ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяад Хүний эрхийн тайланг гардууллаа
2023.04.24

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяад Хүний эрхийн тайланг гардууллаа

АНУ-ын Төрийн департамент жил бүр улс орнуудын хүний эрхийн төлөв байдлын талаар тайлан гаргадаг бөгөөд тус тайланг тухайн улс орны хүний эрхийн үндэсний байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгэм, судлаачдаас цуглуулсан мэдээлэлд үндэслэн боловсруулдаг юм.

Дээрх тайлантай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн ажилтан, хатагтай Кристи Дохертиг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр хатагтай К.Дохерти тус тайлангийн Монгол Улсын талаарх бүлгийг Комиссын гишүүн Г.Нарантуяад гардуулсны зэрэгцээ тайлангийн агуулгад холбогдох үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаал, цуглаан хийх эрхийн эрх зүйн орчин болон хэрэгжилтийн асуудлаар мэдээлэл солилцов.

Комиссын гишүүн Г.Нарантуяа АНУ-ын төрийн департаментаас гаргадаг тус тайлан нь хүний эрхийн индекс, индикаторуудыг боловсруулдаг олон улсын судалгааны байгууллагуудад чухал эх сурвалж болдгийг тэмдэглээд цаашид тус тайланг боловсруулахдаа Монгол Улсын соёл, уламжлал, нийгэм, эдийн засгийн онцлогоос үүдэлтэй хүний эрхийн өвөрмөц байдлыг харгалзаж, тухайлан тусгаж, дүгнэх нь тус тайлангийн агуулга, ач холбогдол бодитой болоход тустайг онцоллоо.

Түүнчлэн уулзалтын үеэр шүтэх, эс шүтэх эрх чөлөөний хүрээнд эрх зүйн орчинд шинэтгэл хүлээгдэж буйг хөндөж, цаашид Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль шинэчлэгдэх хүртэл шашны байгууллагыг бүртгэхтэй холбоотой асуудлыг тусгайлан журам гаргаж зохицуулах боломжийн талаар санал солилцов.