2023.05.23
“Баянгол бизнес инкубатор” төв хяналтын камертай боллоо
Иргэн С.Мишиг Хархорин захын гадна талбайд “Баянгол бизнес инкубатор төв”-ийг байгуулж, тус төвд 130 гаруй иргэн худалдаа эрхэлж, амьдралаа залгуулж байна.
Тэдний зүгээс тухайн орчинд хулгайн гэмт хэргээс сэргийлэх зорилгоор хяналтын камер суурилуулж өгөх талаар дүүргийн ИТХ-д удаа дараа хандаж байсан.
Тэгвэл Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа болон зөвлөлийн гишүүд “Баянгол бизнес инкубатор төв”-д ажиллаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өргөн өнцгийн, дуу дүрсний нягтаршил сайтай, өдөр шөнө өнгөт, сүүлийн үеийн шинэ загварын хяналтын камерыг хүлээлгэн өглөө.
Хяналтын камерыг байршуулснаар Хархорин захын гадна орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил буурахад чухал хувь нэмэр болно.
“Баянгол бизнес инкубатор төв” нь одоогоор 24 хяналтын камертайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Хяналтын камер байршуулснаар 2021 оноос хойш гэмт хэрэг, зөрчил эрс буурсныг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн талаар “Баянгол бизнес инкубатор төв”-ийн захирал С.Мишиг хэлж байлаа.