
С.Бямбацогт: Хөх тэнгэр нь цэлмэг, хөөрөлт, буултын тоо нь тэнцүү байг
Нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой босгон дээр Батлан хамгаалах салбар хүн, ардынхаа аюулгүй байдлын энхийн манаанд үүрэг гүйцэтгэх "Airbus H-145 D-3" нисдэг тэргээр бүл нэмлээ.
Тус нисдэг тэргийг Европын "Airbus helicopters" компани болон Япон Улсын "Кавасаки" компаниуд хамтран бүтээжээ. Агаарын хөлгийн гайхалтай технологийн хүчин чадал, найдвартай, аюулгүй байдлаараа шалгарсан энэхүү нисдэг тэргийг дэлхийн олон орнууд батлан хамгаалах салбар болон Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж байна.
Нисдэг тэргийг хүлээлгэн өгөх ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлагууд, Агаарын цэргийн бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцсон юм.
Батлан хамгаалах салбар 2025 оныг "Эх оронч монгол-Их сэргэлтийн жил" болгон зарласан. Энэ хүрээнд салбарын үйл ажиллагаанд шинэ техник, технологи, шилдэг инновацыг нэвтрүүлэх, Батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн сэргэлтийг бодитойгоор бий болгож үр дүнд нь Зэвсэгт хүчний бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх бодлого зорилтыг дэвшүүлэн, хэрэгжилтийг үе шаттайгаар ханган ажиллаж байна.
Энэхүү нисдэг тэрэг нь орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан, ашиглалтын зардал багатай, цэргийн болон иргэний хосолсон хэлбэрээр ашиглах боломжтой зэрэг олон давуу талуудтай мөн дээрээс нь хос хөдөлгүүртэй тул нисгэгч, зорчигчийн аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан агаарын хөлөг юм.
Нисдэг тэргийг хүлээлгэн өгөх ажиллагааны үеэр батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ,
"Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин нисдэг тэрэг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Эйрбас Хэликоптерс компанид үйлдвэрлэгдсэн, зорчигч тээврийн зориулалттай ЭЙЧ-145 загварын цоо шинэ нисдэг тэрэгтэй боллоо. Энэ нь Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойдоо барьж буй анхны том бэлэг болж байна.
Энэхүү нисдэг тэрэг нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан, ашиглалтын зардал багатай, цэргийн болон иргэний хосолсон хэлбэрээр ашиглах боломжтой зэрэг олон давуу талтай юм.
Барууны технологи бүхий Эйч-145 загварын нисдэг тэргийг Агаарын цэргийн зэвсэглэлд нэвтрүүлснээр агаарын хөлгийн техникийн засвар, үйлчилгээ, нисгэгч, нисэхийн инженерүүдийг сургаж бэлтгэх, тэдний мэргэжлийн ур чадварыг байнга нэмэгдүүлэхэд ач холбогдолтой билээ.
Цаашид шинэ нисдэг тэрэг нэмж аван, агаарын тээврийн чадавхаа нэмэгдүүлэх, одоо ашиглаж байгаа нисдэг тэрэгнүүдээ их засварт оруулан ашиглалтын хугацааг нь сунгах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэх болно.
Мөн Агаарын цэргийг хөгжүүлж, , алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүнийхээ тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, цалингийн шатлал, цэргийн цолны зэрэглэлийг ахиулах, нислэгийн цагийн хөлсний үнэлгээг нэмэгдүүлэх, орон сууцаар хангах асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарна. Хөх тэнгэр нь цэлмэг, Хөөрөлт, буултын тоо нь тэнцүү байг ээ" гэв.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан