2011.10.13
Ч.Улаан: Засгийн газарт сэтгэл дундуур байдаг
УИХ-ын гишүүн Ч.Улааныг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Монгол банкныхан намуудын амлалт, халамжийн бодлогыг хязгаарлахгүй бол мөнгөний бодлогоо чангаруулахаас өөр аргагүй гэдгээ УИХ-ын даргад хэлсэн. Үүний хариуд УИХ-ын дарга халамжаа бууруулахгүйгээр зохицуулалт хийх боломжтой гэх утгатай зүйл ярьсан. Энэхүү хоёр өөр байр суурийн аль нь зөв юм бэ?
-Зөвхөн халамжиндаа ч байгаа юм биш. Хамгийн гол нь төсвийн зарлага ихсээд байгаад учир бий. Зарлага хөрөнгө оруулалт, халамжийн бодлого, хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор гаргасан 300 тэрбум төгрөгийн бонд зэргээс болж өссөн. Тиймээс эхлээд зарлагаа танах хэрэгтэй. Хэрэв танахгүй бол өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, үүнээс үүдэн иргэдийн амьдралд хүндээр нөлөөлнө. Харин барааны үнийг өсгөхгүйн тулд Монголбанк зээлийнхээ хүүг хязгаарлахаас өөр аргагүй болох юм. Зээлийн хүү чангарснаар хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг хязгаарлаж, тэнд ажиллаж буй иргэд хүндхэн байдалтай тулгарна. Энэ мэт бие биеийнхээ араас дагасан сөрөг үр дагавар гарч болзошгүй. Тийм учраас зарлагыг хорогдуулах бодлого баримтлах хэрэгтэй. Хэрэв төсөвт тодотгол хийх гэж байгаа бол юун түрүүнд төсвөө сайжруулах нь чухал юм. Ер нь төсвийг сайжруулахын тулд л тодотгол хийдэг.-Чухам яаж сайжруулах ёстой юм бэ?
-Сайжруулах нь олон янз л даа. Хэрэв орлого, зарлага нь хүрэхгүй хүнд байдалд орсон бол төсвөө амьдралд ойрхон бодитой болгох үүднээс тодотгоно. Харин орлого сайн байгаа энэ үед төсвөө тодотговол үзүүлэлтийг нь сайжруулах хэрэгтэй. Жишээ нь алдагдлаа багасгах, үр ашгийн үзүүлэлтээ дээшлүүлэх зэрэг юм. Ингэж чадахгүй бол төсвийг тодотгохын агуулга юунд байна вэ.-Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголын төслөөр төсвийг сайжруулах дүр зураг харагдаж байна уу?
-Орж ирсэн үзүүлэлт, бодлогыг нь харахад төсвийг сайжруулчихна гэж харагдахгүй байна. Харин ч улам хүнд байдалд оруулах нь. Учир нь орлого 650 тэрбумаар, зарлага нь 830 тэрбумаар нэмэгдсэн байгаа юм. Тэгэхээр орлогоосоо зарлага нь давна гэдэг нь эдийн засгийн хамгийн муу үзүүлэлт. Хүн хөлөөрөө явах ёстой биз дээ. Толгойгоороо явъя гээд ч чадахгүй шүү дээ. Үүн шиг эдийн засагт орлогоосоо зарлага нь давах ёсгүй. Манайд энэ талаар Төсвийн тухай хуульд “Зарлага нь орлогоосоо бага байх ёстой” гээд заачихсан байдаг. Тэгэхээр төсвийг сайжруулж чадахгүй юм чинь тодотгох хэрэггүй гэж үзэж байна.-“Төсвийн тодотгол хийх шаардлагагүй” гэж ярьдаг эдийн засагчид бий. Харин улстөрчид тойрогтоо зарцуулах гэдэг юм уу, амлалтаа биелүүлэхийн тулд төсөвт тодотгол хийх гэж зүтгэдэг. Үүнийг эдийн засаг, улс төрийн уялдаа гэж хэлж болох уу?
-Ер нь төсөвт тодотгол хийх хэрэггүй гэж хэлэхгүй. Бодлого учир бодитой, биелэх үндэслэлтэй байх ёстой. Түүнээс биш биелэх боломжгүй тоо тавьж болохгүй юм. Амьдрал өөрөө баян учир Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх явцад магадгүй эргэж харах шаардлага үүсэж мэднэ. Иймээс л тодотгол хийх хэрэг гардаг.Манай улсын хувьд эдийн засгийн тааламжтай гадаад орчин бий болсон.
