2023.06.22
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.22/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын нэр бүхий гишүүд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжлээ.
Монгол Улсын жил жилийн төсвийн хууль тогтоомжийг батлуулах явцад үүсдэг хүндрэл нь өрийн тааз, өрийн хэмжээний талаар ихээхэн асуудал яригддаг ч Өрийн удирдлагын хууль тогтоомж болон төсвийн хууль тогтоомжид өрийг хэрхэн үүсгэх бодлогыг яг бодитой тодорхойлоогүй байна. Хүчин төгөлдөр хууль тогтоомжийн зохицуулалт нь авсан зээл, тусламжийг хэрхэн үр дүнтэй зарцуулах асуудал ярьдаг ч анх авахдаа ямар зорилгоор өр үүсгэх ёстой талаарх бодлогыг хуульд тодорхой тусгаагүй нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчих нөхцөл болж байна.