Р.Эрдэнэбүрэн: Иргэдийн оролцоонд түшиглэн сум суурин газрын шинэчлэл хийгдэнэ
Миний хувьд амьдралдаа хэрэгжүүлэхийг зорьж, тэмүүлж буй ажлын нэг нь орон нутгийн хөгжил, сумын төвийн шинэчлэл. Үүнийхээ төлөө сүүлийн арав гаруй жил ИРГЭДИЙН ОРОЛЦООН ДЭЭР ТҮШИГЛЭН “Сумын төвийн шинэчлэл" төслийг хэрэгжүүлж, 10 аймгийн 30 орчим сумын төвийг шинэчлэхээр эх орноо тойроод ажиллаж явна. Анх 2008 онд сонгуулийн ажлаар Дундговь аймгийнхаа сумдаар тойрч явахад бүх сум гэрэлгүй харанхуй, их хүнд байсан. Тиймээс Туркийн ОУХА-ны газарт төсөл бичиж, санхүүжилтийг нь шийдүүлж, бүх сумын төвийг гэрэлтүүлэгтэй болгосон ч гэрлийн мөнгийг нь төлж чадахгүй байгаа шалтгаанаар жилийн дотор энэ ажил устаж, дууссан. Эндээс би иргэдээ сонсож, хамтран ажиллахгүйгээр ямар ч өртөг өндөртэй ажил санхүүжилтийг нь бүрэн шийдэж, бүтээн байгуулалт хийгдсэн ч үр дүнд хүрэхгүйг ухаарсан юм.
Тэгээд 2014 онд өөрийн төрсөн нутаг Дундговь аймгийн Гурвансайхан сумынхаа иргэдтэй удаа дараагийн “уйгагүй” уулзалт хийж, нэгдсэн ойлголтод хүрч, өөрсдийнх нь оролцоотойгоор өнөөдрийн улсын жишиг сумыг бүтээн байгуулах ажил эхэлсэн түүхтэй. Бид таван жилийн дотор гадаад, дотоодоос нийт 5,5 тэрбум гаруй төгрөг босгож, сумаа шинэчиллээ. Энэ төсөв бол Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй нэг Ерөнхий боловсролын сургуулийн тал мөнгө.
Мөн спорт цогцолбороо 850 сая төгрөгөөр барьсан бөгөөд орон нутгаас 300 сая, Туркийн ОУХА-ны газраас 550 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Ийм хэмжээний спорт заалыг төсвийн 2 тэрбум төгрөгөөр барьдаг. Өнөөдөр манай сумын төвийн 500 өрх бүгд цэвэр, бохир, дулааны шугамд холбогдож хотын айлуудаас дутахгүй тохь тухтай амьдарч байна. Малчдын ихэнх нь сумын төвдөө тохилог сууцтай бөгөөд усанд орох, хувцсаа угаах зэрэг олон ажлаа амар тайван амжуулаад хөдөө гэрлүүгээ явдаг, энэ бол дэвшил. Малчин залуу гэр бүлүүд сургуулийн хүүхдүүдээ хоол унд сайтай, дотроо нойл, душтэй, харуул хамгаалалт, камерын асуудал бүрэн шийдэгдсэн дотуур байранд өгдөг. Тэдний өмнө тулгардаг нэг том асуудал ийнхүү шийдэгдсэн. Сум бүхэлдээ камержиж, аюулгүй байдал бүрэн хангагдлаа.
Энэ бол иргэд сумынхаа шинэчлэлд саналаа өгч, бодитоор оролцож, эцэст нь хянаснаар өөрсдөө үр шимийг нь хүртэж буйн бодит жишээ.
Сумын хөгжлийг дагаад хүмүүсийн шилжилт хөдөлгөөн багассан , чадвартай эмч, багш нар сумандаа үлдэж, хот, аймгаас залуу гэр бүлүүд ажиллаж, амьдрахаар ирж байна. Иргэд нэгнийхээ зөв зүйтэй санааг дэмжиж, нэгдэж амжилттай хэрэгжүүлж, төсөв, зардлыг нь өлхөн босгож, хөрөнгө оруулалт татаж чаддаг боллоо. Тухайлбал сумын мянгаас дээш малтай малчид "Мянгатын сан”-г байгуулж, жилдээ 100 гаруй сая төгрөг сандаа төвлөрүүлдэг. Сангийн мөнгөөрөө сургууль, цэцэрлэгийн анги танхим, эмнэлгийн өрөөг тохижуулж, сум орноо ногоон байгууламжтай болгоход хөрөнгө оруулж, жижиг дунд үйлдвэрийн паркийг санхүүжүүлж бариулсан зэрэг олон сайн үр дүнг хуваалцаж болно.
Өнөөдөр улсын хөгжил баг, сумаас гэж ярьдаг ч яг амьдрал дээр эсрэгээрээ буй энэ асуудлыг шийдэх гарц байна. Улсаас жилдээ орон нутаг руу 4,8 их наядын хөрөнгө оруулалт хийдэг. Үүнийг үр өгөөжтэй болгоход тухайн орон нутгийн иргэдийн сэтгэлгээ, хандлагыг өөрчилж, идэвхитэй оролцуулснаар сумын шинэчлэл яригдана. Түүнчлэн энэ шинэчлэлийг хийхэд сум, аймгийн удирдлага, тэндээс сонгогдсон УИХ-ын гишүүд нэгдмэл ойлголттой, ард иргэдээ гэсэн сэтгэлтэй, орон нутгаа хөгжүүлье гэсэн ижил хүсэл эрмэлзэлтэй байж гэмээн үр дүнд хүрнэ гэдгийг онцолж хэлмээр байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn