ХӨВСГӨЛ АЙМГИЙН МАТЕМАТИКИЙН БАГШ НАРЫН УУЛЗАЛТААС...
Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад 2023-2024 оны хичээлийн жилд 2602 математикийн багш ажиллаж, хүүхэд багачуудыг тооны ухаанд сургах сургалт, үйл ажиллагааг удирдан чиглүүлж байна.
Тэдний 43 нь зөвлөх зэрэгтэй, Хөвсгөл аймагт зөвлөх зэрэгтэй математикийн 2 багш байна. Үүнээс гадна математикийн багш мэргэжилтэй захирал, сургалтын менежер - зөвлөх зэрэгтэй 3 хүн Хөвсгөл аймагт байна.
Монгол улсын Ардын багш математикийн Ж.Нямжав Хөвсгөл аймгийн нийт математикийн багш нартаа маш том өмөг түшиг болдог гэдгийн онцлон хэлье. Монгол Улсын Засгийн газраас 2022 оноос эхлэн багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах зорилгоор хувьсах зардлын бүрэлдэхүүнд багшийн мэргэжил дээшлүүлэх зардлын бүрэлдэхүүнийг баталж, 2022 онд математикийн багш нарынхаа хэрэгцээнд суурилсан 8 модуль сургалт зарлаж давхардсан тоогоор 4165 багш хамрагдсан бол 2023 онд 6 модуль багш нарт санал болгож, нийт 2106 багш эдгээр модулиас сонгож амжилттай суралцаж, мэргэжил арга зүйн ур чадвараа хөгжүүлэхэд ахиц гаргасан байна.
Улсын хэмжээнд математикийн багш нарын судлагдахуунд суурилсан 30 мэргэжлийн хөгжлийн бүлэг багш нарт тулгамдсан асуудалд үндэслэн аймгийн БШУГ, дүүргийн БХ-ийн мэргэжилтний чиглүүлэгт зангидагдан байгуулагдаж, сургууль бүр дээр 1-3 дэд бүлгүүд ажиллаж байна. Эдгээр мэргэжлийн хөгжлийн бүлгүүдийн 206 сайн туршлагын сан одоогоор бүрдээд байна. Эндээс 15 МХБ-ийн туршлагыг “Багш солилцооны хөтөлбөр”-өөр дамжуулан хуваалцсан бөгөөд, Багш.мн платформ ашиглан түгээн дэлгэрүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.
Бид цаашдаа математикийн сургалтын хөтөлбөр, агуулгаа орчин үеийн сурагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлж, шинэчилж сайжруулах, технологийн дэвшил шийдлийг сургалтад илүү нэвтрүүлж, хүүхэд бүр сонирхолтой, идэвхтэй, айдасгүй, нулимсгүй сурах шийдлийг нэвтрүүлэх нь чухал юм.
Японы 8 дугаар ангийн математикийн хичээлийн сурах бичиг дээрх бодлогод дүн шинжилгээ хийж үзэхэд 54 хувь нь бусад хичээлийн агуулгатай интеграц хийсэн, бодит амьдралтай холбоотой байна гэсэн дүгнэлт гарсан байна.
1999 онд хийгдсэн нэгэн судалгаанаас харахад 8 дугаар ангийн хүүхдүүдийн бодож буй бодлогуудын төрлийн судалгаагаар математикийн хичээлээр бодож байгаа бодлогуудын БУСАД АГУУЛГАТАЙ ХОЛБООТОЙ бодлогуудын эзлэх хувь хамгийн багадаа 15 байсан байна. Манай улсын хувьд 2-3 хувь байна. Үүнийг өсгөхөд багш нарын санаачилга, хувь нэмэр маш чухал. Агуулга арга зүйн шинэлэг шийдэл гаргасан бол, гаргахыг хүсэж байгаа бол математикийн арга зүйн чиглэлээр доктор хамгаалсан, Отгонтуяа гээд мэргэжилтэн Боловсролын ерөнхий газарт ажиллаж байгаа. Та бүхэн холбогдоод хамтраад ажиллаарай.