Д.АМАРБАЯСГАЛАН ЭЛЧИН САЙД ИГАВАХАРА МАСАРҮГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Игавахара Масарү
2024.07.31

Д.АМАРБАЯСГАЛАН ЭЛЧИН САЙД ИГАВАХАРА МАСАРҮГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Игавахара Масарү нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод буй. 

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өчигдөр (2024.07.30) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ардчилал, хүний эрх, хуулийн засаглалын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол, Японы харилцаа эдүгээ “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг онцлон хоёр улсын Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Игавахара Масарү Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдсэнд баяр хүргэн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд ажлын амжилт хүсэв. Мөн тэрээр, Япон Улсын зүгээс Монгол Улсад ардчиллыг бэхжүүлж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд анхааран ажилладаг бөгөөд цаашид ч бүх талаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгааг илэрхийлсэн байна.