Түүхий эдийн ханш өсөж байгаатай холбоотойгоор бидний төлөвлөснөөс илүү орлого орж ирлээ. Тэгэхээр энэ илүү орлогыг хурдхан шиг хувааж, зарцуулах гэж улстөрчид үхэлдэж байна. Тэгээд л шахаж байгаад ийм төсвийн тодотголыг оруулж ирлээ. Уг нь орлогоороо эдийн засгаа сайжруулах хэрэгтэй шүү дээ. Энэ жил 230 тэрбум төгрөгөөр алдагдлаа нэмж оруулж ирсэн. Ядаж алдагдлаа нэмэхгүй батлагдсан хэмжээнд нь оруулж ирж болох л байсан. Ингэж оруулж ирсэн нь төсвийг огт сайжруулахгүй улстөрчдийн шахалтад ороод зарлагыг их өсгөж байгаа үзэгдэл. Тэд улс орны хөгжлийг харахаас илүүтэй зөвхөн өнөөдрийг л бодож байна. Гэтэл өнөөдөр ирэх сонгуулийн уур амьсгал орчихсон, өмнөх сонгуулийнхаа амлалтыг хэрэгжүүлэх гэж үйлээ үзэж буй үе. Тодруулбал, улс төр, төсөв, санхүүг дарамталж байна.
“Эдийн засаг бол улс төрийн бодлогын золиос болох ёсгүй” гэж би байнга хэлдэг.
Эдийн засаг гэдэг чинь нийгмийн суурь. Харин улс төр бол түүн дээр бий болсон нэг давхарга. Тэр давхарга нь сууриа “идчихээр” суурьгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл сууж буй мөчрөө хөрөөдөж байгаатай л адил юм. Ийм хүнд байдалд орохгүйн тулд бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан.-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд уг нь энэ талаар тодорхой заачихсан байгаа биз дээ?
-Төсвийн алдагдлыг багасгах, зардлаа хязгаарлах, үр ашгаа дээшлүүлэх талаар тусгасан. Гэтэл уг хуулиа ирэх жилээс хэрэгжүүлье хэмээн хойш нь тавьж буй нь өөрсдийгөө хуурч байгаа хэрэг. Иймээс л би хариуцлагатай хандах тухай яриад байгаа юм. Эдийн засгийн онолд хариуцлагатай хандах гэдгийг хэрэгцээгээ хязгаарлаж, бүр цаашилбал шуналаа дарж сурах ёстой гэж томъёолсон байдаг.-УИХ-ын гишүүдийн өнөө маргаашаа, цаашлаад сонгуульт дөрвөн жилээ л харсан бодлого явуулж буй ийм байдлыг өөрчлөхийн тулд яах ёстой юм бол?
-Юун түрүүнд эдийн засгийн боловсролыг нь дээшлүүлэх хэрэгтэй. Улс төр гэдэг чинь өөрөө хариуцлагатай шинжлэх ухаан шүү дээ. Түүнээс биш зөвхөн улстөржсөн, хүмүүст таалагдсан хэлбэрээр үйл ажиллагаа явуулах учиргүй. Үүний цаана улс орны хөгжлийн хувь заяа бий гэдгийг ойлгох ёстой. Тиймээс улстөрчид боловсорч, үүнийхээ дараа нийгмээ боловсруулах хэрэгтэй.-Засгийн газрын зүгээс саяхан цалин, тэтгэврийг 53 хувиар нэмнэ гэж мэдэгдсэн. Энэ нь инфляци хөөрөгдөж, хувийн хэвшлийнхнийг хөлдөө чирэх юм биш үү?
-Эдийн засгийн онолоор гүйлгээнд их хэмжээний мөнгө орж ирэхэд инфляци өсдөг. Эсвэл хэрэглээг хангах буюу ажил үйлчилгээний нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнийг нэг жилийн дотор 50 хувиар өсгөх үү гэвэл үгүй. Тэгэхээр л бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс өөр аргагүй болно. Таны хэлдгээр хувийн хэвшлээ хөлдөө чирнэ гэдэг үнэн. Олон жижиг дунд үйлдвэрүүд өнөөдөр үйл ажиллагаагаа арайхийж явуулж байна. Өндөр зээлийн хүүтэй, бараа бүтээгдэхүүний борлуулалт муу байгаа ийм нөхцөлд цалингаа нэмэх нь тэдэнд эдийн засгийн том дарамт болж очно. Энэ ачааллыг дааж чадахгүйгээсээ болж үйлдвэрүүд үүдээ барьж болзошгүй. Мөн иргэд ажилгүй болох гээд сөрөг үр дагаврууд гарах юм. Ийм нөхцөл байдлаас сэргийлсэн бодлогыг ухаалаг зөв явуулах шаардлагатай.Ний нуугүй хэлэхэд “Ам алдвал барьж болдоггүй” гэдэг л болчхоод байна.
Өмнөх сонгуулиар ямар ч үнээр хамаагүй ялах нь чухал гэж амандаа багтсанаа амласнаас болж эдийн засгийн чадавхиас давсан хэрэглээтэй болчихлоо. Энэ нь бүгд нийгмийн халамжийн хэрэглээ. Бид Монголбанкнаас зээл авч халамжийнхаа мөнгийг тараадаг. Мэдээж өр болно. Би сүүлийн 30-аад жилийн эдийн засаг, санхүүгийн амьдралд оролцож байна. Энэ хугацаанд Засгийн газар Монголбанкнаас ийм хэмжээний мөнгийг зээлж байсан удаагүй. Нэг удаа ОХУ-ын их өрийг дарахын тулд богино хугацаатай гэрээ байгуулан Монголбанкнаас зээл авч, хугацаанд төлж байсан. Ер нь бий болсон бодит бололцоон дээрээ хөгжих ёстой. Хэзээ нэгэн цагт бий болох зүйлээс урьдчилан зарцуулж хөгждөг түүх хаана ч байхгүй.
-Манай улсын эдийн засаг нэлээд хурдацтай өсөж байгаа. Гэтэл энэ нь иргэдийн амьдралд бодитойгоор нөлөөлсөн зүйл алга л байна?
-Эдийн засгийн өсөлт гэдэг чинь олон агуулгатай. Үүний нэг нь үр өгөөжгүй өсөлт юм. Нэг үгээр хэлбэл хөөсөн өсөлт. Манай эдийн засагт хөөс бий болчихлоо гэж ойлгож болно. Ийм хөөс байгаа юм чинь хүнд яаж наалдах юм бэ. Эдийн засгийн өсөлт бүрийг сайн гэж үзэж болохгүй. Манай өнөөдрийн эдийн засгийн өсөлтийг сайн уу, муу юу гэдгийг эхлээд харах хэрэгтэй.-Таныхаар манай эдийн засгийн өсөлт ямар байна вэ?
-Ер нь эдийн засаг ингэж огцом өсөж, хэт халах нь муу. Үүнээс болж дотоодын үйлдвэрлэл нь хэрэгцээгээ хангаж чадахаа больдог. Импортын бүтээгдэхүүний хараанд орж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөр иргэдийн амьдралд харин ч дарамт болно. Иймээс л энэ өсөлт иргэдийн амьдралд нэмэр болохгүй байгаа хэрэг. Хятад улс гэхэд ухаалгаар эдийн засгийн өсөлтөө хязгаарладаг.-Засгийн газрын боловсруулсан Төсвийн төсөлд эдийн засгийн өсөлт 25.6 хувьд хүрнэ гэж байгаа. Тэгвэл энэ өсөлтийг хязгаарлах хэрэгтэй гэсэн үг үү?
-Манай улсын эдийн засгийн өсөлт юунаас гарч байна гэдгийг судлаад үзэхээр уул уурхайн салбарын хөрөнгө оруулалттай холбоотой байгаа юм. Хөрөнгө оруулалт орж ирж буй нь сайн хэрэг. Гэхдээ эдийн засгийн түр зуурын гэнэтийн өсөлтийг дагаад зарлагаа нэмэж байгааг л болих хэрэгтэй. Орлого орохоор давуулаад зарлагаа нэмчих юм.-Иргэд улстөрчдөөс амласан 1.5 сая төгрөгөө өгөхийг л хүлээж байна. Харин ирэх сонгуулиар “Мөнгө амлахгүй” гэж намын дарга нар амлалтаа өгч, гарын үсэг зурсан. Тэд амлалтаа биелүүлж чадах болов уу?
-Ингэж амлаж буй нь хүмүүжлээс болж байна. “Муу эр дайнд хөөрнө” гэдэг шиг сонгуулийн кампанит ажил эхлэнгүүт л хөөрч, уралдаж амлацгаадаг. Тэдний гаргасан шийдвэр бол маш чухал. Үүнийгээ л хатуу мөрдөж ажиллах хэрэгтэй. Зөвхөн өнөөдрөөр амьдарч болохгүй шүү дээ.-Та Ерөнхий сайд С.Батболдын танхим хэр ажиллаж байна гэж дүгнэдэг вэ?
-Яах вэ ажиллаж л байна. Засгийн газар ямар сайн нэртэй байх биш. Бүх ажлыг хариуцаж ажилладаг учир байнга шүүмжлэлд өртдөг. Засгийн газрын үйл ажиллагаанд мэдээж сэтгэл дундуур зүйл их бий. Миний яриад байгаа эдийн засаг, санхүүг зөв голдиролд оруулах бодлогыг гүйцэтгэх засаглал ханцуй шамлан хөөцөлдөх ёстой. Тэд улстөрчдийн шахалт, дарамтанд орж ажиллахаар үүний цаана орших том эрх ашиг хохирдог. Энэ талаар Засгийн газарт сэтгэл дундуур байдаг.-“Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруул” хэмээн нэр бүхий гишүүд шаардаж буй. Үүгээр зогсохгүй Засгийн газрыг огцруулах талаар ярьж байгааг хэр зөв гэж үзэж байна вэ?
-УИХ шийдвэр гаргаж чиглэл өгсөн бол гүйцэтгэх засаглал хэрэгжүүлэх ёстой. Хэрэв хэрэгжүүлж чадаагүй бол шийдвэр гаргасан газарт нь буцааж танилцуулах хэрэгтэй. УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилтэд эргэлзээ бий бол УИХ нэн даруй тогтоолынхоо хэрэгжилтийг хэлэлцэх учиртай. Тэгээд яах ёстой вэ гэдгээ ярих нь зөв.-Засгийн газрын зүгээс УИХ-ын тогтоолын дагуу хэрэгжүүлж байгаа гэж хэлсээр байгаа шүү дээ?
-Тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг тухайн гаргасан байгууллага нь өөрөө үнэлж, дүгнэдэг. Өөр хэн нэгэн хүн дүгнэх ёсгүй. Харин гүйцэтгэж байгаа байгууллага өөрийнхөө түвшинд хэрэгжүүлсэн гэж үзэж болно.-Засгийн газарт шаардлага тавиад байгаа 20 гишүүн “Элсний 13”-тай адилхан харагдаад байх юм. Та юу гэж бодож байна?
-Адилхан биш. Адил байх ч үндэсгүй. Энэ хоёрыг адилтгаж ярих нь тэмээ, ямаа хоёрыг уралдуулж байгаа юм шиг болно.-Яагаад өөр гэж?
-Энэ 20 гишүүн эдийн засгийн тодорхой асуудал ярьж байна. Мөн тэнд нам, намын төлөөлөл байгаа. Харин бид намынхаа үйл ажиллагааг сайжруулъя, шинэчлэлийг түргэтгэе гэж асуудал тавьж байсан. Ингэхээр өөр байгаа биз дээ.-Гэхдээ зорилго нь нэг юм биш үү. Нэг нь Засгийн газрыг огцруулах операциа амжилттай зохион байгуулсан. Нөгөөх нь унагаах талаар ярьж байна?
-Нэр бүхий 20 гишүүний цаад зорилгыг би мэдэхгүй. Өмнөх 13 бол Засгийн газрыг огцруулах зорилго тавиагүй шүү дээ. Намын шинэчлэлийн асуудлыг ярьж, намын удирдлага солигдсоноор Засгийн газар огцорсон. Тухайн үед нам дотоод үйл ажиллагаагаа сайжруулж сонгуульд ялах нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байсан. Ингээд их хурлаа хуралдуулж, намын дотоод зохион байгуулалтын асуудлаа шийдэж сонгуульд ялсан. Үр дүн нь ч гарсан.-Ярилцсанд баярлалаа
Нийтлэлч
Ц.Энхцэцэг
Эх сурвалж
Улс төрийн тойм сонин
Ц.Энхцэцэг
Эх сурвалж
Улс төрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.