Монгол Улс төмөр замаа чөдөрлөх үү? хөгжүүлэх үү?
О.Хонгор "Талын Хишиг Групп" Гүйцэтгэх захирал
2024.05.27

Монгол Улс төмөр замаа чөдөрлөх үү? хөгжүүлэх үү?

Монгол Улс далайд гарцгүй ч Европ, Азийг холбосон төмөр замын асар их хүчин чадалтай дэд бүтэцтэй. Үүнийгээ ашиглан экспорт, импорт, транзит тээврийг төмөр замаар богино хугацаанд зохион байгуулах өргөн боломж бүрдсэн байдаг.

Монгол Улсад төрийн өмчийн төмөр замын 3 байгууллага бий.

  1. “Улаанбаатар төмөр зам” ХНН
  2. “Монголын төмөр зам” ТӨХК
  3. “Тавантолгой төмөр зам” ХХК

Харин хувийн хэвшийн, Ерөө өртөөнөөс Хандгайт өртөө буюу Баянголын төмрийн орд хүртэлх 73 км төмөр замыг эзэмшдэг “Болд төмөр ерөө гол” ХХК бий. 

ОХУ-ын Наушки-Сүхбаатар боомт, БНХАУ-ын Эрээн-Замын-Үүд боомтоор хиллэдэг босоо төмөр зам 1100 км үргэлжилдэг бөгөөд Европ, Азийг холбосон чухал ач холбогдолтой. Уг төмөр замаас салаалж, Сайншанд өртөөнөөс Зүүнбаян-Цогтцэций-Тавантолгой чиглэлийн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн барьсан 417 км төмөр зам үргэлжилдэг. Үүнээс цааш “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн  Гашуунсухайт боомт хүртэлх 267 км төмөр зам бий. Гэвч БНХАУ-ын төмөр замтай холбогдож чадаагүй, мухар. 

Уг төмөр зам дээгүүр тээвэр хийж буй 10 орчим аж ахуй нэгж бий. Тэдний томоохон нь хөдлөх бүрэлдэхүүнээ худалдан авсан байдаг бол түрээсэлдэг нь олон. Хувийн хэвшлийн, 1000 хөдлөх бүрэлдэхүүнтэй “Талын хишиг” групп нь энэ салбартаа тэргүүлэх байр суурьтай ажиллаж байна. Дээрх компаниудын нийт 14,000 ширхэг вагон төмөр замаар тээвэр хийж байна. 

1995 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийн дагуу 

  1. Эрээн 
  2. Гашуунсухайт
  3. Бичигт
  4. Шивээхүрэн боомтоор БНХАУ-тай төмөр замаар худалдаа, тээвэр хийхээр харилцан тохиролцсон. Үүнийг 2014 онд харилцан ойлголцлын санамж бичиг зурж, дээрх боомтуудыг хэвээр үлдээсэн байдаг. 

Гэвч өнөөг хүртэл уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар шууд тээвэрлэн, гадаад зах зээлд гаргаж байгаа ганц гарц нь Замын-Үүд - Эрээн боомт.  Уг боомтоор БНХАУ-Монгол Улс харилцан хоногийн 14 галт тэрэг ачаа тээвэр хийх тохиролцоог 2023 оны намар 15 галт тэрэг болгон нэмэгдүүлсэн. Энэ нь төмөр замын тээвэр хийх өнөөгийн хүчин чадалтай харьцуулахад хэтэрхий бага тоо юм. Тавантолгойн ордоос нүүрс тээвэрлэн гаргаж байгаа нь Гашуунсухайт боомт хэдий ч төмөр зам нь мухар учраас авто машинд сэлгэн ачиж тээвэрлэдэг. 

Монгол Улс Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогоо батлахдаа төмөр замынхаа царигийг дэлхийн стандартыг дагаагүй нь “алдагдсан боломж”-ийг нэмэгдүүлсээр байна. Хэрвээ бид төмөр замын нарийн царигийг төрөөс баримтлах бодлогодоо тусгасан бол өнөөгийн өмнөд хөрштэйгээ төмөр замаар холбогдож чадахгүй, мухар төмөр замуудтай үлдэхгүй байх боломж байлаа. 

Өнөөдөр бид экспортын гарц, хэмжээг нэмэгдүүлэх нэн шаардлагатай. Төмөр замын мухар бүтээн байгуулалтуудаа БНХАУ-ын хилийн цаадах төмөр замтай холбох бодлого баримтлах, бодлогоо ажил хэрэг болгохгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам төмөр замын тээврийн эдийн засагт үзүүлэх өндөр өгөөжийг бид алдсаар байна. Аль нэг улсын бодлогоор бус тусгаар улсын бие даасан бодлогоор энэ салбартаа анхаарах цаг болсон.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn