Х.Нямбаатар: Цахилгаан болон хийн түлшинд шилжсэн шаардлага хангасан айлд урамшуулал олгох журмыг ЗГ-аар хэлэлцэнэ
Сүүлийн өдрүүдэд нийслэлд хэрэглэж байгаа, шахмал түлш агаарын бохирдол нийслэлийн иргэдийн дунд халуун сэдэв болж байна.
Тодруулбал, 2017-2024 оны хооронд улсын хэмжээнд угаарын хийн хордлогоор 779 хүн эндсэн болохыг Шүүх шинжилгээний ерөнхий газраас мэдээлсэн. Ингэхдээ 2017-2021 онд эндсэн иргэдийг тоог 2022-2024 онд эндсэн иргэдийн тоотой харьцуулахад 2 дахин их байгааг албаныхан онцлов.
Төр, хувийн хэвшил, иргэд хамтраад нэгдсэн шийдэлд хүрэхийг эрмэлзэж буй.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэгч эх үүсвэрийн 80 хувь нь гэр хорооллын айлуудын яндангаас гарч байгаа утаа гэдгийг нэгэнт баталсан. Энэ янданг цөөлж гэмээнэ утаа буурах боломжтой.
Тэгвэл хотын Захирагч Х.Нямбаатар эхний ээлжид гэр хорооллын 198 мянган өрхөөс 50 мянга гаруй өрхийг хийн түлшинд шилжүүлэх талаар өмнө нь мэдээлж байв.
Ингэхдээ Москва хорооллын арын дэнж, 1 дүгээр хорооллын арын дэнж, 3, 4 дүгээр хорооллын арын дэнж, Эх нялхас, Гандан, 32-ын тойргийн хотын төв дэх бүс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын арын гэр хороолол, Баянзүрх дүүргийн II хороо, “Манба дацан” хийд орчмын гэр хорооллыг уг ногоон бүсэд хамруулж, 50 мянга гаруй айлыг хийн түлшний дэд бүтцэд холбох аж.
УИХ-аас 2022 онд Агаарын тухай хууль баталсан. Уг хуулийн 6.1.6-д цахилгаан болон хийн түлшинд шилжсэн гэр хорооллын шаардлага хангасан өрхөд урамшуулал олгох тогтолцоог хуульчилсан юм. Уг урамшуулал олгох журам удахгүй Засгийн газраар хэлэлцэгдэнэ гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв.
Тэрбээр энэ талаар “LNG/LPG гэсэн хийн 2 сонголтоор гэр хорооллын өрхүүдийг хийн шилжилтэд шилжүүлэх судалгаа, тооцоо хийгдэж байна. Туршилт ч явагдаж байгаа. Амины сууц нь шаардлага хангасан айлуудад LNG буюу байгалийн шугам оруулах, гэр сууцанд LPG хоолой халаагчтай нь оруулах тооцоо судалгааны дүн удахгүй гарна. Нэг жишээ хэлье. Гэрт LPG халаагч, плиткатай тавьж 1 сар боллоо. Уг айл цахилгаан плитка хэрэглэлгүй газан плитка дагнан ашиглаж гэр нь тогтмол 25 аас дээш градус байхаар тохируулж( автомат асаж унтардаг тохиргоотой) хэрэглэхэд 12 сард өнөөгийн худалдаалж бгаа LPG үнээр 165 мянган төгрөг гарсан. Тэгвэл Агаарын хуульд заасны дагуу халаалтын улирлын 7 сард сар бүр тогтоосон хэрэглээний 50 хувийг төрөөс даахаад уг айл 83,000 төгрөг төлөхөөр байна” гэлээ.
Тэгвэл дараах шаардлагыг хангасан айл өрх урамшуулалд хамрагдах боломж бүрдэх аж.
- 14.1.2.цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээнд холбогдож цахилгаан халаагуур хэрэглэж байгаа;
- 14.1.3.бүх төрлийн хийн түлшээр ажилладаг халаалттай;
- 14.1.4.газрын гүний дулаан, нар, салхины болон бусад сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаа;
- 14.1.5.стандартын шаардлага хангасан шахмал болон хагас коксон түлш, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр хэрэглэж байгаа;
- 14.1.6.байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууцтай;
- 14.1.7.түлш хэмнэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, энэ чиглэлийн дотоод, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаа;
- 14.1.8.бусад.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn