэг зүйл байна. Ардчилсан намтай хамтарч байгаа “Шударга ёс” эвсэлд тань “Ахиллийн өсгий” гэдэг шиг, өсгийд орсон өргөс шиг нэг зүйл бий болчихлоо. МАХН-ын дарга Н.Энхбаяр. Ч.Улаан сайд “Н.Энхбаяр даргын асуудал дээр бид хүний эрхийн асуудлыг сөхөж тавина, тэмцэнэ” гэсэн. УИХ-ын НББХ-ны дарга З.Баянсэлэнгэ ч хэвлэлийн бага хурал зарлаад тэмцээд байсан. Гэтэл Ардчилсан нам “авлигатай тэмцэнэ” гэдэг. Энэ ойлголтын зөрүүг яаж даван туулах вэ, хийх гэж байгаа өөрчлөлтөд хэр саад болох бол?

-Саад болох, болохгүйг хэлж мэдэхгүй байна. МАХН-МҮАН-ын байгуулсан эвсэл “Шударга ёс” гэсэн нэртэй. Тэгэхээр нийгмийн шударга ёсны төлөө хамтрах байх аа гэж бодож байна. Шударга ёсыг хуулиар л тогтоодог, хуулиас гадуур шударга ёс тогтооно гэвэл өширхөл, хонзогнол болж хувирна. Тиймээс бид хэрвээ шударга ёсыг тогтооно, нийгмийн шударга ёсыг бий болгоно гэдэг амлалтын төлөө нэгдэж байгаа бол хамгийн түрүүнд хуулиа сахиж сурна аа, хуулиа дээдэлнэ ээ. Хууль зөрчсөн, авлигын хэрэгт холбогдсон, албан тушаалаа ашигласан хэн гуайд ч бид хуулийг завхруулах боломж олгохгүй. Шүүн таслах ажиллагаа илүү шударга байх чиглэл рүү бид шинэтгэл хийнэ гэснээс биш шүүхээс давсан албан тушаалтны ашиг сонирхол, дур зорго гэж байж болохгүй. Энэ Засгийн газар, тэр дундаа шинэтгэлийн Засгийн газрын Хууль зүйн сайдын албыг хашиж байгаагийн хувьд би энэ дөрвөн жилд авлигатай хатуу тэмцэнэ. Авлигын хэргээр шалгагдаж байгаа хэний ч өмнөөс өрөвдөж, өмөөрсөн үг хэлэхгүй. Хүний эрх зөрчихгүй байх чиглэл рүү хуулийн байгууллагуудын шинэчлэлийг эрчимжүүлнэ. Гэхдээ хүний эрх нэрийн дор авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байгаа хэн гуай ч хариуцлагаас мултрахгүй. Үүн дээр бид хатуу зогсоно. Энэ үзэл бодол, бодлоготын эсрэг “Шударга ёс” гэдэг нэртэй, ийм үзэл бодол, үнэт зүйлийн төлөө сонгуульд орсон нам хатуу зогсоод байхгүй байх л гэж бодож байна.

-Засгийн газарт хамтарч орохоор эвсэлтэй гэрээ байгуулах үед лав энэ асуудлаар хоёр нам тохиролцоо хийгээгүй, гэрээний мөр хооронд харагдаж үзэгдэхгүйгээр хийчихсэн элдэв тохироо байхгүй гэсэн үг үү?

-Би өөрөө хамтарсан Засгийн газрыг бүрдүүлэх ажлын хэсэгт орсон. Ажлын хэсэгт ороод би хамгийн түрүүнд нэг зүйлийг хэлсэн. Бид сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан, ардчиллын тогтолцоон дотор байгаа Засгийн газрыг байгуулах гэж байна. Монгол Улс Үндсэн хуулиараа эрх мэдлийг хуваарилчихсан. Шүүх, хуулийн байгууллагын шийдэх ёстой асуудал бидний энд ярьж байгаа асуудалд хутгалдаж орохгүй шүү. Шүүх хуулийн байгууллага зохих журмаараа өөрөө өөрийнхөө асуудлаа шийдээд явна. Тэнд алдаа мадаг байна гэж үзвэл тэндээ асуудлаа шийдэхээс биш энд орж ирж шийдэхгүй шүү. Хүний эрх зөрчигдөж байна, хууль болхи байна, шүүх хуулийн байгууллагыг шинэтгэх шаардлага байна гэж үзэж байгаа бол тэр бодлогыг бид эндээ гаргана. Гэхдээ ямар ч бодлого, ямар ч эрх зүйн шинэтгэл нэг хүнд зориулагдахгүй, нийтийн эрх ашигт зориулагдана. Тиймээс хэн нэг хүнд зориулсан хуулийн шинэтгэлийн тухай ярихгүй, Засгийн газрын бүрэлдэхүүнд ч тийм хүн орж ирэхгүй шүү гэдгийг хатуу хэлсэн. Тэр тохиролцоондоо манай хамтрагч нар одоо хүртэл үнэнч байгаа. Мэдээж хэрэг цөөн тооны хүмүүсийн хувьд хүн чанар, хувь хүний харьцаа гэдэг утгаараа Н.Энхбаяр гэдэг хүний асуудал хөндөгдөж байгаа байх.

-Н.Энхбаярыг хэзээ хорих руу шилжүүлэх вэ?

-Сайдын ажил авсаныхаа дараа би “Эрүүл мэндийн учир шалтгаантай байна” гэдэг олон удаагийн хүсэлтийн дагуу “Үнэхээр эрүүл мэндийн шалтгаантай байгаа бол шинжилгээ хийлгэх, эрүүл мэндийн үзлэгт оруулах зорилгоор цагдан хоригдож байгаа байрнаас нь гаргах асуудлыг судлаад шийд” гэдэг үүрэг өгсөн. Гэхдээ нэг зарчмыг дахин дахин хэлүүлсэн. Тэнд байгаа хүн шүүхэд нөлөөлөх ямар ч алхам хийж болохгүй, өөрийнхөө асуудлыг шийдүүлэхийн тулд улс төрийн механизм ашиглах оролдлого хийхгүй, бусад иргэд ямар хяналтан дор байдаг вэ, яг тийм л байна. Шүүхийн зөвшөөрөлгүй хэнийг ч оруулахгүй, шинжилгээ хийгдэж, эмчилгээтэй холбоотой үр дүнгүүд гарсан бол байдаг газраа буцаад орно. Хэдэн өдөр вэ гэж би асуусан, шинжилгээний хугацаа тав хоног гэсэн. Одоо эмчилгээтэй холбоотой үр дүнгүүд гараад хуулийн байгууллагад танилцуулах хугацаа нь дөхөж байна.

Б.СЭМҮҮН
Ардын эрх

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.