Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн өдөр сансрын туршилтын бөмбөлөг хөөргөлөө
2024.03.21

Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн өдөр сансрын туршилтын бөмбөлөг хөөргөлөө

Монгол улсад дэлхийд анх удаа Сансрын бөмбөлгийн чуулга уулзалт Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байна. Япон болон Монгол улсын эрдэмтэн судлаач нар хамтран Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн өдөр хоёр сансрын бөмбөлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн байт харвааны талбайгаас хөөргөсөн юм.

Монгол улсын өргөргийн дагуу сунан тогтсон газарзүйн байршил нь сансрын бөмбөлгийг хөөргөж, судалгааны дээжийг аюулгүй, өөрийн газар нутаг дээр буулгах ач холбогдолтой юм. Түүнчлэн Монгол улсын хүн амын суурьшлын сийрэг байдал, өргөн уудам газар нутаг нь дэлхийн бусад улс оронтой энэ салбарт өрсөлдөх давуу тал болдог.

Ерөнхий зохион байгуулагч Монголын Сансрын Судалгаа, Хөгжүүлэлтийн Төвөөс гүн хөлдөөж хатаасан хүнсний бүтээгдэхүүний дээжийг уг бөмбөлөгтэй хөөргөсөн юм. Нян судлалын болон хоол хүнсэнд үзүүлэх цацраг идэвхт бодисын нөлөөг судалж, Марсын аналог хоол хүнсний хөгжүүлэлтийг сайжруулах зорилготой.

Сансрын бөмбөлгийн чуулга уулзалт жил бүр Монгол улсад зохион байгуулагдах бөгөөд цаашид олон орны оролцогчдыг хамруулахаар төлөвлөөд байна. Эрдэмтэн, судлаач, оюутан, залуустаа амжилт хүсье.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn