ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛД Л МЭДЛЭГ, УР ЧАДВАР ЯЛЖ ТОДОРДОГ
Аливаа зүйл мэдлэг, ур чадварыг шингээж чадвал амжилтад хүрдэг. Тэрхүү амжилтад тэгш гараа, шударга өрсөлдөөн байх тусам мэдлэг, ур чадвар буюу хамгийн шилдгүүд тодорч чаддаг. Хэрэгжүүлж болохуйц, хэмжигдэж болохуйц, сайжруулж болохуйц “мэдлэг, ур чадварын өсөлт”-ийг чанартай судалгаанд тулгуурлаж бүтээлч сэтгэлгээгээр бүтээдэг.
Эрх чөлөөтэй, шударга өрсөлдөх тогтолцоог бүрдүүлсэн нийгэмд оюун ухаанаа дайчилсан, мэдлэг ур чадвар шингэсэн бүтээмж тасрахгүй. Улс орнуудын хөгжлийн нууц нь ердөө л энэ. Монгол Улсын аль ч салбарт хөгжлийн чөдөр, тушааг тайлах ганц шийдэл бол “шударга өрсөлдөх боломж”-ийг нээх юм. Учир нь хаана ч очсон арын хаалга, танил тал, авлигаар ажил бүтдэг болчихсон нь хөгжих гарцыг боомилж байна. Би шударга өрсөлдөөний талбарт өөрийгөө дайчилж, мэдлэг, ур чадвараараа хэрхэн өрсөлдөж ялж болдгийг өөрийн амьдралаараа туулсандаа үүнийг хэлж байгаа юм. БНСУ-ын анагаах ухааны салбарт надад танил тал байгаагүй. Оюун ухаан, хүмүүжил, төлөвшлөөс өөр хүч, хэрэгсэл байгаагүй надад шударга өрсөлдөөний талбар “мэдлэг, ур чадварын өсөлт”-ийг авчирсан. Логик сэтгэлгээ улам хөгжиж, дүн шинжилгээ хийх зөөлөн ур чадвар ахисан. Айдасгүйгээр, итгэлтэйгээр, зарим үед бахдалтайгаар сурч бас хөдөлмөрлөж чадсан. Ерөөсөө “урагшаа“ л харж ажилдаа хандаж байсан.
Судалгааны ажлын үр дүн шинжлэх ухааны хөгжлийг нэг алхам урагшлуулж чадсан бол бүтээлийг Олон Улсын сэтгүүлд нийтэлдэг. Судлаач хүн гайхалтай таамаглал дэвшүүлж, судалгаагаа эхлүүлдэг. Энэ хүртлээ маш олон зүйлийг уншиж, судалж, харьцуулж мэдлэгээ тэлж таамаглалаа батлах чадвар эзэмшдэг.
НАЙДВАРТАЙ, БАТАЛГААТАЙ МЭДЭЭЛЛИЙН САН ДЭЭР ҮНДЭСЛЭН “ОНОВЧТОЙ БОДЛОГО” ГАРДАГ
БНСУ-ын эрүүл мэндийн даатгалын корпорац нь даатгуулагч 11 сая хүнээсээ, нэг сая хүн амаа судлах зорилгоор Когорт загварчлалаар судалдаг. Энэ судалгааны тоо мэдээлэл нь өндөр нууцлалын зэрэглэлтэй. Учир нь БНСУ-ын хүн амын эрүүл мэнд ямар түвшинд байгаа, ирэх 10 жилд ямар өвчлөлүүд зонхилох, ямар эмийн хэрэглээ
их байх, ЭМД-ын шимтгэлийг ямар төсөвт барьж гэмээ нь тусламж үйлчилгээгээ бүрэн санхүүжүүлж, хамрагдалтаа өргөжүүлж чадах вэ гэхчлэн бодлогуудыг гаргахдаа нотолгоо болгодог. Миний хувьд энэхүү судалгааны мэдээллийг боловсруулах эрхийг олж авсан. Энэ хүрээнд 2005 онд, 475 мянга 398 эмэгтэйн “хорт хавдар”-ын талаарх мэдээлэлд анализ хийх судалгааны ажлыг эхлүүлсэн. Үр дүнд нь эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдраас үүдсэн нас баралтыг бууруулах, хавдаар өвчилсөн тохиолдолд хэрхэн бага зардлаар эрүүл мэндэд нь хор хохирол багатайгаар хурдан оношлох ямар арга зам байна гэдгийг судалгааныхаа үр дүнгээр нээсэн. Ингэхдээ умайн хүзүүний арчдасын шинжилгээг 30 наснаас нь эхлэн жилд нэг удаа, 45 наснаас эхлэн хоёр жилд нэг удаа тогтмол хийдэг байх хугацааг тогтоосон.
Тус шинжилгээг 30 наснаас хийх нь умайн хүзүүний хавдрын нас баралтаас 300 дахин сэргийлж, хүний амьдрах насыг уртасгах, хавдраар нас барахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Судалгааны ажлын үр дүн нь тухайн салбарынхаа шинжлэх ухааны хөгжлийг нэг алхам урагшлуулж чадсан бол бүтээлийг Олон Улсын сэтгүүлд нийтэлж улмаар дэлхий нийтийн хэрэглээ болдог жамтай. Манай судалгааны багийн судалгааны ажил шинжлэх ухааны чансаа өндөртэй Олон Улсын сэтгүүлд нийтлэгдэж, 2007 оноос БНСУ-ын эрүүл мэндийн салбарт бодлого болон хэрэгжсэн. Нэг ёсондоо, жил бүрийн урьдчилан сэргийлэх эмэгтэйчүүдийн багц үзлэгт умайн хүзүүний хорт хавдрын арчдасын шинжилгээг нэвтрүүлсэн юм. Үүнээс хойш энэ чиглэлд олон эрдэмтэн, судлаачид маань мэдлэг дээрээ мэдлэг нэмсээр улам чамбайруулж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрт илрүүлгийн хөтөлбөрт “pap smear” буюу арчдасын шинжилгээг хийж эхэлсэн түүхтэй. Шударга алхмаас шударга нийгэм үүснэ гэж бодож, үйлдэж, өвлүүлж, өрсөлдүүлж төрийн бодлогын залгамж хэлхээг бөхлөх нь эрхэм зүйл билээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан