Эмийн жор цахимжлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй программ хангамж үйлдвэрлэгч ААН-тэй хамтран ажиллаж, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг бодит цагийн горимд нэгтгэх нөхцөлийг бүрдүүлж, үндсэн систем “ХУР”-тай холбогдон, иргэний зөвшөөрлөөр эрүүл мэндийн байгууллага хооронд эрүүл мэндийн мэдээллийг дамжуулах боломжтой боллоо.
Мөн Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем И-Монгол-д эрүүл мэндийн нэн шаардлагатай дараах 7 төрлийн тусламж, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн, 5-р сарын 4-өөс өмнө бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.
- ЭМИЙН ЖОР
- ДҮРС ОНОШИЛГООНЫ ДҮГНЭЛТ
- ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ
- ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАРИЛГЫН ГЭРЧИЛГЭЭ
- АМБУЛАТОРИОР ЭМЧЛҮҮЛЭГЧДИЙН КАРТ
- ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙН ХЯНАЛТЫН ХӨТӨЧ КАРТ
- ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭВТЭР
Эдгээр үйлчилгээнээс өнөөдөр эмийн жорыг бүрэн цахимжууллаа. Өнгөрсөн хугацаанд эмийн жорыг цаасан дээр гаргац муутай бичсэнээс нь болж буруу эм өгсөн тохиолдлууд байдаг. Мөн хуурамч эмийн жор бичиж, мансууруулах төрлийн эм авсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болсон.
Тиймээс Монгол Улсад хэрэглэдэг бүх эмийн жорыг цахим хэлбэрт шилжүүлэн иргэн өөрт бичигдсэн эмийн жорын түүхийг харах, дохионы хэлмэрч болон AR технологиор дамжуулан бүхий л эмийн заавартай танилцах, эмийн гаж нөлөөг өөрөө бүртгэж, эрх бүхий байгууллагад шууд мэдээлэх боломжийг бүрдүүллээ.
И-Монголиа системийн “Эмийн жор” хэсэг рүү ороход жороор бичигддэг болон хөнгөлөлттэй эмийн жагсаалт харагдана. Эмчийн танд бичиж өгсөн эмийн жор И-Монголиа системд шивэгдэж, үүнийг эмийн санчид үзүүлж авах боломж нээгдэж байна. Эмийн жорын мэдээлэл нэг жил архивлагдаж, хадгалагдах юм. АНУ-д хийгдсэн хэрэглэгчдийн дундах сүүлийн үеийн судалгаагаар үйлчлүүлэгчдийн (72%) нь цахим жор бичүүлж авахыг илүүд үзсэн байна. Учир нь АНУ-ын FDA-ийн мэдээлснээр 2010 оноос хойш гараар бичсэн жороос үүдэлтэй 95 000 гаруй алдаа бүртгэгдсэн. Тэдгээр нь жорыг гаргацгүй бичсэнээс үүдэн ижил төстэй нэртэй эмийг сольж өгсөнтэй холбоотой алдаа байсан байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn