Г.Батхүү: Би  төрсөн  нутагтаа очих  нүүргүй  болчихсон  хүн  биш
Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү
2013.05.16

Г.Батхүү: Би төрсөн нутагтаа очих нүүргүй болчихсон хүн биш

УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ярилцлаа.

-Танд Өвөрхангай аймгаас мэдээ ирж байна уу?

-Ямар?

-Тэнд “Сонголтоо дээрэмдүүлсэн сонгогчид” гээд жагсаал зохион байгуулж байгаа юм байна?

-Жагсаал болох юм гэнэ лээ гэсэн мэдээг хэвлэлээс л авсан. Бас би аймгийн АН-ын удирдлагуудтай ярьсан л даа. Зохион байгуулалттайгаар тэр жагсаалд хүмүүсийг оролц гэж байгаа гэсэн сураг сонссон. Уг нь жагсана гэдэг хүний итгэл үнэмшлээр хийдэг ажил шүү дээ. Түүнээс намын ч гэдэг юм уу, хэн нэгнийг дагаж хүчээр жагсдаг зүйл байх ёсгүй л байх. Жагсаалын үр дүнд юунд зорьж байгаа, юу хүсч байгааг сонсох л хэрэгтэй гэж бодож байна. Нэгэнт л ард түмэн жагсч байгаа бол сонсох л ёстой.

-Бас АН-ынхан жагсах гэж байгаа юм уу?

Жагсаалын үеэр

-Одоогоор яг тэгнэ, ингэнэ гэсэн мэдээлэл алга. Манай нөхөд шударга ёсны төлөө дараа нь акц хийнэ л гэж байсан. Харин зэрэгцүүлж жагсаал хийхгүй гэж байна лээ. Жагсаал хийж замбараагүй байдал бий болгохыг хүсэхгүй байгаа юм. Гэхдээ бас байр сууриа илэрхийлнэ гэж байна лээ.

Энэ жагсаал цуглаан Д.Зоригтыг УИХ-ын гишүүний тангараг өргөснөөс үүдэлтэй. Уг нь МАН, АН-ынхан Өвөрхангайн хоёр мандатыг нэг, нэгээр нь авъя гэж тохирсон юм биш үү?

-Нэгдүгээрт, намууд ямар тохироо хийсэн тухай би мэдэхгүй юм. Би угаасаа оролцоогүй. Оролцдог субъект нь ч биш. Тохироо хийсэн тухай яриа гарахаар нь би МАН-ын дарга Ө.Энхтүвшинтэй хамт АН-ын дарга Н.Аптанхуяг дээр орсон. Өрөөнд нь Ч.Сайханбилэг сайд сууж таарсан. Тэгэхээр нь “Та хоёр ямар тохироо хийчихэв, тэр тохиролцоондоо хүрэхгүй байна гэж намайг хэвлэлээр бичээд байна” гэж би асуусан.

Миний нүүрэн дээр надгүйгээр ямар асуудал шийдсэнээ хэлээд өг гэсэн. Хоёр дарга “Г.Батхүүгийн тухай асуудал энд огт байхгүй. Бид Д.Зоригтыг өргөдлийг нь бичүүлээд, түр тангараг өргөхийг нь хүлээлгэж байсан юм. Энэ хооронд С.Чинзоригийг шүүхээр дахиж асуудлаа ярьж, шийдвэр өөрөөр гарах боломж байгаа бол хүлээе” гэж ярьсан. Өөрөөр хэлбэл, “Чамд хамаагүй” гэж хоёулаа хэлсэн. Тэгээд л би орхиод гарсан.

-Та тэгвэл С.Ганзоригт юу гэж амласан юм бэ. “Г.Батхүү хэлсэндээ хүрсэнгүй, жудаггүй загналаа” л гэж мэдэгдэж байна лээ.

-Тийм, би сонссон. Г.Батхүү хэлсэн амандаа хүрсэнгүй гэж С.Чинзориг хэлээд байгаа. Гэхдээ би С.Чинзоригт ямар нэгэн зүйлийн талаар огт амлаагүй. Харин С.Чинзориг миний өрөөнд намайг хоёр хүнтэй сууж байхад “Энэ өргөдөлд гарын үсэг зураад өгөөч" гэж орж ирсэн. Тэр нь юу байсан гэвэл Чинзориг огт буруугүй гэсэн өргөдөл миний өмнөөс бичээд гарын үсэг зуруулахыг хүссэн юм. Би “С.Чинзориг буруугүй” гэж шүүхэд өргөдөл бичдэг субъект биш байхгүй юу. Угаасаа тэгж бичлээ ч шүүх тэрийг хүлээж авахгүй. Хоёрдугаарт, тийм зарчим ч байхгүй. Шүүхийн шийдвэр С.Чинзориг буруутай гээд гарчихсан байхад би, С.Чинзориг буруугүй юм байна лээ гэж гарын үсэг зурахгүй гэдгээ хэлсэн. Ийм л юм болсон.

-С.Чинзориг болохоор өөр мэдэгдэл хийгээд байгаа шүү дээ?

-Мэдэхгүй юм. Ямартай ч манай өрөөнд тэгж орж ирснийхээ дараа над руу болон манай ээж рүү дарамталсан заналхийлсэн мессеж бичсэн. Би тэр мессежийг нь намынх нь Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж гишүүдэд үзүүлсэн. Миний 70 гарсан ээж рүү “Урт удаан наслахыг чинь харна аа” гэсэн мессеж явуулсан.

Миний 70 гарсан ээж рүү “Урт удаан наслахыг чинь харна аа” гэсэн мессеж явуулсан.

Би С.Чинзоригт хэлсэн л дээ. Одоо чи надтай дахиад юу ч ярих эрх байхгүй шүү гэж. “Нэгд шүүх шийдвэр гаргасан. Хоёрт, чи хүний амьдрал руу орж, дарамталсан мессеж бичдэг хэн юм бэ. Гэхдээ би чам шиг хөөцөлдөөд хэл ам хийгээд явахгүй ээ. Наадах чинь хүний ёсноос хэтэрлээ. Улс төр гэдэг чинь дэндүү газар авчихаж байгаа юм биш үү. Сүүлдээ эцэг, эх, ар гэр рүү орлоо, боль л доо” гэсэн.

Үнэхээр С.Чинзориг 100 грамм татчихаад над руу гомдоллож мессеж бичвэл би ойлгоно, сонсоно. Тэгтэл яахаараа миний өндөр настай ээж рүү дарамталсан мессеж бичих ёстой юм бэ. Т иймээс ч дахиад надтай битгий яриарай гэсэн юм. Тэрнээс хойш бид хоёр яриагүй.

Ер нь бол Өвөрхангайн сонгуулийн асуудлаар бүх шатны шүүхийн шийдвэр Г.Батхүү, Д.Зоригт хоёр шударга өрсөлджээ, Н.Төмөрхүү, С.Чинзориг хоёр хууль зөрчжээ л гэж гарсан. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд зааснаар бол хууль зөрчсөн хүн УИХ-ын гишүүн болоод ороод ирэх бололцоог хаасан. Ийм л шударга хууль гарсан гэж ойлгож байгаа.

-Хуулийн дагуу эхнээсээ ийм ойлгомжтой байсан юм бол яагаад Д.Зоригт гишүүн та хоёр цуварч тангараг ергөсөн юм бэ?

-Шүүхийн шийдвэр гарсны дараа Н.Төмөрхүү СЕХ-нд өргөдөл гаргасан юм билээ. “Манай сонгуулийн штабынхан хууль зөрчжээ, тэрийг нь шүүх тогтоосон учраас би УИХ-ын гишүүний түр үнэмлэхээсээ татгалзаж байна” гэж Н.Төмөрхүү өргөдөл гаргасан байсан юм. Ийм өргөдөл өгсөн учраас гуравт байсан би хоёр руу орж тангараг өргөсөн. Нэгдүгээрт, Төмөрхүү нэрээ татсан учраас би тангараг өргөсөн. Хоёрдугаарт, шүүхийн шийдвэр гарсан байсан

учраас би орж ирсэн. Харин Д.Зоригт шүүхийн шийдвэр эцэслэх хүртэл түр хүлээсэн хэрэг. Би тангараг өргөснөөсөө хойш энэ процесст оролцоогүй л дээ. Гэхдээ миний ойлгосноор Сүхбаатар дүүргийн шүүхэд С.Чинзориг хоёр удаа өргөдөл егсөн юм билээ. Эхнийхийг нь өөрөө татаад, хоёр дахид нь ороод ялагдсан гэж ойлгосон.

-Н.Төмөрхүүг түрүүлж нэрээ татахад бас л та нөлөөлсөн юм биш үү. Өмнөх янз бүрийн но-той үйлдлийг чинь дэлгэнэ гэж дарамталсаар нэрийг нь татуулсан гэх юм.

Нэр дэвшигчид

-Би Н.Төмөрхүү гэдэг залуутай амьдралдаа ганцхан удаа уулзсан. Таних ч үгүй. Харин ганц уулзсан шалтгаан нь “Ах аа, би нэрээ татчихлаа, та гомдолгүй гэдэг өргөдөл гаргаж өгөөч ээ" л гэж над дээр ирсэн. Гэтэл гомдолгүй гэдэг өргөдлийг би гаргахгүй байхгүй юу. Яагаад гэвэл тэр хүний хийж байсан бизнес, сургууль төгсөөгүй хуурамч диплом бүрдүүлж сонгуулийн хууль зөрчсөний төлөө би гомдолгүй гэж өргөдөл гаргаж өгөх субъект биш. Тийм учраас гаргаж өгөөгүй. Түүнээс биш Н.Төмөрхүүг түр үнэмлэхээсээ татгалзаад өргөдөл өгчихвөл би тэгнэ гэсэн асуудал хэнтэй ч яриагүй.

-Ер нь бол шүүхийн шийдвэр эцэслэсэн юм уу. Та болоод танай намынхан Дээд шүүх, Цэцийн шийдвэр ч гарсан гэдэг. Гэтэл С.Чинзориг ядаж Дээд шүүхэд давж заалдах боломж олдоогүй гэх юм?

-Бүх шатны шүүхэд тэд хандсан. Бүх шатны шүүх С.Чинзориг, Н.Төмөрхүү нар хууль зөрчсөн нь үнэн байна гэсэн шийдвэр гаргасан. Түүнээс нь өмнө Өвөрхангай аймгийн тойргийн хороон дээр МАН олонхи байхдаа С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёр сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд ашигласныг тогтоосон. Ингээд тойргийн хороо хуралдаад та хоёр энэ алдаагаа зас гэсэн албан бичиг явуулсан байдаг юм. Тэр бичгийнх нь хуулбар ч надад бий. Уг нь Сонгуулийн хуульд зааснаар насанд хүрээгүй хүүхэд сонгуульд ашигласан бол тэр хоёр хүн санал хураалтад орохгүй байх ёстой байсан. Гэтэл тойргийн хороо анхааруулаад л өнгөрсөн, санал хураалтад оруулсан нь хариуцлагагүй хууль зөрчсөн үйлдэл гэдгийг ч аймгийн шүүх анхлан тогтоосон. Тэрнээс эхэлж л асуудал үүссэн. Би архи тараасан энэ тэрийг яриагүй байна шүү. Хамгийн эхний шийдвэр тэгж л гарсан юм. Тэр үед тойргийн хороонд МАН олонхи, дарга нь ч МАН-ын хүн байсан. Тэд эхэлж “Та хоёр хууль зөрчсөн байна. Үүнийгээ зогсоо” гэж Н.Төмөрхүү, С.Чинзориг хоёрт бичиг өгсөн юм билээ. Уг нь бичиг өгөх биш, шууд л нэрсийн жагсаалтаас хасч хууль биелүүлсэн бол шүүх гэж цаашаа процесс өрнөхгүй байсан юм.

-Өвөрхангай аймгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах түр хорооныхон гэж хэсэг хүн хэвлэлийн бага хурал зарласан. Тэд ард түмний сонголтыг хүндэтгэхгүй байна. Д.Зоригт гишүүн та хоёрыг эргүүлж татна гэж мэдэгдэж байсан л даа. Та ер нь тангараг өргөснөөсөө хойш Өвөрхангай руу очсон уу?

-Би тангараг өргөөд дөрвөн сар болж байна. Үүнээс хойш Өвөрхангайд очоогүй л байгаа. Өвөрхангайд хоёулаа болж очно гэж бодсон юм. Яагаад гэвэл, Өвөрхангайн ард түмэн нэг хүнд санал өгөөгүй. Том тойргоор сонгууль явж, хоёр хүнд өгсөн. Тэгээд хоёр гишүүн тангараг өргөчихсөн учраас одоо би явна. Мэдээж олон хүн дотор эсрэг бодолтой хүн байгаа л байх. Гэхдээ бас намайг дэмжсэн 40 хувь бий. Тэд ирээд сонголтынхоо тухай ярьж болно.

Өвөрхангайн сонгууль

Ер нь бол бид бүгдээрээ хуулийн дор л амьдарч байгаа. Гэмт хэрэг үйлдсэн хүн “Би буруутай” гээд шоронд явдаггүй биз дээ. Хүн болгон л тайлбар хийдэг. Санамсаргүй ингэлээ, тэглээ гээд л тайлбар хийдэг. Тэгэхээр тэр хүмүүсийн үйлдлийг олон нийт ойлгох байх аа.

Би төрсөн нутагтаа очих нүүргүй болчихсон хүн биш. Намайг хүлээж авдаггүй ч юм уу, тийм юм байхгүй. Ганц нэг хүн санал бодлоо хэлэх л байх. Тэрнээс нь айгаад, болгоомжлоод байх юм алга. Би Өвөрхангайгаас УИХ-д гурван удаа сонгогдлоо. Энэ хугацаанд миний хийсэн бүтээсэн зүйл их бий. Цаашид хийх зүйл ч их бий. Тиймээс нэг л зарчим барьж ажиллаж байгаа. Тэр нь хэн намайг дэмжсэн, эсэргүүцсэн гэдгийг нь харах биш, урагшаа харж ажиллана. Орон нутгаа хөгжүүлнэ гэж бодож байгаа.

-Ард түмний сонголтын тухайд юу хэлэх вэ. Хэдэн мянган санал илүү авсан хүн УИХ-ын гадна үлдлээ гээд байгаа шүү дээ?

-Хаан сонголт л гэж байна. Уг нь хуулийн дагуу өгсөн сонголт хаан байна уу гэхээс, хулгай хийгээд авчихсан санал хаан байна гэж байхгүй ш дээ. Тэр хаан сонголтыг чинь бид л ярих ёстой байхгүй юу. Хууль зөрчөөгүй авсан саналаараа илүү гарсан учраас хаан сонголт гэж би ярих эрхтэй. Гэтэл нөгөөдүүл хууль зөрчөөд авчихсан саналаа яриад хаан сонголт гэх юм. Тэгж ярих юм бол харин ч өөр асуудлууд бий шүү. Өвөрхангайд МАН-ынхан насанд хүрээгүй хүүхэд ашиглаж сурталчилгаа хийгээд, дээрээс нь нэр дэвшигчтэйгээ нийлж архи дарс тараагаад санал авсан. Тэгэхээр Өвөрхангайн ард түмний МАН-д өгсөн санал хүчин төгөлдөр үү, үгүй юү гэдгийг ярих ёстой. Яагаад гэвэл, энэ сонгуулиар намын жагсаалтаар гишүүд орж ирсэн. Гэтэл нэр дэвшигч, намын штаб хоёр цуг байсан. Тэгэхээр хоёр нэр дэвшигч нь хууль зөрчиж намдаа авчирсан санал ч хүчин төгөлдөр бус. Энэ талаар АН одоо ярих байх гэж би бодож байна. Яагаад гэвэл, тэр санал нь нийт намын авсан саналд нөлөөлөөд, нөгөө жагсаалтаар орсон хүний тоонд нөлөөлж байгаа юм.

Эцэст нь хэлэхэд, өмнө нь сонгууль будлиулж гэнэ, архи тарааж гэнэ, мөнгө тарааж гэнэ, гишүүн болчихож гээд л явчихдаг байсан. Харин энэ шинэ хуулийг одоогийн МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд ажлын хэсгийг нь ахлаад бид хоёр жил нухаж байж гаргасан. Тэгж л шударга сонгууль явж болдог, хууль зөрчсөн нь сонгогддоггүй тийм хууль баталсан. Тэр хуулийн дагуу л явуулсан сонгууль шүү дээ. Гэтэл одоо нөгөө хууль нь үйлчлээд хувь хүн дээр үр дүн нь гарахаар эмзэглээд байгаа юм. Би тэр хүмүүсийг ойлгож байна. Мащ их цаг хугацаа, хөрөнгө мөнгө гаргаж байж сонгуульд орсон. Гэхдээ л хууль өнөөдөр хүн бүрт ижил үйлчилнэ шүү дээ.

Бас МАН-ын зүгээс энэ хүнийг ашиглаж Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа явуулах гэж байгаа бол харамсалтай л байна. Яагаад гэвэл, ард түмэн бодит байдлыг ойлгож байгаа.

-Энэ сэдэвтэй холбоогүй нэг зүйлийг тантай уулзсаных тодруулъя. Сая УИХ-ын дэд даргыг шинээр сонголоо. Таныг дэд даргаас нэрээ татсан гэж сонссон юм. Яагаад ийм шийдвэр гаргасан юм?

-УИХ-ын дэд даргын хувьд энэ албан тушаалыг би өнгөрсөн дөрвөн жил хийсэн. Дээр нь Р.Гончигдорж даргыг болно гэж байхад би урдуур нь орно гэх ёс зүй надад байхгүй. Би таныг дэмжье л гэсэн. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт би ямар надад зориулж хийсэн албан тушаал биш гэж татгалзсан. Хоёрт, Р.Гончигдорж даргын урдуур орж нэр дэвшдэг, би болох ёстой гэж хэлэх зүрхтэй хүн одоохондоо лав АН-д байхгүй байх гэж би боддог. Тиймээс л надад санал тавихад нь би татгалзсан.