2025.03.27

Г.Ганбаатар: Улс орлогоо нэмэгдүүлэхийн тулд хилийн боомтуудаа холбох ажлаа яаравчлах хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2025.03.27/-ны өдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:

Хоёр улсын хооронд хийгдсэн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжиж байгаа. 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн УИХ-ын 58 дугаар тогтоолоор энэхүү хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг баталж өгсөн. Хэлэлцээрийн ажлын хэсэг хурдтай сайн ажиллаж 2 дугаар сарын 14-нд Харбины хэлэлцээрийг байгуулж чадсан. Өчигдрийн Гадаад бодлогын байнгын хорооны хурлаас төсөвтэй холбоотой мэдээлэл авлаа. Төмөр замын байгууламжийг 270 сая доллараар хийх байсныг 50 сая доллараар хямдруулсан, 30 сард хийх байсан ажлыг 24 сард хийхээр багасгасан гээд олон сайшаалтай зүйл байна. Гэвч УИХ-аас тус хэлэлцээрийг байгуулахад өгсөн үндсэн 12 чиглэлд говийг усжуулах, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх гэсэн заалтыг тус хэлэлцээрээс олж харсангүй. Үндсэн чиглэлийн нэг заалт биелсэнгүй юу.

Мөн Гашуунсухайт-Ганц модны хил дамнасан холболт хийгдсэний араас Шивээ хүрэн боомтыг холбовол жилдээ 10 сая тн-оор нүүрсний экспортоо нэмэх боломжтой. Дараа нь Ханги мандал гээд шат дараатай ажлуудыг төлөвлөжээ. Үүнд хэр хугацаа орж, дараа дараагийн боомтын асуудлууд руугаа орох вэ?

Түүний асуултад МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АҮЭБ-ын сайд Ц.Туваан, ЗТ-ийн сайд Б.Дэлгэрсайхан нар хариуллаа