Утааны асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг эхэллээ
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс гурван удаагийн хэлэлцүүлгийг явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд “Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвийн хүрээнд гурав дахь хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.29/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд эхлэв.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Б.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, Г.Ганбаатар, Ж.Золжаргал, Б.Мөнхсоёл, Ж.Чинбүрэн, Б.Уянга, С.Эрдэнэболд, Х.Булгантуяа, М.Нарантуяа-Нара нар болон холбогдох төрийн байгууллага, яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, салбарын эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл болох нийт 111 хүн оролцож байна.
Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хэлэлцүүлгийг нээж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, асуудлын цар хүрээ, ажиллах боломжийг харгалзан мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан журмыг тус тус баримтлан Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдөр “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” гэсэн сэдвээр зохион байгуулахаар тогтож, тогтоол баталсныг онцлоод ажлын хэсэг ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталж, бэлтгэл ажлын хүрээнд гурван удаагийн дэд хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэсэн гэв.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Агаарын бохирдлыг бууруулах асуудлаарх эрх зүйн орчин, төсөл, арга хэмжээнд зарцуулсан хөрөнгө, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ салбарын яамны хууль эрхзүйн орчин, агаарын бохирдлыг бууруулах талаар хийсэн төсөл, арга хэмжээнд зарцуулсан төсөв, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.
Тухайлбал, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийг 1997 онд баталж, ус, цаг агаар, байгаль орчны төлөв байдалд байнгын хяналт шинжилгээ хийх, бодит болон урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллээр нийгмийн хэрэгцээг шуурхай хангах, байгалийн болзошгүй гамшгийн эрсдлээс сэрэмжлүүлэх асуудлыг зохицуулсан. Мөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг 2011 онд баталж, агаарын чанарыг сайжруулах бүс тогтоож эрчим хүчний үнийг урамшуулал хэлбэрээр хөнгөлөх, гэр хорооллын айл өрхөд шаардлагатай эрчим хүчний болон бусад хөнгөлөлт, үйлчилгээг хүргэх, гэр хорооллын айл өрхийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах барилга, орон сууц барих нөхцөл бүрдүүлэхээр тусгасан.
Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2010 онд баталж, хүрээлэн байгаа агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг тоолох, бүртгэх, аливаа бохирдуулах бодисын хамгийн их агууламж нь агаарын чанарын стандартаас хэтэрсэн тохиолдолд тавих хяналтыг тодорхой болгох асуудлыг зохицуулсан. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль 2012 онд анх батлагдаж, агаарын бохирдлын эх үүсвэр хэрэглэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний агаар бохирдуулах үйл ажиллагаанд төлбөр ногдуулах, төлөх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулсан гэдгийг салбарын сайд илтгэлдээ онцолсон.
Харин Улсын Их Хурлын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан бол мөн оны Засгийн газрын 199, 2020 оны 115, 211 дүгээр тогтоолоор “Нийслэлийн агаарын чанарын бүсэд орсон айл өрхөд цахилгааны хөнгөлөлт үзүүлэх журам”-ын баталж, Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс нийслэл хотод оруулахыг хориглосон шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн 2020 онд “Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулах тухай шийдвэр гарсан. Мөн онд 2018 оны 62 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж Хан-Уул дүүргийн 12,13,14, Сонгинохайрхан дүүргийн 21, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Налайх дүүрэгт тус тус түүхий нүүрс хэрэглэхийг хориглосныг илтгэлд дурдсан байлаа. Агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулсан төсөв, гүйцэтгэлийн талаар танилцуулсныг доорх зурагнаас харна уу.
Мөн цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт урамшуулал, зээлийн хүүгийн татаасын хүрээнд агаарын чанарын бүсэд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт, ногоон зээл татаасад 2019-2024 онд нийт 46.1 тэрбум төгрөг, агаарын чанарын бүсэд айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад хийсэн сургалт, өдөрлөг хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулсан зөвлөмж сэрэмжлүүлэг, гарын авлага боршуур хэвлэлийн зардал, шахмал түлшний яндан хөөлөх, угаарын хийн хордлогоос сэргийлэх талаар хийсэн нөлөөллийн арга хэмжээнд нийт 36.1 тэрбум төгрөг, Орчны бохирдлыг бууруулах ажлын албаны үйл ажиллагааны зардалд 2.4 тэрбум төгрөг зарцуулсныг илтгэлд дурдсан байлаа.
Харин Нийслэл, орон нутгийн агаарын чанарын бүсэд чиглэсэн төсөл арга хэмжээний хүрээнд нийслэлийн агаарын чанарын бүсэд чиглэсэн төсөл арга хэмжээний зардал 44.6 тэрбум төгрөг, Орон нутагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн төсөл арга хэмжээний зардал 12.3 тэрбум төгрөг, “Таван толгой түлш” ХХК-д сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлттэй холбоотой санхүүжилтэд 67.8 тэрбум, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт борлуулалт, хадгалалттай холбоотой санхүүжилтэд 37.2 тэрбум, шахмал түлшний үйлдвэрлэлийг дэмжих Дархан-Уул аймгийн ЗДТГ, Өвөрхангай аймагт 4.3 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна. Мөн хяналт шалгалтын хүрээнд агаарын чанарын бүсэд түүхий нүүрс оруулахыг хориглох тухай тогтоолын хэрэгжилтийг хангуулах, агаарын чанарын бүсийг дэглэмийг мөрдүүлэх 16.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосныг илтгэлд дурдсан байв.