Х.Болорчулуун: Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос бүрдүүлэх боломж байна
2023.08.29

Х.Болорчулуун: Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос бүрдүүлэх боломж байна

Энэ жилийн ургацын урьдчилсан балансыг танилцуулахаар Улсын ургацын комисс өнөөдөр хуралдаж мэдээлэл өглөө.

2023 онд улсын хэмжээгээр 369.3 мянган га-д үр тариа, үүнээс 345.4  мянган га-д улаанбуудай, 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо, 89.3 мянган га-д малын тэжээл, 131.7 мянган га-д тосны ургамал, 7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 629.6 мянган га-д тариалжээ.

Ургацын урьдчилсан балансаар 501 мянган үр тариа хураах төлөв гарчээ. Үүнээс

  • Улаанбуудай 472.2 мянган тонн,
  • Төмс 165 мянган тонн,
  • Хүнсний ногоо 165.7 мянган тонн,
  • Ургамал 64.8 мянган тооны,
  • Малын тэжээлийн ургамал 225.6 мянган тонн
  • Жимс жимсгэнэ 5 мянган тонн тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан байна.

Урьдчилсан балансаас үзвэл улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны  81.3 хувийг дотоодын ургацаас бүрдүүлэх боломж байгаа аж.

  • Мөн улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 70 мянган тонн буюу 17 хувь
  • Хүнсний ногооны үйлдвэрлэл 25.7 мянган тонн буюу 18.3 хувь
  • Малын тэжээл 67.2 мянган тонн буюу 42.4 хувиар өсөхөөр байна гэж тооцоолжээ.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд, Ургацын комиссын дарга Х.Болочулуун "Газар тариалангийн бүсүүдэд цаг агаар тааламжтай, хур тунадас дунджаас ахиу орсон болохоор таримлын өсөлт сайжран, болц жигдэрч ургацын хэмжээ, чанарт эергээр нөлөөлөхөөр байна. Гэхдээ ургацаа савандаа хийж байж санаа амрах ёстой. Намрын нэг өдөр ч үнэтэй байдаг тул ургац хураах, бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа дарга нар маш хариуцлагатай ажиллах шаардлагатай. Даалгасан ажлуудыг цаг алдалгүй биелүүлж, иргэд тариаланчдад мэдээлж байх хэрэгтэй байна" гэв.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын хоёр дахь 10 хоногийн эцсээр тариалангийн бус нутгаар хур тунадас, нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулах үүднээс зам, гүүрийн эвдрэл гэмтлийг шуурхай, засварлах, шатахуун түлшний нөөц бэлдэх, ургац хураалтад оюутан, сонсогчид, иргэдийг ажиллуулах боломжийг хангах чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудад үүрэгдлээ. 

Мөн есдүгээр сарын 15-н гэхэд улаанбуудайг хурааж дуусгах тул мал, амьтны хөлөөс хамгаал шаардлагатайг онцлов.

Улаанбуудайн үр, технологийн шинэчлэл хийсний үр дүнд нэгжийн ургац өнгөрсөн жилтэй харьцуулахад 3.8 цн/га-аар буюу 30 гаруй хувиар нэмэгдэх төлөв гарсан ажээ.

Харин Увс, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай зэрэг аймгуудад зуны эхэн үед хур тунадас бага орж гандуу байсан, мөндөрт цохиулах зэргээр байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр ургамлын өсөлт хөгжилт саарч, ургацын болц жигд бус, ургацын хэмжээ өмнөх жилүүдээс харьцангуй буурахаар байгаа юм байна.