“Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд процессын дахин инженерчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хэлэлцүүлэг болов
Улсын Их Хурал, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн бүтээмжийн үндэсний хороо хамтран “Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд процессын дахин инженерчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.01.21/ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлсэн.
Тэрбээр, Бид хуулиудад цаг үеийн шаардлагад нийцсэн өөрчлөлтүүдийг хийгээгүйгээс хууль, эрх зүйн орчин нийгмийн хөгжлөөс хоцорч, тэрхүү хурдтай өөрчлөлтийг зохицуулж чадахгүй болсноос иргэдийн дунд бухимдал бий болж байна. Тиймээс УИХ-ын гишүүд голлох хуулиудыг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, цаг үетэй хөл нийлүүлэх ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж УИХ-ын даргын захирамжаар 60 гаруй ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна хэмээлээ.
УИХ-ын дарга, өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй дийлэнх хуулиуд төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг зохицуулахад чиглээд, иргэдийн эрхийг хамгаалах, хангах зохицуулалт нь орхигдсон байна гэдгийг ахмад хуульчид, энэ салбарынхан хэлж буйг тодотгоод, иргэдийн дунд хуулийн талаарх ойлголт маш сул байгаа нь тэдгээр хуулиуд иргэндээ хүрч үйлчилдэггүй, амьдралд нь нэвтрэхгүй байгаатай холбоотойг онцолсон юм.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канадын Засгийн газрын санхүүжилтээр манай улсад 10 гаруй жил хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд төрийн албаны шинэчлэл, төрийн албаны хүнд суртал, авлигыг арилгах талаар судлаад, төр өөрөө дахин инженерчлэлийг хийх зайлшгүй шаардлагатай гэсэн асуудлыг хөндсөн байна. Харамсалтай нь үүнээс хойш 10-аад жил өнгөрсөн ч хэрэгжүүлэх ажил 10, 20 хувиас дээш гарсангүй гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэмдэглэн хэлсэн.
Тийм ч учраас УИХ санаачилга гаргаж, аль нэг салбарын сайд, агентлагийн удирдлага, тэдгээрийн санаачилгаас үл хамааран УИХ-ын тогтоол баталж, бүх түвшиндээ процессын дахин инженерчлэлийг үзэл баримтлалынх нь хүрээнд хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн учраас УИХ-ын гишүүн Ч.Анараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан гэдгийг тодотголоо.
Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга байхдаа төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгын хүрээнд төрийн байгууллагуудад процессын дахин инженерчлэлийг хийх ажлыг дэмжиж, эхлүүлсэн гэдгээ тэрбээр дурдаад, энэ санаачилга нь цоо шинэ зүйл биш, процессын дахин инженерчлэлийг 1996 оноос эхлэн тодорхой хэмжээнд нэвтрүүлж, ашиглаж ирсэн бөгөөд төр залгамж халаатай, өмнөх туршлага, сургамждаа суурилж, үргэлж илүү сайныг бүтээхийн төлөө тасралтгүй ажиллах ёстой гэлээ.
Тухайн үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 2023 онд хийж гүйцэтгэсэн процессын дахин инженерчлэлийн шинжилгээгээр зөвхөн нэг яамны хувьд чиг үүргийн давхцалтай 65 үйлчилгээ, сайжруулах шаардлагатай 1900 гаруй, үл тохирох 214 процесс байгааг тогтоосон байна.
Үүнийг сайжруулж, засахын тулд бодлого, стратеги, менежмент, процессын өөрчлөлт хийх ажил эхэлснээр тус салбарт төрийн үйлчилгээг хүргэх, авах дундаж дамжлага 20 үйл явцыг 2-5 дахин бууруулж, иргэдээс шаардах баримт бичгийн тоо цөөрч, хүнд суртал багасаж, үйлчилгээ авах дамжлагууд эрс цөөрсөн зэрэг ахиц гарсан гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм.