"Зуух, түлшний технологийн шийдлүүд” сэдэвт дөрөв дэх хэлэлцүүлэг боллоо
2025.02.03

"Зуух, түлшний технологийн шийдлүүд” сэдэвт дөрөв дэх хэлэлцүүлэг боллоо

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс цуврал хэлэлцүүлгийг явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” сэдвийн хүрээнд дөрөв дэх хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.31/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд эхлэв. Энэ удаагийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал даргалсан. Тэрбээр хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсгээс Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” сэдэвт хэлэлцүүлэг хийх болсныг онцолсон.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Г.Ганбаатар, Ж.Золжаргал, Б.Мөнхсоёл, О.Саранчулуун Ж.Чинбүрэн, Б.Уянга нар болон иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл болох нийт 53 хүн оролцов.

Ажлын хэсгийн ахлагч, сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын хүрээнд төлөвлөсөн гурван удаагийн хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулсныг дурдаад хэлэлцүүлгийн гол ач холбогдол нь иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг төрийн байгууллага, салбарын яамдын асуудал хариуцсан удирдах албан тушаалтнуудтай уулзуулж, тэдний асуултад хариулж, үнэн зөв мэдээлэл өгүүлэхэд чиглэсэн гэлээ. Түүнчлэн, Ажлын хэсгээс дэд хэлэлцүүлгүүдийн үеэр иргэдийн саналыг сонсож, шийдэл хайхыг чухалчилсан тул энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, утаа бууруулах хүрээнд та бүхний оюун ухаанаа шингээсэн шийдлийг сонсохоор болсон. Оролцогчдын ярьсан санал, санаачилга бүхэн хэлэлцүүлгийн тэмдэглэлд үлдэхийн зэрэгцээ Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны эрдэмтдийн зөвлөлд хүргэнэ. Та бүхний санал санаачилгаас сонирхол татсан, гаргалгаатай, хэрэглэх боломжтой шийдлүүд байвал эрдэмтдийн зөвлөлөөс дуудаж уулзах чиглэлийг Ажлын хэсгээс өгнө гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга хэлэлцүүлэгт оролцогчдын танилцуулсан технологийн шийдлүүдийг нэгтгэж, холбогдох төрийн байгууллага, удирдах албан тушаалтнуудад хүргэхэд онцгойлон анхаарч ажиллана гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун танилцуулгад дурдсан технологийн шийдлүүдийг өрхийн хэрэглээ, үйлдвэрлэлийн түвшингөөр нь ангилахаас гадна хэрэглээний аюулгүй байдлын үзүүлэлт, үнэ өртөг, хүний биеийн чадамжид тааруулсан зэрэг ангиллыг саналдаа тусгавал хүмүүс шийдвэр гаргахад илүүтэй нөлөөлнө гэж байлаа.