ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА
Монгол Улсын Шивээхүрэн боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхээ боомттой холбох 6.9 км төмөр замын бүтээн байгуулалт дууслаа.
Шивээхүрэн-Сэхээ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж байна.
Шивээхүрэн-Сэхээ боомтын 6.9 км төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар Нарийнсухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэн экспортод гаргах шинэ хилийн гарц нээгдэж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 10 сая тонноор нэмэгдэнэ.
Тээврийн өртөг буурч, хүрээлэн буй орчин ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл сайжрах, экспортыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүллээ.
Монгол Улсын төмөр замын тээврийн салбарыг хөгжүүлэх, дотоодын төмөр замын сүлжээг нэмэгдүүлэх, хилийн боомтын шинэ гарц бий болгох, уул, уурхай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын барилгын ажил 1 жилийн хугацаанд өөрийн хөрөнгө оруулалтаар “Нарийн сухайтын төмөр зам” ХХК гүйцэтгэн дуусгасан.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан