Одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг нэмэв
2024.06.05

Одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг нэмэв

“Эхийн алдар” I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 400 зуун мянга, II зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг олгохоор шинэчлэн баталлаа. Тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах  хөрөнгийг Монгол Улсын 2025 оны төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт өнөөдөр Засгийн хуралдаанаас даалгасан байна.

Эргэн сануулахад, жил бүрийн сар шинийн баярын өмнө буюу хоёрдугаар сард одонтой эхчүүдэд тэтгэмж олгодог. Нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийн тэтгэмж олгож буй. Уг тэтгэмжийг нэмэхээр төлөвлөж байгаа талаар өнгөрсөн гуравдугаар сард мэдээлсэн. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ "Цаашид бид хүн амаа өсгөх, эх оронч, эрүүл чийрэг монгол хүнийг төлөвшүүлэх бодлогоо тууштай баримталж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулах, “Эхийн алдар” одонтой эхчүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна" гэж байсан юм.