Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд олон нийт, төр, хувийн хэвшлийн оролцоог тэгш хангах нь чухал!
С.Амарсайхан Монгол Улсын Шадар сайд
2024.10.09

Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд олон нийт, төр, хувийн хэвшлийн оролцоог тэгш хангах нь чухал!

Эрдэс баялаг, аж үйлдвэрийн салбар бол манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг. Энэ салбарын хөгжил дэвшил ололт амжилт бол улс эх орны тогтвортой хөгжил, иргэн, ААН, айл өрхүүдийн орлогын үндэс суурийг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой.

Тухайлбал, Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар манай улсын ДНБ-ийн ихээхэн хувийг, экспортын орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг, ажлын байрыг нэмэгдүүлж буй чухал салбар. Тиймээс энэ салбарын үйл ажиллагааг ирээдүйд илүү өргөн хүрээтэй, илүү ил тод, илүү нээлттэй, илүү хариуцлагатай, тогтвортой явуулах тал дээр анхаарал хандуулах ёстой. 

Өнгөрөгч долоо хоногт “Mining Week (Уул уурхайн долоо хоног) & MinePro 2024” Олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга арга хэмжээ аж үйлдвэрийн ууган голомт Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд зохион байгуулагдсан. Энэ хүрээнд, Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын ирэх 4 жил, цаашлаад Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй зарм томоохон зорилтууд, ирээдүйн гарц шийдлүүдийг олон нийтэд танилцуулж, “Бүсчилсэн хөгжил-Аж үйлдвэрийн бодлого” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы илтгэлд,

Нэгдүгээрт, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлд, уул уурхай эрчим хүч, бусад дэд бүтцийн салбаруудаас гадна эрдэс баялаг тэр дундаа аж үйлдвэрийн салбарын  үйл ажиллагааг дэмжин ажиллах зарчим баримталж буй. Тэр дундаа байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг багасгах, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах, хангах, аж амьдралд нь эерэг нөлөөлөл үзүүлэх бодлогыг баримталж буй. 

Хоёрдугаарт, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах тогтвортой орчинг бүрдүүлэх нь энэ засгийн газрын нэн тэргүүний зорилтуудын нэг. Хөрөнгө оруулалт бол эрдэс баялаг, аж үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийн тулгуур. Мөн гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээн бэхжүүлж, харилцан үр ашигтай хамтарч ажиллах урт хугацааны хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн бодлогуудын шинэчлэлийг Монгол Улсын засгийн газраас эрчимтэй хийж буй. Мөн бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд холбогдох эрх зүйн орчинг сайжруулан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, таатай орчинг бүрдүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна. 

Гуравдугаарт, байгаль орчин, ногоон хөгжил, инновац, технологийг дэмжих чиглэлд анхаарч ажиллаж байна. Тухайлбал, уул уурхайн салбарын өсөлттэй зэрэгцээд ногоон хөгжил, байгаль орчны тогтвортой байдал руу чиглэсэн шинэ технологи, инновацыг нэвтрүүлэх нь аль аль талдаа илүү үр өгөөжтэй үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж байгаагаас үүдсэн байгалийн гамшигт үзэгдлүүд олширсон. Ирэх 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан байгалийн гаралтай гамшигт үзэгдлүүд 40 хувь нэмэгдэх тооцоо байна. Тиймээс бид тогтвортой аюулгүйгээр үйл ажиллагаа явуулах тухай асуудал, нөгөө талдаа байгаль орчин ногоон хөгжил, инновацын тухай асуудал нь нэн тэргүүнд тавигдах ёстой асуудал юм.  

Дөрөвдүгээрт, байгалийн нөөц, үр өгөөжийг тэгш хүртээх тухай асуудал. Энэ хүрээнд баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Тус хуулийн үйлчлэлийн хүрээнд, өгөөжийг иргэдэд илүү хүртээмжтэй хүргэх, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг тэгш хуваарилж, хүртээмжтэй болгох олон шийдлүүдийг гаргаж, шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж буй. 

Тавдугаарт, орон нутгийн хөгжлийн тухай асуудал. Ажлын байрыг нэмэгдүүлэх нь уул уурхай, эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн хувьд нэн чухал асуудал. Орон нутгийн дотоод нөөц боломж, эдийн засгийн бааз суурь, иргэдийн амьдрал хэдий чинээ сайжирна төдий чинээ ААН эрхлэгчдийн үйл ажиллагаа тогтвортой бөгөөд эрсдэлгүй байж, урт хугацаандаа өгөөж өө өгөх юм.

Зургаадугаарт, хүний нөөцийн чиглэлээр сургалтын үйл ажиллагааг орхигдуулж болохгүй. Хүний нөөцийн хөгжил чухал байр суурь эзэлж байгаа энэ цаг үед эрдэс баялаг, аж үйлдвэрийн салбар тэр дундаа боловсруулах үйлдвэрийн чиглэлээр чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх нь маш чухал. Мөн олон улсын туршлагыг нутагшуулах чиглэлд гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллана. 

Долоодугаарт, стандарт аюулгүй байдлын тухай асуудал. Хамгийн гол нь аль ч салбарт ямар ч чухал хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил байсан байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай, стандарт, аюулгүй байдлыг бүрэн хангасан байх ёстой. Хаана стандарт байна, тэнд тогтвортой хөгжил байдаг. Хаана стандарт байна, тэнд аюулгүй байдал, амьдралын тав тухтай орчин бий болж байдаг. Энэ бүхнийг цогц бодлогоор, оновчтой төлөвлөлтэйгөөр, нээлттэй засаглалтайгаар, ил тод үйл ажиллагаагаар зохицуулах чиглэлд Засгийн газар анхаарч ирсэн, цаашид ч энэ бодлого үргэлжлэх болно.

Түүнчлэн, Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болоод Аж үйлдвэрийн чиглэлээр бүсчилсэн хөгжлийн бодлогод эдийн засгийг эрчимжүүлэх 14 мега төсөл туссан бөгөөд эдгээрийг хэрэгжүүлснээр экспортын хэмжээ 2 дахин өсөж, нэг хүнд ноогдох ДНБ 10.600 ам.долларт хүрч мөн 2 дахин өсөх таамаглалтай  байна. Үүнээс гадна олон улсын тээвэр, логистик, аялал жуулчлалын төрөлжсөн үйлчилгээ, аж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиг үүрэгтэй Налайх дахь Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүс зэрэг Тусгай бүс, Чөлөөт бүсүүдийг бүсчлэн хөгжүүлж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд олон төрлийн татварын дэмжлэг үзүүлэх юм. 

2024 онд УИХ-аас баталсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд эрчим хүчний хүчин чадлыг 2,670мВт-аар  нэмэгдүүлэхээр тусгасны зэрэгцээ шинээр 6400 гаруй км авто зам, 5000 гаруй км төмөр зам барихаар төлөвлөсөн. Тухайлбал, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрш орнуудтай холбогдох босоо, хөндлөн тэнхлэгийн 6 коридор барьж, тэдгээртэй холбогдсон хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, тээвэр, логистикийн төв, хуурай боомт байгуулна. 

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Гадаад худалдааны бодлогод шинэ хэлэлцээрүүд хийгдэж гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсээр байгаа бөгөөд өдгөө шинээр байгуулахаар БНХАУ, БНСУ зэрэг улстай эцэслэхээр хэлэлцэж буй чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийн үр дүнд цаашид илүү эрчимжинэ. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан