Ж.Ганбаатар: Иргэдэд жилд 2-3 сая төгрөгийн ногдол ашиг өгдөг болохын төлөө Засгийн газар ажиллаж байгаа
"Эрдэнэс Тавантолгой"-н Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж иргэдэд ногдол ашиг тараах, эсэх шийдвэрийг гаргана.
Энэ жил компани ашигтай ажилласан болохоор иргэдэд ногдол ашиг тараах боломж үүссэн. Гэхдээ эхний ээлжид иргэдэд ногдол ашиг тараахаас илүү нүүрс угаах үйлдвэр барих шаардлагатайг Засгийн газраас томилсон онцгой бүрэн эрт төлөөлөгч Ж.Ганбат хэлж байгаа.
Тэгвэл ногдол ашиг тараах асуудал дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатараас тодруулахад “Уул уурхайн яамны хувьд 1072 хувьцааны ногдол ашиг тараах цаг болоогүй гэсэн байр суурьтай байгаа. Яагаад гэхээр нэгд, компанид онц байдал тогтоосон байгаа. Хоёрт, компани ашигтай ажиллаж байгаа ч нөгөө талдаа маш их өртэй. Тиймээс өнөөдөр хуралдах ТУЗ-ийн шийдвэрийг л харна. Түүнээс бид хажуунаас нь улс төрийн шийдвэр гаргахгүй.
Харин цаашдаа онц байдал цуцлагдсаны дараа ногдол ашиг тараах асуудлыг ярьж болно. Онц байдал зарлана гэдэг компанийн үйл ажиллагааг засах гэж байна гэсэн үг. Дөнгөж засах гэж байж дахиад л ийм асуудал гаргаад байж болохгүй. Уг нь 1072 хувьцааны ногдол ашиг гэж 100, 100 мянган төгрөг биш хоёр, гурван сая төгрөг авдаг байх ёстой. Үүний төлөө л онц байдал зарласан. Үүний төлөө хулгайг ил болгосон, Эрдэнэс Тавантолгой сайжирч байгаа. Үйл ажиллагаа нь сайжраад жил бүхэн хоёр, гурван сая төгрөг авдаг болохын төлөө л Засгийн газар ажиллаж байгаа. Түүнээс 100 мянган төгрөг өгөөд л байвал энэ компани сайжрахгүй. Угаах үйлдвэрээ бариад, бусад үйл ажиллагаагаа сайжруулахын хэрээр компани ашигтай ажиллана” гэсэн юм.
Дашрамд дурдахад, "Эрдэнэс Тавантолгой" ашигтай ажиллаж байгаа хэдий ч 3.4 их наяд төгрөгийн өртэй. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” энэ сард 420 тэрбум төгрөгийн дотоодоос босгосон бондын төлбөрийг төлнө. Мөн 2022 оны гуравдугаар сард урьдчилж авсан 603 сая ам.доллар байна. Үүнээс 180 гаруй сая ам.долларын өрийг барагдуулсан бөгөөд үлдсэн 430 орчим сая ам.долларын өрийг төлөх ёстой. Энэ жил нийт 420 тэрбум бондын өр, үүн дээр 430 орчим сая ам.долларыг нүүрсээр төлөх аж.