2025.04.25

С.Эрдэнэболд: Хориглох, боох гэхээсээ илүүтэй хүний эрхийг хангах маш тунгалаг, олон талт цензур тавих ёстой

УИХ-ын чуулганы /2025.04.25/ны өдрийн хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

Бид УИХ-ын Хаврын чуулганаар жагсаал цуглаантай холбоотой, хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй холбоотой хуулийн зохицуулалттай холбоотой асуудал, мөн Хүний эрхийн II хөтөлбөрийн тухай ойлголт, Хүний эрхийн багц хууль эдгээр асуудлуудыг хэлэлцэж, ярьж байгаа нь санамсаргүй зүйл биш. Тодорхой хэмжээнд олон жил хүлээгдсэн, гацсан зүйлс. Бид томоохон төсөл, хөтөлбөрүүдээрээ эдийн засгийнхаа хөшүүргийг явуулъя гэдэг ч хуулин дээр байгаа хүний эрхтэй холбоотой, хүний эрхийг хамгаалахтай холбоотой, иргэн рүүгээ чиглэсэн зүйл дээр өндөр ач холбогдол өгч оруулж ирэх нь зүйтэй. Тэр утгаараа олон талын үзэл бодол, шүүмжлэлтэй хандлагууд, давуу сул талууд байх, УИХ ноднин Хүн төвтэй шийдвэр гаргалт хийнэ гээд стратегиэ баталчихсан учраас энэ шалгуур дээр маш сайн цензур тавих ёстой. Хориглох хаах боох гэхээсээ илүүтэйгээр хүний эрхийг хангаж чадаж байна уу энэ хэм хэмжээний зохицуулалт гэдэг дээр маш тунгалаг, олон талт шалгуурыг авч үзэх ёстой. Энэ утгаараа жагсаал цуглаантай холбоотой асуудлыг дэмжих 2 шалтгаан бий.

  1. 1. Зөвшөөрөл авна гэдэг байдлаар төрийн дарамтад жагсаал нь жагсаал биш болдог байдлыг халах зохицуулалт байна.

  2. 2. Субьект буюу санаачлагч, оролцогчдыг олон төлөв болгох боломжийг нээж байгаа.

Эцсийн эцэст жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд, амь нас хохирохгүй байх, эрх ашиг нь хөндөгдөхгүй байх, улс төрийн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хууль шүүхийн байгууллагад хавчигддаггүй байх зүйлүүдийг бид хэлэх ёстой. Хэдэн жилийн өмнө шөнө жагсаж байгаа залуучуудад хүч хэрэглэж тараах, татаж гулдчих, өмссөн хувцаснаас нь татахаар зарим биеийн хэсгүүд ил гарах гээд маш олон төрлийн зүйлүүд болж байв. 7 сарын 1-ний жагсаалтай холбоотой эмгэнэлт гашуун түүх бидэнд байсаар байна. Тиймээс аль болох хүний эрх рүүгээ чиглэсэн олон талын хэлэлцүүлэгтэй, олон талын мэтгэлцээний дараа сайн шийдвэрүүд ялгарч гарах ёстой гэж үзэж байгаа. Учир нь энэ үндсэн хуулийн зарчим учраас.

Өмнөх байнгын хорооны хэлэлцүүлэг дээр сайдаас асууж байсан. Симуляцийн асуудал. Хэвлэлийн эрх чөлөөний хууль яригдсан ч тэр, Жагсаал цуглааны хууль яригдсан ч тэр бид бодит байдлаараа дэлхийд муухай харагддаг, хуулийн үйлчлэл нь хүний эрхээ хангаж хамгаалж чадахгүй нөхцөл байдлыг яаж засварлах вэ гэдэг ойлголт бий. Тэр утгаараа энэ хууль батлагдсанаар хүний эрхийн индекс ямар түвшинд өсөх вэ гэдэг симуляци, хуулийн үйлчлэлийг хийгээч гэж хэлж байна. Үүнийг хийх боломжтой юу? Хуулийн хэлэлцүүлгийн шатанд ямар хугацаанд үүнийг хийх боломжтой гэж харж байна вэ? гэдэг нэгдүгээр асуулт байна.

Хоёрдугаарт, МУ-ын Хүний эрхийн индекс 10-аас 4,4 оноотой байгаа. 60-70 хувь нь хүний улс төрийн эрхтэй холбоотой асуудал дээр бид уналтад ороод байгаа юм. Энэ асуудалд Хүний эрхийн форум болон НҮБ-аас өгч буй 170 орчим зөвлөмжүүдээс хэчнээн нь энд хангагдах вэ?

Эцэст нь Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хорооны Д.Ганбаяр тэргүүтэй хүмүүс ХЗДХ-ийн сайдад асуулга тавиад, санал гаргаад байгаа юм байна. Та түүнд хариу өгч болох уу?

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хариуллаа.