2025.05.14

Б.Найдалаа: Улсын төсвийг алдагдалгүй баталсан нь гоё сонсогдож байгаа ч маш буруу бодлого болсон

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.05.14) хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:

1. ЗГ-ын гаргасан бодлого, хөтөлбөр дээр 14 мега төсөл гэж бий. Түүнийг батлаад сонгуулиас хойш жил боллоо. Төсөвтэй холбоотой үр ашгийн, эрэмбийн ач холбогдлын тооцоо судалгаа хийгээд, ямар нэгэн байдлаар эрэмбэ дараа нь өөрчлөгдсөн байдал, эсвэл хасагдах, нэмэгдсэн ч юмуу өөрчлөлт байгаа юу?
Бүгдийг нь баталсан чигээрээ цааш явах юмуу, эсвэл ямар нэгэн тодотгол хийж өөрчлөх юмуу?
ОУ-ын байдал, дотоод байдал, санхүү, хөрөнгө мөнгөний нөөц өөрчлөгдөж байгаатай холбоотой ямар нэгэн өөрчлөлт бий юу?

2. Улсын төсвийг алдагдалгүй батална гээд батлуулчихсан. Энэ нь өөрөө алдагдалгүй гээд гоё сонсогдож байгаа боловч бодлого талаасааа, мэргэжил талаасаа буруу зүйл гэж үзэж байгаа. Улсын төсвийн бодлого чинь өөрөө алдагдалтай, ашигтай байхаараа л дамжиж хэрэгждэг болохоос биш алдагдалгүй гээд таалагдчихаад, хэрэгтэй юмаа санхүүжүүлж чадахгүй, хэрэггүй зүйлд мөнгөө үрээд байхыг хэлэхгүй. Цаашдаа алдагдалгүй гэдэг дээрээ яваад байх уу? Ингэхээр төсвөөс биш төсвийн гаднаас төсөв бий болгох зөв буруу шийдлүүд төрөөд байна. Хөрөнгө оруулалтын ч байна уу, урсгал зардлын ч байна уу?

3. 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Зарлах нэг хэрэг. Сургууль байна уу, урсгал зардал байна уу энэ салбарт нэгэнт зарласан юм бол яг ямар хөрөнгө оруулалт, зардал дээр ялгаа гаргах гэж байна вэ?

4. Төрийн албаны реформын хүрээнд төрийн албан хаагчдын тоог 9 хувь бууруулна гэсэн байна. Зөв. Гэхдээ үүнийг тодруулах хэрэгтэй байна. Ангиллуудыг яаж өөрчлөх гэж байгаа юм? Яаж энэ тоог гаргасан юм бол? Хаанаас нь танах вэ?

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн