Б.Найдалаа: "Тавантолгой түлш" ХХК 90 хүнтэй эхлээд одоо 1800 ажилтантай, оргил үедээ 4200 болж сонгуулиар ухуулга хийхэд ашигладаг
Өнгөрсөн хугацаанд утааг бууруулахад 1.8 их наяд төгрөг зарцуулсан ч бодит байдал дээр юу ч өөрчлөгдөөгүй. Харин энэ хугацаанд 779 иргэн угаартаж нас барсан байна. Монголын төр иргэд дээрээ туршилт хийсэн гэдэг нь сонсголоор тодорхой боллоо хэмээн УИХ-ын гишүүн Б.Найдалаа хатуухан шүүмжлэв.
Тодруулбал энэ сарын 3,4-ний өдрүүдэд болсон “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголд тэрбээр ийнхүү байр сууриа илэрхийлсэн билээ.
Хоёр өдөр үргэлжилсэн уг сонсголыг олон нийт шууд дамжуулан үзсэн. Гэхдээ хэн хаана ямар алдаа гаргасан, түүнд ямар хариуцлага тооцсон эсэх асуудлыг тойрсоор уг сонсгол дууссан гэдгийг ч хэлсэн юм.
Нэгдүгээрт бодит байдлаа хүлээн зөвшөөрч, нэгдсэн ойлголттой болсны дараа шийдэл ярих ёстой. Түүнчлэн Монгол Улс иргэд дээрээ туршилт хийж, олон хүн амь насаараа хохирсон. Үүний араас хөх нүүрс гэж ярьж байгаа ч мөн адил иргэд хордсоор байвал яах вэ хэмээн албаныхнаас асуулт асуусан ч тусыг эс олов.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа хэлэхдээ “Утааны асуудал олон жил яригдаж байгаагийн зэрэгцээ авлига, хулгайн асуудал ч хамт яригдах хэмжээнд хүрчээ.
Жишээлбэл, “Тавантолгой түлш” ХХК 90 хүнтэй эхлээд одоо 1800 хүнтэй байгаа. Оргил үедээ 4200 хүрч байсан. Өөрөөр хэлбэл сонгуулийн жилтэй холбоотой ажилтнуудын тоо нэмэгдэж хасагдаж байж. Ухуулга сурталчилгаа хийлгэх буюу улстөрийн зорилгоор ашиглаж байна” хэмээв.
Маш олон асуултын хариулт хоосон хэвээр үлдэж буй учир шалтгаан нь уг ерөнхий сонсгол чиг үүргийн хувьд олон нийтийг нэгдсэн мэдээллээр хангах үүрэгтэй. Харин УИХ-аас гаргасан Хянан шалгах түр хороо нотлох баримтыг цуглуулан шинжилж, гэрчээр холбогдох хүмүүсийг дуудаж, хулгай, алдаа зэргийг ил болгодгоороо онцлог. Ингэхийн тулд
УИХ-ын гишүүдийн ¼ нь гарын үсэг зурж баталгаажсанаар Хянан шалгах түр хороо байгуулах эрх зүйн орчин бүрддэг.
Тийм учраас Б.Найдалаа гишүүн гарын үсэг зурж, хянан шалгах түр хороо байгуулагдаж, утааны асуудлыг илүү нухацтай авч үзэх шаардлагатай гэж үзжээ.
Уг асуудалд хамааралтай үе үеийн Засгийн газар болон яамд, нийслэлийн удирдлагууд болон Тавантолгой түлш ХХК алдаагаа хүлээн зөвшөөрч байж, дараагийн шийдэл ямар үр дүнтэй байх нь шалтгаална. Эс чадваас 2040 онд ч бид утаагаа ярьсаар байна гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn