Ц.Идэрбат: Төр цахимжих нь аливаа албан тушаалын гэмт хэргээс сэргийлнэ
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2023.06.07/ хуралдлаа. Хуралдаанаар Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
"Цахим болох нь мэдээллийг ил тод болгож, албан тушаалын гэмт хэргийг зогсооход чухал. Өнгөрсөн удаад чуулганы хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг баталсан. Үүнд төрийн байгууллагууд шийдвэрээ байршуулахгүй, хойрго байгаа тухай мэдээлэгдэж байсан. Энэ ажил юу болсон бэ?
Мөн хууль хэрэгжээд төрийн тодорхой албан тушаалтны шийдвэр нийтэд ил тод болоход энгийн иргэдэд хэр хүртээмжтэй болгох вэ? Арилжааны банкууд цахим баримт бичгийг хүлээн зөвшөөрөхгүй хүндрэл учирдаг, нотариат бас байна. Үүнийг хэрхэн хүлээн зөвшөөрөх вэ?
Төв суурин газар 4G нэвтэрсэн. Малчид ард нь үлдээд байна. интернэтийг улс орон даяар нэвтрүүлэхэд хэрхэн анхаарч байгаа вэ?"
Түүний асуултанд ЦХХХ-ны сайд Н.Учрал хариуллаа.