Монгол банк бодлогын хүүгээ нэмэгдүүллээ
Энэ сарын 15-нд Монгол банкны захирлуудын зөвлөл хуралдаж бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 12.75 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.
Монгол банкнаас эрэлтийн хүчин зүйлээс хамааран инфляци буурахгүй байгаа хэд хэдэн үзүүлэлтүүдийг тодорхойлжээ. Манай эдийн засаг 2012 онд үнийн өсөлтийг эрчимжүүлэх нийлүүлэлтийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөлөлд өртөж байна.
Мах, махан бүтээгдэхүүний үнэ оны эхнээс 29.6 хувиар өсч Улаанбаатар хотын эхний хоёр сарын инфляцийн 58 хувийг бүрдүүлж байгаа аж. Мөн шатахууны үнэ 15.6 хувиар өссөн бөгөөд хүнснээс бусад бараа үйлчилгээний үнэ нийтдээ мөн хугацаанд 2.4 хувиар өсч нийт инфляцийн 31 хувийг бүрдүүлжээ. Энэ оны төсвийн тодотгол эдийн засаг дахь илүүдэл эрэлтийг өсгөж, улмаар эрэлтийн төдийгүй нийлүүлэлтийн инфляцийг нэмэгдүүлж байна.
Иймд Монгол банк инфляцийг хязгаарлах, гадаад валюттай харьцах төгрөгийн ханшид ирэх дарамтыг бууруулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор төгрөгийн хүүний бодит өгөөжийг нэмэгдүүлэн мөнгөний бодлогыг чангаруулах арга хэмжээг авч байгаа юм. Бодлогын хүү арилжааны банкууд дээр орлого болж очдог учраас хүүг өсгөснөөр банкуудын зээлийн хүүнд шууд нөлөөлөхгүй.
Бодлогын хүүг 0.5 хувиар өсгөснөөр инфляцийн хүлээлтийг тодорхой хэмжээнд барьж чадна. Хөгжлийн банкнаас 570 сая долларын бондыг гадаад зах зээлд амжилттай борлуулж чадсан. Хэд хэдэн банкууд энэ асуудал дээр судалгаа хийж байгаа. Энэ нь Төв банкны нөөцийг нэмэгдүүлэх эерэг үр нөлөөтэй. Монгол банк Хятадын Төв банктай мөнгөний солилцоо хийх ажлуудыг хэрэгжүүлж байгаа. Цаашид Монгол банк инфляцийг хязгаарлах арга хэмжээг тухайн шаардлагатай тохиолдол бүрт цаашид авч байх болно гэж Монгол банкны удирдлагууд мэдэгдлээ.
С.Уянга
Эх сурвалж
Монцамэ