2025.02.04

Ж.Чинбүрэн: Утааг бууруулахад нийт хэдэн төгрөг хэрхэн зарцуулсныг өнөөдрийн сонсголоос мэдэх боломжтой

Дэлхийн хамгийн агаар орчны бохирдолтой хотын жагсаалтыг Улаанбаатар тэргүүлээд удаж буй. Нийслэлчүүдийн шүдний өвчин болсон эл асуудлыг иргэд нь өвөл болгон шүүмжилсээр хавартайгаа золгодог моод тогтсон гэхэд болно. 

Төр засгаас дорвитой арга хэмжээ авсан нь 2018 он буюу сайжруулсан шахмал түлшийг нийслэлчүүдийн хэрэглээнд нэвтрүүлсэн жил. Атал шахмал түлш хэрэглэж эхэлсэн эхний жилүүдэд нээрээ л тэнгэр цэлмэг, утаагүй болсон мэт харагдаж, бид ч зовлонгоо хэсэгтээ мартаж байв. 

Магтсан хүн хуриман дээрээ гэгчийн үлгэр шиг өнөөх шахмал түлшний хоруу чанар сүүлийн жилүүдэд илүүтэй өсөж, агаарын бохирдол илт нэмэгдэх нь тэр.

Агаарын бохирдлоос үүссэн амьсгалын замын өвчний тоо жишээг дурдах илүүц бөгөөд гэрээсээ гараад алхах нийслэлчүүдийн хоолой гашуу оргиж, утааны асуудал хурцаар хөндөгдөв.

Хамгийн ноцтой нь Тавантолгой түлш ХХК-д барьцалдуулагч нийлүүлдэг монгол компаниудын нэг нь ашиг гаргахын тулд хоёрдугаар гурилаар барьцалдуулагч хийдэг гэдгийг тэнд ажиллаж байсан иргэн мэдээлсэн.

Улмаар 70 мянган иргэний шаардлагын дагуу УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос #УТААНЫ_АСУУДЛААРХ_ЕРӨНХИЙ_ХЯНАЛТЫН_СОНГОЛ зохион байгуулах ажлын хэсэг намрын чуулган хаалтаа хийхийн өмнөхөн байгуулагдсан юм. 

Ийнхүү "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол энэ сарын 3,4-ний өдрүүдэд болж байна. 

Энэхүү Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн даргалсан юм.

Түүний ахалсан УИХ-аас байгуулсан ажлын хэсэг өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд бэлтгэл ажлаа ханган, иргэдийн мэдэх эрхийг хүрээнд энэхүү сонсголыг явуулж байна. Ингэхдээ тус ажлын хэсгээс сонсгол зохион байгуулах ажлын хүрээнд нийт 4 удаагийн дэд хэлэлцүүлэг хийсэн нь Ерөнхий хяналтын сонсголын хувьд анхдагч байв. 

Утааны сонсголын эхний өдөр төрийн ажил хариуцсан албан тушаалтнуудаас 250 иргэн асуулт асууж, хариулт авсан байна.

Тус ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн сонсголын үеэр хэлэхдээ “Эхний өдөр "Агаарын бохирдол -эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа", "Тавантолгой компанийн үйлдвэрлэж байгаа шахмал түлшний стандарт" сэдвийн хүрээнд сонсгол үргэлжиллээ.  Сонсголын явцад төрийн ажил хариуцсан албан тушаалтнуудаас 250 иргэн асуулт асууж, хариулт авсан байна. Мөн 40 гаруй иргэн өнөөдөр санал, дүгнэлтээ хэлэв. 

Сонсголын хоёр дахь өдөр болох 2 сарын 4-нд "Утааны асуудал-эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага", "Зуух түлшний технологийн шийдлүүд" гэсэн сэдвүүдийн хүрээнд үргэлжилнэ. 

Ерөнхий хяналтын сонсголын хамгийн том зорилго нь иргэдийг мэдэх эрхээр хангах. Тэгэхээр хамгийн чухал мэдээллүүд сонсголын хоёр дахь өдөр олон нийтэд ил болно. Бид өнгөрсөн хугацаанд хэдэн төгрөгийг утааг бууруулахад хэрхэн зарцуулсан бэ гэдэг асуултын хариултыг маргааш сонсголоос мэдэх боломж бүрдэнэ” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний, төсөв санхүү, шахмал түлшний стандарт алдагдсан эсэх мэдээллийн үнэн зөвийг олон нийт мэдсэнээр дараагийн түвшинд ямар бодлого хамгийн оновчтой байх нь нийтээр хэлэлцэх үүд нээгдэнэ. 

Мөн тэрбээр “Ерөнхий хяналтын сонсгол бол ерөнхий сэдвийн хүрээнд иргэдийг мэдээллээр хангах зорилготой бөгөөд Эмийн сонсголыг зохион байгуулсан шиг Хянан шалгах түр хороо байгуулан ажилласнаас эрх зүйн хувьд өөр гэдгийг ялгаж ойлгохыг хүсье. Ерөнхий хяналтын сонгол хийх эрх зүйн орчин бол хянаж шалгадаггүй, нотлох баримт цуглуулж гэрч дууддаггүй. Гол нь иргэдийн мэдэх эрхийг хангаж, мэдээллийг ил болгох юм” гэдгийг онцолж байв. 

Энэхүү сонсголоор нэгдсэн ойлголттой болсноор төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх ач холбогдолтой. 

Агаарын бохирдлын асуудлыг шийдэх, алдаа завхралгүй үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд хүний их эмч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг шаргуу ажиллаж байна.

Мөн асуудлыг хариуцах эзэнтэй байлгах, цаашид Улсын Их Хурлын гишүүд санаачилга гарган гарын үсэг зурж, эл асуудлаар үргэлжлүүлэн хянан шалгах түр хороо байгуулах саналтай байгаа гэдгээ Ж.Чинбүрэн гишүүн онцлон хэлэв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn