Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ж.Батжаргал нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хот доторх суудлын автомашин ашиглахыг зөвшөөрөх байгууллагуудад мал эмнэлгийн ерөнхий газар хамрагдах эсэхийг тодруулахад Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн 6.5.12-т “үндсэн үйл ажиллагаа нь тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл ашиглах хэрэгцээ, шаардлагыг бий болгодог бусад байгууллага” гэсний дотор шүүх, прокурор, мал эмнэлгийн ерөнхий газар орох бололцоотой гэж томьёолсон гэж байлаа.
Үргэлжлүүлэн гишүүдийн зүгээс хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг төслийн 13.4.1 дэх заалтаас “ногоон байгууламж” гэснийг, төслийн 13.4.2 дахь заалтыг бүхэлд нь хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийн 6 дугаар заалтад “мал эмнэлэг” гэж нэмэх, төслийн 13 дугаар зүйлийн 13.4.3 дахь заалтаас “шинэчлэл хийх” гэснийг, мөн 13.4.6 дахь заалтыг бүхэлд нь хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов