Бүсчилсэн хөгжлийн гол зорилго нь хот, хөдөөгийн ялгааг арилгахад чиглэнэ!
Нийслэл хотыг анх 500 мянган хүн ам, 85 мянган автомашинтай байхаар тооцон төлөвлөсөн. Өнөөдөр тэрхүү төлөвлөлт алдагдаж бүх талаасаа бөөгнөрөл, нягтаршил ихтэй хот болсон. Энэ нь асуудлуудыг тухай бүрт нь шийдвэрлэж ирээгүйн дээр, Монгол Улс нэг хоттой байгаагийн шалтгаан ч байж мэднэ. Хүн бүр л инженерийн байгууламж бүхий ая тухтай, ажлын байр олох боломжтой, хүүхдүүд нь чанартай боловсрол эзэмших боломжтой суурин газарт тэмүүлж байна.
Эдгээр хүмүүсийг буруутгах аргагүй. Мөн хөдөө орон нутагт зуд турхан болсны дараагаар нийслэл рүү шилжих хөдөлгөөн эрс нэмэгддэг зэрэг цөөнгүй шалтгааны улмаас хотын хүн, ам өсөн нэмэгддэг юм. Эцэст нь, энэ байдлаараа цаашид явах бололцоогүйн дээр хөгжлийн тухай ярих ч аргагүй болж, бүсчилсэн хөгжлийн талаар ярихаас аргагүйд хүрсэн хэрэг.
Энэ хүрээнд, Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, Ерөнхий сайд Бүс нутгийн хөгжил хариуцсан зөвлөхөөрөө У.Отгонбаярыг томилсон байдаг. Энэ санаандгүй томилгоо биш. У.Отгонбаярын тухайд Үйлдвэр худалдааны яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Барилга хот байгуулалтын яаманд газрын даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр өмнө нь Бүс нутгийн хөгжил хариуцсан зөвлөхийн албыг хашиж ирсний хувьд хоёр их хөрш Орос-Хятад, Өрнө-Дорныг өртөөлөн холбосон бүс нутагтаа төмөр зам, зам, дэд бүтцийн том мега төслүүдийг хариуцан ажиллах үүрэг даалгавар хүлээв. Мөн түүхэн аялал жуулчлалын бүтэн тойрог маршрутыг бүс нутагтаа байгуулж, илүү олуулаа хийх ажилтай, олох ашигтай болцгоох төсөлд онцгойлон анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн У.Отгонбаяр Бүс нутгийн хөгжлийн талаар хэлэхдээ,
“...Бүсчилсэн хөгжил цоо шинэ зүйл биш. Түүхийг нь яривал, 1937 оны үед эдийн засгийн бүсчлэл хийж байсан юм билээ. Тэр үеэс л бүсчилсэн хөгжлийг ярьж, тойргийг зурж байсан. “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” хэмээх том бодлогын баримт бичиг 2001 онд УИХ-ын 57 дугаар тогтоолоор батлагдаж байсан. Товчхондоо, бүсчилсэн хөгжлийн гол зорилго нь хот, хөдөөгийн л ялгааг арилгах юм. Гэвч өнөөдөр хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа бол өдөр, шөнө шиг л болсон шүү дээ. Улаанбаатар хотод хүн амынх нь 50 хувь амьдарч байна. Их, дээд сургуулиудын 96 хувь нь Улаанбаатар хотод байна. Хөдөөгийн нүүдэл Улаанбаатар руу явж байгаа нь буруу биш. Чанартай боловсрол, чанартай эмчилгээ, ашигтай бизнес, хувь хүний хөгжил хотод л төвлөрчихлөө. Энэ хот, хөдөөгийн ялгааг арилгахын тулд л бүсчилсэн байдлаар хөгжье гэж байгаа юм. Зургаан бүс нутагт хувааж үзэхэд, хамгийн хурдан хөгжих нь зүүн бүс нутаг болж байна. Зүүн бүсийн нутаг Хятад, Орос гэсэн хүчирхэг хоёр хөрштэй хилээр холбогддог. Мөн Эрээнцав-Чойбалсан гэх төмөр зам, өөрийн гэсэн цахилгаан станцтай. Сүхбаатар аймаг руу ороход Бичигтийн боомт бий. Үүнээс цааш 866 км яваад, далайн том Жин жоу боомт байдаг. Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын маршрут болгох боломжтой. Саяхан зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар зарлачихлаа. Дорнод аймаг гэхэд Халх гол, Мэнэнгийн тал, Буйр нуур, төрийн тахилгат Алтан дарь овоо, Шилийн богд, Ганга нуур, Талын агуй гэх мэт түүхэн газруудыг аялал жуулчлалын маршрут болгоно. Үүнийг дагасан дэд бүтэц аандаа хөгжинө. Газар зүйн хувьд ч нэн тааламжтай бүс нутаг юм. Судлаач хүний хувьд харахад, эхний ээлжид 1-2 томоохон төслийг хөдөлгөх ёстой. Үүний нэг нь босоо тэнхлэгийн төмөр зам. Одоо байгаа Эрээнцав-Чойбалсан төмөр замыг Бичигт, Хөөттэй холбож чадвал зүүн бүс нутаг Хятад, Монгол, Орос гэсэн гурван улсыг дамнасан эдийн засгийн том коридор бий болох боломжтой. Ази Европыг холбосон ачаа барааны эргэлт манай бүс нутаг дээгүүр явах боломжтой” гэв.
Дашрамд, Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд “ЭРГЭХ ХОЛБОО” нэгдсэн ажлын албатай боллоо. ЭРГЭХ ХОЛБОО нэгдсэн ажлын алба нь Бүсчилсэн хөгжлийн төлөө иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх, иргэдийн санал бодлыг төрийн бодлогод тусгах, хөгжлийн цуврал хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллах юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан