2023.09.01

Хүний эрхийн боловсролыг хүүхэд бүрд...

Хүүхдэд бага наснаас нь хүний эрхийн боловсрол олгосноор эрх, үүрэг, хариуцлагаа ухамсарласан "ЗӨВ" иргэн болж төлөвшдөг. Нэг ёсондоо сургуулийн боловсрол эзэмшиж байх явцад хүний эрхийн мэдлэг, ойлголттой болох нь нэг нэгийнхээ эрхийг зөрчихгүй байх улмаар биенээ хайрлах, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх гэхчлэн олон давуу талтай.

Тиймээс хичээлийн шинэ жилийн анхны өдөр буюу өнөөдөр Их, дээд, Политехникийн коллеж болон Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагуудад суралцагч хүүхдүүдэд хүний эрхийн тухай хичээлийг үндэстний хэмжээнд заах ажлыг ХЭҮК-оос зохион байгуулж байгаа билээ. 

НҮБ-ААС 1948 ОНЫ 12 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛЫГ БАТАЛЖ, ХҮНИЙ ЭРХИЙГ ХҮН БҮРД ТӨРӨХӨӨС ЗАЯАГДСАН, САЛШГҮЙ БӨГӨӨД ТҮГЭЭМЭЛ БОЛОХЫГ БАТАЛГААЖУУЛСАН БАЙДАГ

Тодруулбал, Хүний Эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан 2023-2024 оны хичээлийн жилийн эхний өдөр Тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл заахыг бүх шатны боловсролын байгууллагад уриалсан. Уг уриалгад дараах Их, дээд, Политехникийн коллеж болон Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагууд нэгдэхээ ч илэрхийлсэн.

Хүний эрхийн хичээл нь зөвхөн нэг удаад ороод өнгөрөх бус цаашид албан боловсролын тогтолцоо буюу сургалтын хөтөлбөр, агуулгад хүний эрхийн мэдлэг ойлголт, хүний эрхийн боловсролыг шингээх асуудлаар ХЭҮК-ийн зүгээс 2008 оноос эхлэн ажиллаж буй.

ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛЫН ЗҮЙЛ, ЗААЛТ БҮРИЙГ ТАЙЛБАРЛАН, ТАНИУЛСАН ХИЧЭЭЛИЙГ ҮНДЭСТНИЙ ХЭМЖЭЭНД ЗААНА

Ингэхдээ жил бүр УИХ-д өргөн барьдаг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-д тусган бодлогын түвшинд шийдвэр гаргуулахаар эрчимтэй ажиллаж байна.

Түүнчлэн албан болон албан бус боловсролын тогтолцоонд “Хүний эрхийн боловсрол” зайлшгүй байх ёстойг бүх нийтээр хүлээн зөвшөөрүүлэх, бодлого, сургалтын хөтөлбөр, агуулгад нийцүүлэн бүх шатны боловсролын байгууллагад оруулахад чиглэсэн олон олон ажлууд хийгдсээр ирсэн цаашид ч хийгдэх болно гэдгийг ХЭҮК-оос мэдээллээ.