“Ухаалаг засаг – 2” төсөл албан ёсоор эхэллээ
2024.02.22

“Ухаалаг засаг – 2” төсөл албан ёсоор эхэллээ

2015-2022 онуудад Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг – 1” төсөл МУ-д хэрэгжиж өнөөгийн цахим шилжилтийн ололт амжилтын суурь болсон олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж бодитой үр дүнд хүрсэн.

2023 оны 9 дүгээр сард Эстони улсад зохион байгуулагдсан “Нээлттэй засаглалын түншлэл”-ээс Монгол Улс хүндэт өргөмжлөл хүртэж, мөн ердөө долоохон хоногийн өмнө АНЭУ-д болсон Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтаас Монгол Улсын Засгийн газар “Global Government Excellence Award” шагнал хүртсэнд “Ухаалаг засаг - 1” төслийн хувь нэмэр, үр дүн их.

Дэлхийн банкны Хятад, Монгол болон Солонгос улсыг хариуцсан захирал Мара К.Уорвик болон Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжиж буй “Ухаалаг засаг - 2” төслийн удирдагч хадагтай Женнифер Гүй тэргүүтэй төлөөлөгчид Moнгол улсад ажиллаж байна.
Учир нь бид “Ухаалаг засаг – 2” төслийг оролцогч талуудын хамтаар эхлүүлж байна.

  • Цахим эдийн засгийг хөгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх
  • Цахим шилжилтийн дэд бүтцийг сайжруулах
  • Цахим шилжилтийн эрх зүйн орчныг бүрдүүлэх гэсэн үндсэн 3 чиглэлд 45 төсөл арга хэмжээг МУ-ын Засгийн газар, ЦХХХЯ, Дэлхийн банк, оролцогч талууд хамтран хэрэгжүүлнэ.

Төрийн бүх шатны байгууллагын цахим шилжилтийн суурь орчныг бүрдүүлж, байгууллага хоорондоо болон, төр иргэнтэйгээ цахимаар харилцах боломжийг бий болгоно. Хүн төвтэй, иргэндээ ээлтэй төрийн үйлчилгээний стандартыг хэвшүүлнэ.

Tөрийн цахим үйлчилгээний суурь зөөлөн дэд бүтэц болох үндсэн болон дэмжих систем (ХУР, ДАН)-ийг өргөтгөн хөгжүүлж, дундын үүлэн шийдлийг нэвтрүүлнэ. Үндэсний дата төвийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Цахим технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орчинд үйл ажиллагаа эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн тоон бичиг үсгийн мэдлэг, практик түвшний ур чадварыг дээшлүүлнэ.

Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ залуучууд, ахмадууд, эмэгтэйчүүдийн оролцоог түлхүү хангана.
Бидэнд цахим шилжилтээр ОУ-д үнэлэгдэх бодит боломж, чадамж бий. Цахим шилжилт бол ирээдүйн хөгжлийн шийдэл. Өнгөрснөөс хуримтлагдсан, одоод тулгамдсан аливаа асуудал бэрхшээлийг цахим шийдэл, технологийн хүчээр шийдвэрлэнэ.

Гагцхүү бид олон нийтийн оролцоо, төр хувийн хэвшлийн түншлэл, ойлголцол, итгэлцлийг хангах учиртай. “Ухаалаг засаг – 2” төслийн оролцогч талуудад амжилт хүсье! Хариуцлагатай, тууштай, үр дүнтэй байж өндөр хурдаар өөдрөг маргаашийг бүтээцгээе!

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn