Хилийн Цэргийн 0252 дугаар анги үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байна
2023.09.16

Хилийн Цэргийн 0252 дугаар анги үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байна

Xилийн цэргийн 0252 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн, тус ангид ажиллаж байгаад чөлөөнд гарсан офицер, ахлагч нар, үе үеийн ахмад хилчид та бүхэндээ Монгол Улсын хил хамгаалах байгууллагын түүхт 90 жил, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн Цэргийн 0252 дугаар анги үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн баяр өнгөрөгч амралтын өдрүүдэд тохиолоо. Баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир оролцож түүхэн он жилүүдэд алба хааж байсан ахмадууд болон одоо албаа хааж буй хамт олонд баяр хүргэлээ.

Хилийн инженерийн 0252-р анги нь Монгол Улсын хилийн бүрэн бүтэн байдлыг хангах онцгой нөхцөлтэй тусгай үүрэг биелүүлэхээр үүсэн байгуулагдсанаас хойш 50 жил, 1984 онд Багануур дүүрэгт шилжин ирснээс хойш 40 жилийн баялаг түүхийг бүтээсээр иржээ.

Үе үеийн хилчид хугацаат цэргийн алба хаагчдынхаа хамтаар улсын хилийн шугамыг дайран гарсан төмөр зам, авто зам, газрын тос, хий дамжуулах хоолой, холбоо, цахилгааны шугам, гүүр, усны далан, хашлага болон бусад байгууламж, хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, улсын хил хамгаалалтад дэмжлэг үзүүлэх зориулалт бүхий саад, мөр хянах зурвас, зам, гүүр, хянах цамхаг, холбоо, дохиолол хяналтын техник хэрэгсэл, замын хаалт болон бусад байгууламжийг барьж байгуулах үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байна.


Улс орныхоо батлан хамгаалах салбараа бэхжүүлэх талаар явуулж байгаа төрийн бодлогыг тууштай дэмжиж хилийн цэргийн инженерийн салбараа улам бүр бэхжүүлэх зорилт тавьж, инженерийн нарийн шийдэл бүхий ажлуудыг амжилттай шийдвэрлэн инженерын цэргийг орчин үеийн зэвсэг техник хэрэгслээр шат дараатайгаар хангах, инженерийн барилга байгууламжийг сайжруулах, шинэ техник, технологийг нэвтрүүлэх хил хамгаалалтыг олон улсын түвшинд хүргэх нь энэ хамт олны  өмнө тулгарч байгаа эрхэм зорилго юм.


Монгол Төрийн сүлд мөнх оршиж, Монгол цэргийн суу алдар мандан бадраг.