Ц.Цэнгэл: Ө.Энхтүвшин, Н.Энхбаяр нар хэл амаа ололцоход болохгүй гэх зүйлгүй
2012.09.21

Ц.Цэнгэл: Ө.Энхтүвшин, Н.Энхбаяр нар хэл амаа ололцоход болохгүй гэх зүйлгүй

-Ардын нам энэ удаагийн сонгуулиар олонхи болж чадаагүйн гол алдаа нь таныхаар юу вэ?

-Алдаа гэвэл олон хүчин зүйлээс хамаарна. Намын удирд­лагууд нэрсийн жаг­саалтад хүнээ томилохдоо алдаа гаргасан.

МАХН-ыг МАН-аар сольсон нь томоохон алдаа болсон гэж хэлж болно. Удирдлагууд буруугаа хүлээгээд албан тушаалаа өгч, хариуцлагаа хүлээсэн. Намын Бага хурлын үеэр намын алдаа, оноо, хариуцлагын талаар ярьсан. Ха­рин шинээр томилогдсон хүмүүс сайн ажиллаж байна. Манай нам Ардчилсан намд илт давуугаар ялагдчихаагүй. Хэдэн хүний зөрүүтэй суудал авсан. Гэтэл Ардчилсан намынхан өөр шийдвэр гаргаж, бусад намтай хамтарлаа. Уг нь олон суудал авсан намаас эхлээд хамтрах саналыг нь авч, үгүй гэвэл дараагийн намд ханддаг ёс бий. Үүнийг Ардчилсан намынхан хүлээн зөвшөөрөөгүй. Манай нам 46 суудал авсныхаа дараа Ардчилсан намтай хамтрах саналыг тавьж байлаа. Энэ нь дангаараа эрх барьж чадахгүйдээ биш юм шүү. Монгол Улсын эв нэгдлийг хангахын тулд Ардчилсан намыг хамтаръя гэж урьсан. Иймээс Ардчилсан намынхан ичиж зовдог бол нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа байх.

-Таны хувьд намынхаа шинэ удирдлагуудад хэр сэтгэл ханамжтай байгаа вэ?

-Ө.Энхтүвшинг дээр үеэс л мэднэ. Энэ хүн намынхаа муу сайныг ч тэр, Ардчилсан намтай хэрхэн ажиллахаа ч тэр сайн мэдэх юм. Г.Занданшатарын хувьд намынхаа залуучуудын холбоог авч явж байсан. Тиймээс Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хийж чадна гэж бодож байгаа. Орон нутгийн хурлын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулиар хэрхэн ажиллахаас эдгээр хүмүүсийн хувь заяа шийдэгдэнэ гэсэн үг шүү дээ. Зарим хүн “Танай намд өөр гишүүн байхгүй юм шиг УИХ-д ялагдсан хүмүүсийг даргаар тавьчихлаа” гэж байгаа. Манай нам нэгэнт ялагдчихсан юм чинь энэ байдлаасаа хэрхэн гарах талаар ажил хийх болов уу гэж үзэж байгаа учир тэдэнд итгэл хүлээлгэсэн. Түүнээс биш хүнгүйдээ тэднийг дарга болсон юм огт биш.

-МАХН нэрээ сольсон нь хамгийн том алдаа гэж та хэллээ. Тэгэхээр цаашлаад МАХН, Н.Энх-баяртай нэгдэх боломжтой гэж бодож байна уу. Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Энхбаяртай уулзах хүсэлт гар­гасан байна билээ?

-Н.Энхбаяр даргын талаар би дарга нарт хэлж байсан л даа. Ер нь манай намын угшлын хүн. Тиймээс тэдэнтэй хэл амаа ололцож болохгүй юм уу гэж байсан. Гэвч тэдэнтэй учраа олж чадаагүйн гай өнөөдөр гарч байна. МАХН дангаараа явбал урт замыг туулах болно шүү дээ. Тиймээс нэг намын угшилтай, бие биенээ сайн мэддэгийн хувьд үүнийгээ нэгтгээд явахад буруудахгүй. МАХН-аас Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чу­луунбат гээд цөөн хүн байна. Энэ хүмүүс Ардын намын удирдах бүрэл­дэхүүнд орох бүрэн болол­цоотой. Тэд Ардын намтай нэгдэхгүй, хонь, чоно болсон гэвэл худлаа байх. Манай намын удирдлагын арга барилаас их зүйл шалтгаалдаг. Одоо удирдлага өөрчлөгдсөн. Тэгэхээр Ө.Энхтүвшин, Н.Энхбаяр нар хэл амаа ололцоход болохгүй гэх зүйлгүй байх. Ярилцвал ярилцах л хүмүүс.

-Ардын намыг шинэчлэх цаг нь болсон уу. Учир нь фракциа ил тод болгох, их хурлаа яаралтай хуралдуулж шинэчлэлийг ярих хэрэгтэй гэж Бага хурлын зарим гишүүн хэлж байгаа?

-Манайхан фракциа ил тод болгоё гэж яриад байгаа. Ардчилсан нам шиг Х.Баттулгын фракци, “Алтангадас” фракци гэдэг ч юм уу. Энэ бол хэдэн хүний тохиролцооны үндсэн дээр явж байгаа юм. Манай намд үнэхээр фракци байгаа бол үүнийгээ ил тод зарлах хэрэгтэй. Мөн фракцийн үйл ажиллагаа намын бодлоготой харшлахгүй байвал болохгүй юм ч байхгүй л дээ. Гэхдээ нам олон фракцитай болоод эхэлбэл нам задрах магадлалтай шүү дээ. Үүний цаана тэдний хэнд итгэх вэ гэж эргэлзэж эхэлнэ. Тиймээс намын гишүүд сайн хэлэлцэх хэрэгтэй.

-Та болон УИХ-ын гишүүн асан Д.Очирбат нар хамтарч “Парламентын нээлттэй нийгэмлэг”-ийг байгуулсан. Та бүхний гол зорилго юу вэ?

-Намын Ерөнхий нарийн бич­гийн дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн байсан хүмүүс саналаа хөндлөнгөөс хэлээч гэсэн юм. Тэгээд “Парламентын нээлттэй нийгэмлэг”-ийг байгуулаад гишүүнээр нь ажиллаж байгаа. Э.Мөнх-Очир, Х.Ба­дамсүрэн, Ш.Сайхансамбуу, Д.Дондог гээд олон гишүүн бий. Бид болж өгвөл одоогийн парламентын гишүүдэд тусалъя гэж байгаа хэрэг. Гэтэл зарим хэвлэлээр парламентыг хянах бүлэг байгуулж байна гэж ташаа мэдээлэл байна билээ. Парламентыг хянадаг нь Үндсэн хуулийн Цэц шүү дээ. Анх сонгогдож байгаа гишүүд парламентад ажиллах туршлага бага байдаг. Юу хийгээд бай­гаагаа мэдэхгүй байж байгаад цаг хугацаа өнгөрчихдөг. Тиймээс бид хуулийг ингэж санаачилдаг, хуулийн цоорхой гэж ийм юм байдаг гэдгийг таниулах үүднээс “Парламентын нээлттэй нийгэмлэг”-ийг байгуулсан. Хамгийн гол нь хуулийг цоорхойгүй батлаасай гэдэг үүднээс ингэж байгаа юм.

-Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг-Ногоон намтай хамтарч засгаа байгуулсан. Тэдний гаргаж буй шийдвэр хэтэрхий түрэмгийлсэн байдалтай байна гэж УИХ дахь Ардын намын гишүүд үзэж байгаа. Таны хувьд юу гэж харж байна вэ?

-Орон нутгийн хурлын сон­гуу­лийн хуульд зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй. Гэтэл олноороо түрэм­гийлээд л оруулж ирлээ. Би сая хөдөө орон нутгаар их явлаа. Хүмүүс Ардчилсан намынхан зөв шийдвэр гаргаж байна. Гэхдээ хэтэрхий түрэмгий хандаад байна гэж ярьж байсан. Би ч мөн аливаа асуудалд түрэмгийлж хандаад байна гэж бодож байгаа. Парламентад найман жил суухдаа олон суудалтай Ардчилсан намынхны бодлыг асуудаг байлаа. Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт сайдаар ажиллаж байхдаа Ардчилсан намынхнаас хамтрах эсэх талаар асуухад сөрөг хүчин болно гэсэн. Манай намынхан их жудагтай ханддаг байсан гэж ойлгосон. Гэтэл одоо Ардын намын бодлыг хүлээж авахгүй байх юм. Бүлэг байгуулах асуудал байна. Бүлэг байгуулах дээр ингэж жудаггүй хандаж байгаа болохоор энэ нам хэр төлөвшсөн юм бэ гэж бодоход хүргэж байгаа.

-Ардын намынхан төр барьж байх хугацаандаа замбараагүй газар олгосноос болж маш олон барилга баригдсан. Үүнээс үүдэн хүний амь нас эндлээ. Ардчилсан намынхан энэ бүгдэд төр барьж байсан та бүхнийг буруутгаж байгаа шүү дээ?

-Манай намынхан автобус, машины талаар ярьж байсан. Хариуцсан хүмүүс нь энэ бүгдийг ажил хэрэг болгон, Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хуралдуулж чадаагүй нь үнэн. Харин Э.Бат-Үүл гарч ирээд эрс шийдэмгий ажлыг хийж байна. Ардын нам аливаа зүйлийг хийснийхээ дараа сурталчлах нь бага байдаг. Ер нь шоу хийхдээ тааруу, хийж чад­даггүй гэхэд болно. Миний хувьд зөвшөөрөлгүй барилгад хариуцлага тооцох нь зөв гэж бодож байгаа. Ялангуяа зөвшөөрөлгүй газар олгосныг дарга нь мэддэггүй. Үүний дараа л М.Энхболд, Г.Мөнхбаяр зөвшөөрөлгүй газар олгосон гээд л яриад бичээд байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ доор нь ажиллаж байгаа хүмүүс газар олгочихдог. Эцэс сүүлд нь гарын үсэг зурсан дарга л буруутдаг. Шунахай сэтгэлтэй хүмүүсийн газар олголт надад ч гэсэн нөлөөлж байсан. Тухайн үедээ Г.Мөнхбаярт гайхаж л байлаа.

-Ер нь өмнөх Засгийн газар сайн ажилласан гэж боддог уу?

-Засгийн газар үндэслэлтэй, инженерийн шугам сүлжээ, тооцоотой төслийг дэмждэггүй. Би Туул голыг цэвэрлээд 100 мв-ын станц барья гэсэн төслийг оруулж байлаа. Гэтэл ийм сайхан төслийг Засгийн газраар оруулж чадаагүй юм. Харин Н.Батбаяртай уулзахад “Энэ төслийг дэмжихгүй яах вэ” гэсэн. УИХ-ын гишүүнээр дөрвөн жил суухдаа энэ төслийг дэмжээд өгөөч гэхэд нэг сайд дээр нь очоод гацчихдаг. Тэгээд Төрийн өмчийн хорооны хэдэн нөхөр бас гацаадаг байх жишээтэй. Энэ бол манай намын арчаагүй байдалтай холбоотой. Үүнийг хөө-цөлдөөд явахаар Ц.Цэнгэл гэдэг хүн том бизнес хийх гээд байгаа юм шиг боддог юм билээ. Миний хувьд инженер хүн учир хоёр, гурван томоохон төслийг санал болгож байлаа. Гэвч манай намын нөхдүүд хийж чадахгүй юм билээ. Мөн сайд нар нь ч мэргэжлийнх биш. Манай Д.Зоригт ч эрчим хүч мэдэх биш дээ. Энэ бол хүн муулж байгаа хэрэг биш шүү. УИХ-ын гишүүн нь хөөцөлдөөд байхад хэрэгжүүлж чадаагүй зүйл манай намд их байсан. Харин энэ бүгдийг зоригтойгоор ажил хэрэг болгоод явж байгаа хүмүүс байдаг юм байна. Ардчилсан намынхан ажлыг шуурхай хийх гээд байгаа нь сайн. Ер нь хэт намчирхаж, үүнээсээ болж үзэн ядалт бий болгож болохгүй. Ардчилсан намынхан зоригтой шийдвэр гаргаж, үүнийгээ ажил хэрэг болгох нь чухал. Тэднийг ингэж хурдтай ажиллаж байгааг буруутгах зүйл огт байхгүй.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Ц.Энхцэцэг

Нийтлэлч

Эх сурвалж
Улстөрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.