2025.04.25

Х.Тэмүүжин: Хэрхэн Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөний хэсгийг төрийн дур зоргоос хамгаалах вэ?

УИХ-ын чуулганы /2025.04.25/ ны  өдрийн хуралдаанаар “Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд” хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:  

Өнөөдрийн чуулганаар нэг алдаан дээр суурилсан 2 хууль хэлэлцэж байгаа. Түрүүн амьтны хууль хэлэлцсэн. Амьтны хууль дээр ямар агуулга гарсан бэ гэхээр. Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хуулийн биелэлтийг хангуулах гэж байгаа албан тушаалтнууд хуулийн бүрэн мэдлэггүйгээсээ болдог юм уу.  Эсхүл байгаа хуулийг хэрэглэхгүй байх  хүсэл зоригоосоо болдог юм уу. Иргэдэд хүндрэл учруулдаг учраас арга ядаад дахиад хууль янзлах гэж оролдож байгаа. Галт зэвсгийн хууль дээр өөрийнхөө эзэмшиж байгаа галт зэвсгээр амь нас, эд хөрөнгөө хамгаалахын тулд хэрэглэнэ гэдэг  заалт байгаа. Гэтэл энэ хуулийг хэрэглэхгүйгээр иргэдэд. Та бол  зөвшөөрөлтэй ан амьтан агначихсан байна гээд мөнгө нэхээд хариуцлага шаардаад эхэлж байна гэдэг бол хуулийг буруу хэрэглэж байгаа.Хуулийг иргэнд ээлгүйгээр хэрэглэж байгаа хамгийн том жишээ. 

Жагсаал цуглаантай холбоотой асуудал бас тийм. Бүртгэх гэдэг энэ нэг хуулийн зохицуулалтыг яг даргын нүдээр, эрх мэдэлтний нүдээр иргэнийг дээрээс доош чиглэсэн  үл тоосон нүдээр уншаад энийгээ бүр зөвшөөрөл, хүнд суртал болгоод иргэний үндсэн хуульд заасан үндсэн эрхийг  байхгүй болтол нь үгүй хийж байгаа практик бол ерөөсөө л энэ хууль уншиж байгаа нүднээс шалтгаалж байгаа юм. Хуулийг хоёр янзын нүдээр уншиж байна. Нэг нь зөвхөн эрх мэдэлтэн өөрөө өөрийгөө хамгаалах, улс төрийн тогтвортой байдлаа бэхжүүлэх, эрх мэдлээ хадгалж үлдэх зорилгоор хуулийг уншиж тайлбарлаж байна. Жирийн иргэд тэр хуулиас өөрийнхөө эрх чөлөөг нэг жоохон ч гэсэн өлгөж аваад хэрэгжүүлчих юм сан гэсэн горьдсон нүдээр олж уншиж байгаа юм. Эрх мэдэлтний нүд хэт субьектив байна. Хуулийг уншихдаа хамгийн түрүүнд л хорьж хаах, айлган сүрдүүлэх, мэдэн будилах, үл хэрэгсэх, бүүр сүүлдээ хуулийг хувийн бодлоороо орлуулах хэмжээнд уншиж хэрэглэж байгаа юм. Тэрнээс болоод одоо энэ жагсаал цуглаантай холбоотой зохицуулалт эцсийн дүндээ юу болоод хувирч  байна гэхээр. Хэрхэн Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөний хэсгийг төрийн дур зоргоос хамгаалах вэ гэдэг том асуултад хариу өгөх хэмжээнд ирж байгаа юм. Энэ хуулийн концепцыг ч гэсэн бид нар дахиад нягтлах ёстой. Жагсаал цуглаан зохион байгуулах эрх чөлөөтэй холбоотой энэ хууль тогтоомж гэж гарчгаа нэрлэж байгаа бол энэ хуулийн үндсэн концепц. Төр юу хийж болохгүй вэ гэдэг рүү бас чиглэх ёстой. Иргэнийхээ Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх. Үзэл бодлоо жагсаал цуглааны хэлбэрээр олон нийтийн газар олуулаа нийлж илэрхийлэх эрх чөлөөг нь ЗГ, төрийн байгууллага, тусгай албад орж ирээд саармагжуулдаг өөрчилдөг ийм үйлдлийг таслан зогсоох боломжийг энэ хуульд оруулах ёстой. 

 Түүний асуултад, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хариуллаа.