Багш нар сурагчдад өгөөжтэй цахим-танхим хосолсон үр дүнтэй сургалтын жишиг стандарт боловсруулна
2024.05.15

Багш нар сурагчдад өгөөжтэй цахим-танхим хосолсон үр дүнтэй сургалтын жишиг стандарт боловсруулна

Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй хэд хэдэн төсөл, хөтөлбөрүүдийн нэг нь “Боловсролын Дэлхийн Түншлэл-GPE” олон улсын байгууллага, Япон улсад төвтэй “Хүүхдийг ивээх сан” зэрэг түншлэгч байгууллагуудын санхүүжилтээр БШУЯ-ны хамтран хэрэгжүүлж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих - EQUAL” төслийн “Хосолсон сургалт” бүрэлдэхүүн юм.

“Хосолсон сургалт” бүрэлдэхүүнийг хэрэгжүүлэх зөвлөх багаар ШУТИС шалгарсан бөгөөд хосолсон сургалтыг туршин нэвтрүүлэхээр зорилтот 50 сургуулийг сонгожээ.

Төслийн зөвлөх баг хосолсон сургалтыг туршин нэвтрүүлэхэд үүсэх хүндрэл бэрхшээл, асуудлууд гарвал засаж сайжруулах чиглэлээр ажиллахаас гадна сайн туршлагад үндэслэн Монгол Улсын боловсролын салбарт цахим-танхим хосолсон сургалтыг хэрхэн үр дүнтэй, сурагчдад өгөөжтэй байдлаар зохион байгуулах жишиг стандартыг боловсруулах ажлыг зорилтот сургуулийн багш нартай хамтран хийх юм.

Өнөөдөр төсөл хэрэгжүүлэгчид нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй дүүрэг, аймгуудаас Булган, Дундговь, Сүхбаатар, Увс, Ховд аймгийн ерөнхий боловсролын 50 зорилтот сургууль бүрээс гурав, нийт 150 багшид “Хосолсон сургалтын үеийн сургуулийн багш нарын заах арга зүйн чадавхыг бэхжүүлэх” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтад хамрагдаж байгаа багш нар хосолсон сургалтын үндэс, онлайн сургалтын интеграцчлал, хувь хүнд чиглэсэн суралцахуй, онлайн харилцаа, цахим үнэлгээ гэсэн үндсэн 5 модуль бүхий сэдвээр мэдээлэл сонсон, БШУЯ-аас хэрэгжүүлж буй Medle цахим контентын сан, Eduten, Pearson хөтөлбөрүүдийг хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж хосолсон сургалтын элементүүдийг эдгээр хөтөлбөрүүдтэй үр дүнтэй хослуулан хэрэгжүүлэх боломжийн талаар туршлага судлах юм байна.

Боловсролын салбарын шинэчлэлийн амин сүнс бол хот, хөдөөгийн сургууль болон хувийн хэвшил, улсын сургуулийн ялгааг арилгах юм. Энэ хүрээнд хөтөлбөрийн, санхүүжилтийн, багшийн хөгжлийн, үнэлгээний, удирдлагын менежментийн, цахим шилжилт гэсэн зургаан шинэчлэлтийг хийхээр бид ажиллаж байна. Шинэчлэл хийгдсэнээр гэр ойрхон сургууль, цэцэрлэг хамгийн сайн байх боломж бий болно гэдгийг хэллээ. Мөн сургалтаар олж авах шинэ мэдлэг, ур чадвараа ашиглан өөр өөрсдийн заадаг хичээлүүдээсээ тодорхой хичээл, сэдэв сонгож, ирэх хичээлийн жилийн эхний улирлаас эхлэн туршин нэвтрүүлж, сайн туршлагаа бусдадаа түгээн дэлгэрүүлэхийг хүслээ.

“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих - EQUAL” төсөл хэрэгжүүлэгчид зорилтод 50 сургууль бүрд ухаалаг дэлгэц, суурин компьютер, chromebook бүхий тус бүр хоёр цахим танхим тохижуулж өгсөн. Мөн төсөл хэрэгжиж буй сургууль бүрээс сургалтад хамрагдахаар ирсэн 150 багшид сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай иж бүрэн зөөврийн компьютер өгсөн юм.Эдгээр багш нар өөрсдийн сурсан мэдсэнээ бусдадаа зааж дэлгэрүүлэх сургагч багш нар болно.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан