Ө.Энхтүвшин: Монголд Сонгуулийн ардчилал байна уу, үгүй юу гэдгийг асуумаар байна
УИХ-ын даргын зөвлөлийн хурал дээр МАН-ын гишүүд орж ирэв
2012.10.18

Ө.Энхтүвшин: Монголд Сонгуулийн ардчилал байна уу, үгүй юу гэдгийг асуумаар байна

Ө.Энхтүвшин: Монголд Сонгуулийн ардчилал байна уу, үгүй юу гэдгийг асуумаар байна
З.Энхболд: Парламент ярих юмаа ярьдаг газраа ярина

МАН-ын гишүүд өчигдөр үдээс хойш хуралдаж УИХ-ын даргатай уулзаж, Г.Батхүү, Д.Зоригт нарын тангараг өргөх ёслолыг хойшлуулах шаардлага тавихаар шийдвэрлэжээ. Улмаар хурлынхаа дараа УИХ дахь МАН-ын бүх гишүүн УИХ-ын даргын өрөөнд орсон юм. Ингэхдээ орох гэж байгаа тухайгаа урьдчилан мэдэгдээгүй бөгөөд орох үед нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл парламентын ордон шинээр барих асуудлаар хуралдаж байлаа. Энэ үед явж орсон МАН-ын гишүүд ямар хүсэлт тавьж, УИХ-ын дарга түүнийг нь хэрхэн хүлээж авсныг хүргэе.

З.ЭНХБОЛД: -Та нарыг хэн орж ир гэсэн юм бэ. Энд хурал болж байна.
Ө.ЭНХТҮВШИН: -Манай намын гмшүүд үзэл бодлоо илэрхийлж, тодорхой шаардлага тавихаар орж ирлээ. Хамгийн анх Хан-Уул дүүргийн шуүх шийдвэр гаргасан нэрээр манай хоёр гишүүнийг тангараг өргүүлээгүй. Энэ мэтээр шүүх шийдвэр ярьсаар саяхныг хүрлээ. Дээд шүүх хурлаа хийж эцсийн шийдвэр гаргахын өмнө Өвөрхангай аймагт шийдвэр гарсан гэдэг нэрээр Дээд шүүхээс гомдлоо татаж авсан. Өвөрхангайн шүүхийн шийдвэрийг үндэслэн СЕХ хуралдаад Г.Батхүү, Д.Зоригт нарын нэрийг өргөн барьсан. Сонгогчдын саналыг харгалзан үзэлгүйгээр шүүх шийдвэр гаргаж УИХ-ын гишүүнийг сонгодог боллоо. Цаашдаа ингэж явах юм уу. Ардчилал байхгүй боллоо. Монголд сонгуулийн ардчилал байна уу, үгүй юү гэдгийг асуумаар байна. Тиймээс бид маргааш болох Г.Батхүү, Д.Зоригт нарын тангараг өргөх ёслолыг хойшлуулахыг шаардаж байна. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байна.

Нэгдүгээрт, насанд хүрээгүй байсан гээд байгаа хоёр хүүхэд шүүхэд хандсан. Хоёрдугаарт, Өвөрхангайн тойргийн хороог шүүхэд өгчихсөн. Гуравдугаарт, Г.Батхүү, Д.Зоригт нартай холбоотой асуудлыг бас шүүхэд өгчихсөн байгаа. Ийм байхад тангарагергех асуудлыгхүчээр шийдэж болохгүй.

З.ЭНХБОЛД: -Маргааш өглөө 10.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Тэр үед наад асуудлаа ярь. Асуудлыг бүгдээрээ шийднэ шүү дээ. Би ганцаараа шийдэхгүй.
Н.ЭНХБОЛД: -Хэлэлцэх асуудлыг УИХ-ын дарга шийдэж болно шүү дээ.

З.ЭНХБОЛД: -Та хэд хэлэлцүүлэх асуудлаа маргааш оруулаад ир. Тэгээд гишүүд юу гэж хэлэх нь вэ, түүнээс шалтгаана.
Су.БАТБОЛД: -Одоо та нар энэ зөвлөлийн хурал дээрээ биднийг байх үед хэлэлцэж болно шүү дээ. Та нар асуудлаа эндээ шийддэг биз дээ.

З.ЭНХБОЛД: -Бид нар энд өөр асуудал ярьж байна.
Су.БАТБОЛД: -Энд ярьж болно шүү дээ. Бид ярихыг шаардаж байна. Та нар ярих юмаа ярьдаг, ярихгүй гэснээ ярихгүй байж бдлохгүй.

З.ЭНХБОЛД: -Парламент ярих юмаа ярих ёстой газар нь ярина. Хэвлэлийнхнийг оруулж ирэх хэрэггүй байсан юм. Энд парламентын дотоод ажил явж байна.
Су.БАТБОЛД: -Бид дагуулж орж ирсэн юм. Энд нуугаад байх ямар ч асуудал байхгүй. Та хэнээс, юугаа нуух гэсэн юм бэ.
Ө.ЭНХТҮВШИН: -Иргэд юу болоод байгааг ойлгохоо болиод байна. СЕХ ныхон нь зугтаж яваад энд хүрээд ирэхэд та шийдвэрийг нь хүлээгээд авчихдаг. Бид гадаа нь хүлээж байсан.
Су.БАТБОЛД: -Маргааш бас нэг балай юм хийх гэж байгаа биз. Асуудлыг шийддэг хурал чинь энэ мөн юм бол одоо шийд.

З.ЭНХБОЛД: -УИХ өөрийн гэсэн дэгтэй. Тэр дэгээрээ л явна.
Н.ЭНХБОЛД: -Энхболд дарга аа дэг байтугай хууль зөрчиж байгаа учраас бид ороод ирлээ. УИХ, шүүх, прокурор гээд бүх хууль хяналтын байгууллагыг уландаа гишгэж байна. Тиймээс бид зөвхөн улс төрийн шаардлага тавих гэж орж ирсэн юм. Ийм байхад бидний асуудлыг авч хэлэлцэхгүй юун байшин барилга барих тухай яриад байгаа юм бэ.
Ц.НЯМДОРЖ: -Нэгдүгээрт, та нар нэг мөсөн Монгол Улс сонгуулийн ардчиллыг устгалаа гэдгээ зарлачих л даа. Хоёрдугаарт, Энхболд оо, чи УИХ-ын дарга уу, АН-ын бүлгийн дарга уу. УИХ-ын дарга мөн үү, биш үү гэдгийг чинь асуумаар байна. Чи өөрөө хууль бусаар томилогдсон хүн. УИХ-ын 25 гишүүн, тэдний цаана байгаа сонгогчдын төлөөллийг хүлээж авдаггүй чи хаанахын дарга юм бэ.

З.ЭНХБОЛД: -Нямдорж оо, ярьдаг газраа яриарай.
С.БАЯРЦОГТ: -Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарсан ш дээ, Нямдорж гуай. Ярих юмаа л ярь. Энэ бүхнийг хооронд нь хольж хэрэггүй. Энд сууж байгаа хүмүүс ажлаа хийж байна. Энэ хүмүүсийн буруу гэж юу байгаа юм бэ. УИХ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байх ёстой. Та нар тавьж бай-гаа шаардлагаа бусад зүйлтэй битгий холь л доо.
Ө.ЭНХТҮВШИН: -За ямар ч байсан маргааш тангараг өргүүлэх асуудал байхгүй шүү гэдгийг хэлье. Яагаад гэвэл асуудал шүүхийн шатандаа явж байна.

З.ЭНХБОЛД: -Үүнийг хэлэлцэх асуудал дээр л ярина.
Ц.НЯМДОРЖ: -УИХ-ын даргынхаа байр суурин дээр бай л даа. Нэг намын зодуурын хүүхэд шиг байхаа боль. УИХ-ын дарга гэдэг чинь олонхи цөөнхөө тэнцвэржүүлж алтан дундажийг барьж болдог албан тушаал. Тиймээс ямар суудал дээр сууж байгаагаа ойлгох хэрэгтэй. Өөрөө бол ойлгохгүй гурван cap боллоо.

З.ЭНХБОЛД: -Энхтүвшин дарга хуралдаа суу. Бусад нь явж байж болно. Үргэлжлүүлэн юмаа ярьцгаая.
Д.ДЭМБЭРЭЛ: -Бидний тавьсан шаардлага маргааш хэлэлцэх асуудлын дараалалд орох уу, үгүй юү гэдгийг одоо энд шийднэ. Хэрвээ тэгнэ гэвэл Энхтүвшин дарга үлдэж хэлэлцээд бидэнд хариу өгөх хэрэгтэй. Энэ бол яаран шийдэх асуудал биш. Шүүх дээр асуудал нь явж байхад хүчээр түрж байгаа нь нэг л тусгүй байна даа.
Н.ЭНХБОЛД: -Ядаж яагаад адилхан зарчмаар ярихгүй байгаа юм бэ. Биднийг өмнө нь асуудал тавихад шүүх дээр асуудал явж байна, хариу нь гарахаар шийднэ гэсэн. Хан-Уул, нийслэл, Дээд шүүх гээд бүгдийг нь хүлээлээ. Энэ хооронд юу ч хийгээгүй. Яагаад гэвэл, хуулийн дагуу шийдэгдэх байх гэсэн итгэл бидэнд байсан. Гэтэл өргөдөл бичингүүт нь шүүрч аваад хэлэлцэж шийдвэрлээд бараг бэх нь хатаагүй байхад СЕХ-нд авчирч өгсөн. СЕХ тэр өдөр нь хуралдаж зугтаж гараад шийдвэрээ шөнөөр өргөн барьсан. Үүнийг энгийн хүмүүсийн нүдээр харахад Монгол Улсын парламент, СЕХ-ны нэр хүндийн хувьд арай дэндүү ичмээр зүйл болж байна.
Ж.ЭНХБАЯР: -Өнөөдөр улс төрийн тогтвортой байдал юу юунаас илүү чухал байна. Энд байгаа хүмүүс улс орныг авч яваа. Гэтэл ийм байдалтай байгаад нь харамсч байна. Ардчиллынхаа үнэт зүйлийг уландаа гишгэж байгаад үнэхээр харамсч байна шүү.
Н.ЭНХБОЛД: -Өчигдөр шөнө СЕХ хууль зөрчиж шийдвэр гаргаад зугтаж алга болсноос хойш Монгол Улсад ардчиллын тухай ярих хэрэггүй боллоо. Биднийг хүлээж авахгүй, уулзахгүй байна. Тиймээс бид ингэж орж ирж уулзахаас өөр яах юм бэ

З.ЭНХБОЛД: -Ойлголоо, сонслоо. Даргын дэргэдэх зөвлөл хурлаа үргэлжлүүлье. Танай намын дарга үлдээд хуралдаа суух хэрэгтэй.
Сү.БАТБОЛД: -Бид Монгол төр тогтвортой байг гэж үзээд бүх асуудалд тэвчээртэй, хүлээцтэй хандаж байгаа. Далай багшийн сургаалд "Тэвчээртэй байна гэдэг бол сул байгаагийн шинж биш. Харин агсарсан уур хилэнтэй байгаа нь өөр шинж" гэсэн байдаг. Бидний байр суурийг буруугаар ойлгож дарамт шахалт үзүүлж болохгүй байх. Хамтраад юмыг босгож, бүтээж явсан туршлагатай олон хүн энд байна. Бидний тавьж байгаа асуудал нь зарчмын асуудал учраас урьдчилан орж ирээд саналаа хэлье гэж үзсэн юм. Эрх биш туршлагатай хүмүүс байна, бидний ярьж байгаа асуудлыг суурь үндсээр нь сонсч, ойлгох байх гэдэг үүднээс орж ирлээ. Бидний, биднийг дэмжиж байгаа ард иргэдийг тэвчээрийг  барвал улс орны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. Тиймээс энэ бүхнийг та хэд нухацтай бодож үзээч ээ. Энэ бол хэдхэн хүмүүсийн аргаа барж, аашаа гаргах гэсэн алхам биш шүү гэдгийг хэлье. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.