Бизнес эрхлэгчдэд учруулах дарамтыг багасгана
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”,хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2016.11.15) өргөн барилаа.
Манай улс Дэлхийн худалдааны байгууллагад 1997 онд гишүүнээр элсэж, “Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр”, “Гарал үүслийн дүрмийн тухай хэлэлцээр”-т нэгджээ.
Монгол Улсын Их Хурал 2008 онд “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль”-ийг баталж, 2015 онд өөрчлөлт оруулсан байна. Хуулийн зарим заалт дээрх олон улсын хэлэлцээрүүдтэй зөрчилдөж байгаа аж. Тухайлбал Монгол Улс импортын бараанд “Нэн тааламжтай тариф” ногдуулахын тулд барааны гарал үүслийн гэрчилгээ шаардаж, гэрчилгээгүй тохиолдолд тарифыг хоёр дахин нэмэгдүүлж байгаа нь Хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ зөрчиж, барааны гаалийн бүрдүүлэлтийн хугацаа болон зардлыг нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдэд дарамт учруулах нөхцөлийг бий болгож байна.
Тиймээс Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг нийцүүлэх зорилгоор эхний хуулийн төслийг боловсруулсан байна.