2025.05.08
С.Зулпхар: ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах үгүй нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал
УИХ-ын чуулган 2025-05-08-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/-ийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Зулпхар:
Бид ихээхэн чухал зүйл хэлэлцэж байна. ҮХЦ бол Үндсэн хууль холбогдох хуулиуд Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргадаг эрх бүхий субъект. Гэхдээ гаргасан дүгнэлтийг хүлээж авах эсэх нь УИХ-ын бүрэн эрх. Яг энэ асуудалтай холбоотой шийдвэр дүгнэлт 1993 онд гарчихсан. Тухайн үеийн УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 36.3-д санал огт тэмдэглээгүй эсхүл мандатын тооноос дутуу буюу илүү тэмдэглэсэн, энэ хуульд зааснаас өөр ямар нэг тэмдэглэл хийсэн бол саналыг хуудсыг хүчингүйд тооцно гэдэг дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлт нь 32 жилийн өмнө гарчихсан.
Эрхэм гишүүд ээ бид нэг зүйлийг бид ойлгох ёстой! Монгол Улсад ардчилсан дэглэм хэвээрээ байгаа. Үндсэн хуулиар төрийн байгуулалт парламентын засаглалтай хэвээр байгаа. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс хэвээрээ байгаа. Үндсэн зарчим бол хэвээрээ байгаа. Гэтэл өнөөдөр 2024 оны дүгнэлт нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гарч байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Энэ асуудлыг судалж, ТББХ-н дээр тодорхой ярьсан.
Чөлөөтэй сонгох эрх гэдэг нь юу юм гэж... Энэ бол цэвэр онолын болон практик маргаан. Чөлөөтэй сонголт нь 2 болон түүнээс илүү хувилбараар сонголт хийх боломжийг олгосон байхыг хэлнэ. Жишээ нь шалгуураар аваад үзвэл сонгогчдод чөлөөтэй сонгох эрх нь байгаа. Тиймээс сонголтын зарчмыг зөрчөөгүй гэж үзсэн учраас үүнийг харгалзан үзэх хэрэгтэй.
Цаашлаад чөлөөтэй сонголт гэдэг нь ямар нэгэн этгээдийн шахалт дарамтаас үүдэн санал өгөхгүй байх нөхцөлийг хэлж байгаа юм. Тэгэхээр энэ зарчим бас зөрчигдөөгүй. Шууд болон шууд сонгох эрхэд нь халдаж байна гэх. Шууд сонголт гэдэг нь сонгуулийн ямар нэгэн төлөөллийн байгууллагаар дамжуулж саналаа өгөхийг хэлдэг. Ингээгүй учраас зөрчөөгүй гэж үзэж байгаа. Цаашлаад сонголт хийх нь эрх боловч нөгөө талаар бас үүрэг. Бид нэгдмэл улс учраас сонголтыг бүрэн хэрэглэх үүрэг дагалддаг. Сонголттой холбоотой үүргүүд олон байдаг. Энэ үүднээс нь аваад үзвэл сонголтыг төлөөллийн байгууллагад бүрэн болгох үүднээс энэ зохицуулалт хийгдсэн. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 онд батлах, үүнтэй уялдсан байдлаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийг гарах үед маш тодорхой судлагдаад, олон улсын нийтлэг зарчим ардчилсан дэглэмтэй улсуудын зарчмыг бүрэн тусгасан сонголтын зарчим байгаа учраас ҮХЦ-ийн шийдвэрийг бид хүлээж авах боломжгүй байна гэдэг дүгнэлтийг ТББХ-н дээр ярьж байж гаргасан.

Сэтгүүлч