“Дарга нар хулгай хийх гэж Эрдэнэт, ЭТТ-г нийтийнх болгохгүй байна”
Өрөг нэвтрүүлгийн шинэ дугаар уншигч танд хүрч байна. Бид энэ удаа төрийн өмчит компаниудын зардлын өсөлтийн талаар ярилцахаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай ярилцлаа.
-МАН сонгууль дөхөөд гэнэт л мөнгө тараахаа зарлалаа. Шууд утгаар бус ипотекийн зээл, малчдын зээл гэх мэт нэрийн доор мөнгө тарааж байна гэж хардаж байна. Эдгээрийг “Баялагийн сан” санхүүжүүлж байгаа. Баялагийн сан хаанаас ямар эх үүсвэрээс мөнгөжив? Энэ их мөнгө хаанаас гарч ирсэн бэ?
-Гэнэт мөнгөтэй болсон биш. Монголын нийгэмд мөнгө байгаа. Баялагийн сангийн тухай хууль батлагдсанаар шинэ стратегийн ордууд гарч ирж байна. Эдгээр нь шинэ санхүүгийн эх үүсвэр болсон. Эдийн засаг нь зөв бодлоготой байвал Монголын хөрөнгө оруулагчид өөрсдөө хөрөнгө оруулах чадвартай. Биржийн бус механизмаар бонд гаргаж мөнгө босгох шинэ тогтолцоог бүрэлдүүлсэн. Бизнес эрхэлж байгаа хүмүүс төрөл бүрийн төсөлд хөрөнгө оруулахаар мөнгө босгоход 1.9 их наяд төгрөг босгосон. Энэ нь Монголд чанартай, сайн төсөлд хөрөнгө оруулах дотоодын хөрөнгө оруулагчид байгаа гэдгийг харуулж байна. Мөн томоохон төсөл хэрэгжүүлэхэд заавал гаднаас хөрөнгө оруулалт хайдаг биш, дотоодоос олж болох юм байна гэдэг итгэл төрсөн.
-Төрд яагаад ийм их мөнгө гэнэт гараад ирэв? Сонгууль дөхөөгүй байсан бол эдгээр мөнгө хулгайн замаар орох байсан уу?
-Нийгэмд байгаа, эдийн засаг дотор байгаа мөнгө. Саяхан хууль өөрчлөгдөөд хүрээний гадна байсан стратегийн ордууд төрийн өмчид бүртгэгдэж байна. Үүнийг дагаад 1.2 их наяд төгрөг орж ирсэн. Энэ мөнгийг их мөнгө гэж яриад байгаа. Гэтэл миний түрүүн ярьсан 1.9 их наяд төгрөг байна. Манай улс нөөц баялаг ихтэй гэдгийг үүнээс харж болно.
БИД ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ БАЙГУУЛАХЫН ТӨЛӨӨ 30 ЖИЛ ЗҮТГЭСЭН
-Манай улсын төрийн зардал 1992 онтой харьцуулахад 140 мянган хувь өссөн байна гэсэн тооцоог та гаргасан байсан. Энэ тооцооллынхоо тухай тайлбарлаач. Яаж гаргасан бэ?
-Баялагийн сан бол олон нийтийн сайн сайхны төлөө зарцуулах сан. Манай улсын бас нэг асуудал нь төрийн өмчит аж ахуй нэгжүүд. Энэ сан байх ёстой ч хажуугаар нь маш олон төрийн өмчит компаниуд гараад ирсэн. Бид зах зээлийн эдийн засаг байгуулахын төлөө 30 жил зүтгэсэн. Зах зээлийн эдийн засгийн гол тоглогч нь хувийн хэвшил байх ёстой боловч өнөөгийн Монгол улсад төрийн өмчит компани нь абсолют давамгайлчихсан байдалтай байна. Би дахин төрийн өмчит аж ахуй нэгж байгуулахгүй гэж хуулийн төсөл боловсруулахдаа судалгаа хийсэн. Судалгааны явцад төрийн өмч болон төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь 40 гаруй л байна. Би үүнийг их гэж бодож хийсэн. Гэвч бодит байдал дээр 60 хувьтай. Харин хувийн хэвшил 80 хувь байх ёстой гэж бодтол хоёр дахин бага буюу 40 хувьтай байсан.
Би энэ судалгааг хийх явцдаа нөгөө сангуудаа судлах гэсэн боловч надад өгөөгүй. Уг нь тогтоол боловсруулж байгаа хүнд өгөх ёстой л зүйл. Тиймээс би танилцуулгадаа төрийн өмчит болон төсвийн орлого нийт ДНБ-ний 60 хувийг эзэлж байна. Гэхдээ энэ нь сангуудыг оролцуулаагүй дүн. Хэрэв сангуудыг оролцуулбал энэ тоо улам ихэснэ гэдгийг тодотгосон. Энэ нь эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоо маш бага бараг ач холбогдолгүй байна.
-Энэ эдийн засгийг олон улсад ямар эдийн засаг гэж нэрлэдэг вэ?
-Энэ бол төрийн өмч давамгайлсан, сонгуулиас сонгууль дамжсан, улс төрийн эдийн засаг.
БИДНИЙ БАЙГУУЛАХ ГЭСЭН НИЙГЭМ БУРУУ ЧИГЛЭЛ РҮҮ ХӨГЖСӨН
-Танай нам “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн хүрээнд төрийн өмчид компаниудаа хувьчилна гэж яриад байгаа. Гэхдээ яагаад хувьчлахгүй байгаа юм бэ?
-Би өөрийн тогтоол дээр хувьчлах тухай огт яриагүй. Яагаад гэвэл намайг улсын өмч зальдаж авах гэж байна гэж хардана. Тиймээс одоо байгаа хэмжээндээ барих хэрэгтэй. Цааш нь дахин нэмэх шаардлагагүй гэдгийг хэлсэн ч аж ахуй нэгжүүд дургүйцсэн.
1992 оны төсвийн зардал 12 тэрбум байсан төсвийн зарлага 2023 онд 22 их наяд болж өссөн байна. Мөнгөний ханшаа тооцоод бодсон ч энэ замбараагүй их өсөлтийг харуулж байна.
2005 оноос эхлэн огцом өссөн. Гэвч нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн ч төрийн мэдлийн мөнгөтэй харьцуулахад юу ч биш. Хувийн бизнес ингэж өсөөгүй. Мөн ДНБ-д эзлэх хувь нь багассан.
Эдгээрээс миний харуулахыг хүссэн зүйл нь ,
Нэгдүгээрт бидний байгуулах гэсэн нийгэм буруу чиглэл рүү хөгжсөн.
Хоёрдугаарт төрийн санхүүжилт ийм байхад авлига хэзээ ч зогсохгүй. Бид ялын бодлогоо чангалж, хуулийн төсөл боловсруулахын үр дүн нь түр зуурынх байна. Систем нь өөрчлөгдөөгүй байхад хулгай дахин гарсаар л байх болно.
ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙ НЭГЖҮҮД ХҮЧТЭЙ УЧИР МИНИЙ ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО
-Тэгвэл төрийн өмчит аж ахуй нэгжүүдээ хувьчлах гэхээр хулгайгаа хийх гээд хувьчлахгүй байна гэж та хэлж байна уу?
-Тийм. Би хувьчилна гэж яриагүй. Төрийн өмчит аж ахуй нэгжүүд хүчтэй учир миний тогтоолыг хүчингүй болгоно. Тиймээс би ядаж одоо байгаа тоогоо битгий нэмээч гэж байхад батлахгүй байна. Учир нь цаана нь маш том мөнгөний төлөөх өрсөлдөөн явагдаж байгаа.
Хувьчилна гэвэл ард иргэд үл итгэх нөхцөл үүснэ. Тиймээс хувьчлах бус хувьцааг нь гаргаж олон нийтийн мэдэлд өгөх нь илүү чухал. Эсвэл одоо байгаа дээрээ нэмж төрийн өмчит ААН байгуулахгүй бай л гэж хүсэж байна.
-ЭТТ компанийн хувьцааг олон улсын бирж дээр гаргаж зарах гэж байсан. Тухайн үед яагаад больсон бэ?
Тэр үед улс төрийн нөхцөл байдал бүрдээгүй.
Баг гаргаад бэлтгэл ажил нь эхэлсэн ч зогсоосон. Үүнийг мэддэг учраас би хамгийн даруухан хүсэлт тавьсан. Миний хүсэлтийн гол санаа нь нийгмийн асуудлыг төрийн өмчит компаниар шийдэж магтуулж сонгуульд ордог энэ сэтгэлгээг өөрчлөх.
Одоогийн байдлаар хэчнээн төрийн өмчит компани байдаг вэ?
Тоо нь баталгаатай гараагүй.
Гэхдээ ашигтай ажилладаг нь аравхан хувь байдаг. Бусад нь тэжээгдээд байж байдаг биз дээ?
Тийм. Мөн төрийн өмчит компанийн хямрал эдийн засагт бүхэлд нь нөлөөлдөг. Нэг төрийн өмчит компани нурахад хэд хэдэн хувийн хэвшил дампуурдаг.
ДОТООДДОО ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛЭЭ САЙН ХАДГАЛАХ ЁСТОЙ
Таны хувьд ойрын хугацаанд хийж болох шийдэл нь юу вэ?
- Нэгдүгээрт төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгох. Бүх хувьцааг нь биржээр арилжиж олон нийтийн болгох нь эдийн засгийн гэнэтийн уналтаас сэргийлнэ.
- Хоёр дахь нь манай стратегийн ордод түшиглэн хувьцаагаа гадаадад арилждаг компаниуд хувьцаагаа манай улсад бас гаргах хэрэгтэй.
- Сүүлийнх нь дахин нэмж төрийн өмчит компани байгуулахгүй байх.
Манай улс нийслэлээ эрчим хүчээр хангах эх үүсвэр барих гэхээр мөнгөгүй гээд байдаг. Засгийн газар баталгаатай бонд гаргаад барьчихаж болдоггүй юм уу?
Улс төрийн тийм шийдэл гаргаж болно. Манай улсад цахилгаан станц барих нөөц байгаа.
Яагаад том төслүүд нь хөдлөхгүй байгаа юм бэ?
Манай улсад нөөц нь байгаа ч үүнд улс төр маш их саад болдог. Тиймээс засаглалаа сайжруулж, бүтээн байгуулалт хийх сан, хуримтлал бий болгох ёстой. Дэлхий тал нь дайтаад эхэллээ. Геополитикийн хурцадмал үед бид юунд бэлэн байх ёстой вэ? Манай улс хоёр хөршөөсөө нэлээн хамааралтай байдаг. Ийм амаргүй цаг үед бид өөрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох замуудыг нээлттэй байлгах ёстой. Хоёрдугаарт арт түмний эрх чөлөө, хүний эрхийг дээдэлсэн энэ тогтолцоог өөрчилж болохгүй. Энэ бол газар нутагтай жишигдэхээр том үнэт зүйл. Үүнийг алдаж болохгүй.
Гуравдугаарт дотооддоо үндэсний эв нэгдлээ сайн хадгалах ёстой. Үүнийг сөрөг хүчингүй, хоорондоо маргалдахгүй байх гэж ойлгож болохгүй. Дотоод эдийн засгийн асуудал дээрээ зад үзэж байх ёстой. Харин гадаад эдийн засгийн асуудалд аль болох эвтэй байх хэрэгтэй. Манай улсын гадаад бодлого яг ийм үед зориулагдан хэрэгжсэн.
-Манай улс гурав дахь хөршийн бодлогыг сайжруулах тусам хоёр хөршөөс дарамт их ирдэг үү?
Хоёр хөрш улс манай гуравдагч хөршийн бодлогод ямар нөлөө үзүүлдэггүй учир манай гуравдагч хөршийн бодлого өдий зэрэгт хүрч хөгжсөн. Зарим төсөл хөтөлбөр гацаж байгаа нь тухайн төслийн асуудлаас болсон гэж ойлгож байгаа. Гэхдээ яг нарийвчилсан мэдээг би мэдэхгүй.
-Та намын хорооны дарга байсан билүү?
Байсан.
Н.УЧРАЛ САЙН ХҮН БОЛОХООР НАМЫН ХОРООНЫ ДАРГААР ТОМИЛСОН
-Учрал гишүүнийг яагаад намын хорооны даргаар томилсон бэ?
Сайн хүн болохоор нь. Би үргэлж дэмждэг. Учир нь Учрал гишүүн залуу, эрчтэй хүн.
-Хүн солигдох ёстой гэж бодсон уу? Та өөрөө маны даргын ажлаа хийж чадахгүй байсан уу?
Би өгье гэж өгсөн. Яагаад гэвэл би тэр албыг таван жил хашсан. Тэр тийм амар ажил биш. Сонгуулиар манай нам их хурлын сонгуульд ялалт байгуулсан ч орон нутагтаа ялагдал хүлээсэн. Гэхдээ орон нутагт ялагдаад хариуцлага хүлээдэггүй ч би хүлээе гэсэн. Сонгуульд ялагдал хүлээж ирчхээд зарим хүмүүс албан тушаал горилоод байсан. Тиймээс хариуцлага хүлээх ёсгүй би хариуцлага хүлээж байхад ялагдсан та нар албан тушаал горилох эрхгүй шүү гэдгийг харуулж бүгдийг нь авч буусан. Үүнээс хариуцлага хүлээдэг соёл тогтоохыг хүссэн.