"Улаанбаатар төмөр зам" ХНН таван илчит тэргээр паркаа шинэчлэв
2024.08.14

"Улаанбаатар төмөр зам" ХНН таван илчит тэргээр паркаа шинэчлэв

Төмөр зам бол дэлхийн эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч гол тулгуур тээвэр юм. Тэр утгаараа олон улсын төмөр замын хөгжлийн чиг хандлага нь аюулгүй байдал, тогтвортой үйл ажиллагаа, технологийн шинэчлэл, ухаалаг шийдлүүд зэрэгт анхаарал хандуулж байна.Далайд гарцгүй манай орны хувьд, төмөр замын тээврийг илүү хөгжүүлж,  өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай олон чухал асуудал тулгарч буй. Тэр утгаараа төмөр замын ачаа тээврийн салбарт хийх шаардлагатай хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг нь техникийн шинэчлэл, ашиглалтыг нэмэгдүүлэх гэдгийг мэргэжлийн хүмүүс олон жил ярьж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг ижил тэнцүү өсгөх замаар Орос-Монгол хоёр улсын Засгийн газраас хөрөнгө оруулах саналыг манай талаас тавьсан. Энэ саналыг Оросын тал дэмжиж, өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх зорилгоор ОХУ-аас таван ширхэг шинэ илчит тэргийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа “Улаанбаатар татах хэсэг”-т боллоо.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Зам, тээврийн яамны Төмөр зам далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэхүү арга хэмжээг нээж, үг хэллээ. Тэрбээр, 75 жилийн ойгоо угтаж буй “Хөдөлмөрийн баатар” хамт олонд баяр хүргээд, түүхэн үйл явдалд дахин хамтдаа оролцож байгаад талархал илэрхийллээ.

“1949 онд Орос-Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг талууд тус бүр 83,7 тэрбум төгрөгөөр буюу нийт 167,4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд хувь нийлүүлэгч Оросын талаас хэлэлцээрийн протоколд заасны дагуу гол замын “2ТЭ25КМ” серийн таван ширхэг илчит тэргийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хүлээлгэн өгч байгааг өнөөдөр бид хүлээн авч байна” гэдгийг онцоллоо.

Энэхүү “2ТЭ25КМ” сервер бүхий илчит тэргүүдийг манай улс 2017 оноос төмөр замын тээвэрт үйлчилгээнд нэвтрүүлж эхэлсэн байна. Эдгээр илчит тэрэг нь 6000 дээш ачаа татах чадвартай, хамгийн аюулгүй, найдвартай техникийн үзүүлэлттэй илчит тэрэг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, энэ загварын илчит тэрэг нь манай орны цаг уурын хүнд хэцүү нөхцөлд олон сорилтыг даван туулсан, техник үзүүлэлт нь илүү сайжирсан загвар гэж байв.

Энэ тухай “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков хэлэхдээ “2ТЭ25КМ” сервер бүхий илчит тэргүүд нь өнгөрсөн хугацаанд хамгийн найдвартай, техникийн аюулгүй тэрэг гэдгээ нотлон харуулж чадсан. Цаг агаарын хүнд нөхцөлд уулархаг болон элсэрхэг бүс нутгийн замаар саадгүй явдаг. Өнгө будгаас эхлээд “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн мэргэжилтнүүдийн шаардлагаар илчит тэрэгнүүдийн үйлдвэрлэлд шинэчлэх сайжруулах зүйл их хийсэн. Тухайлбал, агаар шүүгчийг сайжруулсан. Эдгээрийг ашиглалтын үйл явцад улам сайжруулсаар байх болно гэв.

Өнөөдөр хүлээн авч буй эдгээр илчит тэрэг нь Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд, Орос-Монгол хоёр улсын Засгийн газарт талархал илэрхийлж байгаагаа уламжлав.Үйл явдлын төгсгөлд салбарын сайд Б.Дэлгэрсайхан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн харьяа “Улаанбаатар” татах хэсгийн ажилчдын байр, түүхийн музей, ажлын орчин нөхцөлтэй танилцаж, дарга удирдлагуудтай санал солилцсон юм.